“Юнитэл Юнитэл” нэртэй фэйсбүүк хаягаас “uniteliin 25gb datatai boloh arga zaaj ogno, Uniteliin 20gb data avah arga zaaj ogno ok gej bicheerei, юнитэлийн зөвхөн дараа төлбөрт хэрэглэгчид 50GB дата үнгүй авах бол ок гэж бичээрэй” гэх мэт тайлбартай постуудыг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш “Халамж ба хүүхдийн мөнгө”, “UNITEL / ЮНИТЕЛ ХЭРЭГЛЭГЧДИЙН НЭГДСЭН ГРУПП” зэрэг олон гишүүнтэй группүүд рүү оруулсаар байна.
Хаягийг нягтлах
Мэдээлэл оруулсан хэрэглэгчийн хаяг “Юнитэл Юнитэл”, host name нь “facebook.commuushig.muushig.3114” байна.
Тус хаягийг анх 2020 оны 07 дугаар сарын 01-нд нээсэн ба, Монголын үүрэн холбооны оператор Юнител корпорацийн лого бүхий зургийг профайл зургаа болгожээ. Оруулсан пост, хуваалцсан мэдээллүүдийн хувьд олон нийтэд нээлттэйгээр оруулсан постгүй, харин ихэвчлэн энтертайнмент богино бичлэгүүдийг хуваалцсан байдалтай байна. Тухайн хаягийн эзнийг тодорхойлж болохуйц ямар нэг тодорхой мэдээлэл өөрөөр байхгүй байгаа юм.
Тухайн хаягийг баталгаатай эсэхийг мэдэх боломжгүй үед агуулгаар хайж, эх сурвалж, холбогдох хууль тогтоомж, баримт бичгүүдээс тодруулж нягтлах шаардлагатай.
Агуулгыг нягтлах
Энэхүү хаяг нь Юнителийн утасны дугаартай хүмүүст дата үнэгүй авах аргыг зөвхөн хувь чатаар зааж өгөх нөхцөл тулгаж, сэтгэгдэл бичсэн хүмүүсийн утасны дугаарыг авч байна. Хамгийн сүүлд буюу 10 дугаар сарын 25-ны өдөр “Халамж ба хүүхдийн мөнгө” нээлттэй группт оруулсан ижил тайлбар бүхий пост нь 50 реакц авч, постны доор 269 хүн “ок” гэсэн сэтгэгдэл бичиж, зарим нь утасны дугаараа хамт бичиж үлдээжээ. Эдгээр сэтгэгдэл бичсэн хүмүүсийн дунд үнэгүй датагаа авсан гэх сэтгэгдэл огт байхгүй, харин “Худалаа юм байнлээ шүү нууц кодыг чинь авах гэж бн, худлаа шүү хүмүүсээ таны утас руу чинь нэвтэрч ороод нэгж авна шүү” гэхчлэн бусдадаа анхааруулсан хэд хэдэн сэтгэгдэл байгаа юм.
Үүрэн холбооны оператор Юнител корпорацийн албан ёсны фэйсбүүк хуудас нь “Unitel” нэртэй ба шалгаж буй постод дурдсан шиг дараа төлбөрт хэрэглэгчдэд 50GB дата үнэгүй бэлэглэхтэй холбоотой ямар нэг урамшуулал зарлагдаагүй, албан ёсны мэдэгдэл байхгүй бөгөөд unitel.mn вебсайтын “Урамшуулал” цэсэд ч мөн ийм мэдээлэл үгүй байна.
Шалгаж буй хаяг нь хүмүүст үнэгүй дата бэлэглэх мэтээр хүмүүсийн дугаарыг авч цуглуулан, тэрхүү дугаараар тухайн хүний утас руу нууц үг илгээж, фэйсбүүк хаяг руу нэвтрэх, цахим мэдээллийг тань хулгайлахыг завдаж байж болзошгүй юм. Олон хүнтэй группүүдэд, нэг постоо байнгын давтамжтай оруулж буй тус хаягт холбоо барих хаяг, байршил, утасны дугаар байхгүй, түүнчлэн томоохон компанийн нэрийг барьж пэйжээ нээхдээ үг, үсгийн алдаатай бичсэн, сэтгэгдэл бичсэн хүмүүст зөвхөн чатаар харилцах нөхцөл тулгасан зэрэг цахим залилангийн шинж чанаруудыг агуулсан байгаа учир цахим хэрэглэгч та хувийн мэдээлэл, утасны дугаараа тухайн этгээдэд өгөхгүй байж, хөрөнгө санхүүгээрээ хохирохоос сэргийлээрэй.