2021 оны зургадугаар сарын 9-нд БЗД-ийн 26 дугаар хорооны санал хураах нэгдүгээр байранд саналын хуудсыг дугаарласан байсан тухай мэдээлэл urug.mn сайтад гарсан.
Уг мэдээллийн түгээлтийг CrowdTangle хэрэглүүрээр шалгахад 18:00 цагийн байдлаар facebook платформд дөрвөн пэйжид оруулж, 154 хариу үйлдэл авсан байв. Тэдгээрээс Өрөг.mn нэртэй пэйждээ сайтын холбоосыг оруулсныг нь 63 удаа цааш түгээсэн байна.
Бид өмгөөллийн Fidelitas Partners Фиделитас Партнерс ХХН-тэй хамтран дараах байдлаар баримтын шалгалт хийлээ.
11:45 цагт БЗД-ийн 26 дугаар хорооны санал авах нэгдүгээр байрын гаднаас өрөг.mn пэйж хуудсаараа лайв хийж дамжуулсан бичлэгт өмгөөлөгч н.Билгүүн гэж өөрийгөө танилцуулсан иргэн болсон процессыг ярьж, “Цагдаагийн байгууллагаас ирж ажиглагч нараас байцаалт авсан. Яг одоо шалгалтын ажиллагаа дотор явагдаж байгаа” гэсэн юм.
16:00 цагт СЕХ-оос хийсэн хэвлэлийн хурлын үеэр Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ “Саналын хуудаст ямар нэгэн дугаарлалт тавигдахгүй, зөвхөн хэсгийн хорооны дугаар байх ёстой. Тухайн хэсгийн хорооны ажилтан саналын хуудас дээр архивын нэгж шиг 1, 2, 3 гэх мэтээр дугаарлалт хийсэн байна лээ. Энэ зөрчлийг гомдол ирүүлсэн даруйд нь шалгуулаад, бүх тэмдэглэгээг арилгуулсан. Сонгогч саналаа нууцаар гаргах эрхтэй нь шууд холбоотой учраас саналын хуудаст ямар нэгэн тэмдэглэгээ хийх ёсгүй. Энэ зөрчил мөн эсэхийг эрх бүхий байгууллага тогтооно. Хэрэв зөрчил гэж тогтоогдох юм бол санал хураалтын дүн гарсны дараа нэр дэвшигчийн авсан саналын тоо энэ зөрчлөөс их, эсвэл тэнцүү байвал ноцтой зөрчил гэж тооцогддог. Ноцтой зөрчилд тооцогдвол тухайн саналын хайрцагт байгаа саналын хуудсыг бүхэлд нь хүчингүйд тооцож, дахин санал авдаг” гэх мэдээллийг өгсөн юм.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн “62.3.Сонгогч санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар тэмдэглэнэ. Хэсгийн хорооны дарга, гишүүд болон холбогдох бусад этгээд сонгогчийн саналын нууцлалыг алдагдуулахыг хориглоно.” гэж заасан. Гэхдээ саналын хуудсыг машин уншиж байгаа тохиолдолд саналын хуудсан дээрх харандаагаар тэмдэглэсэн тэмдэглэгээ нь “үр дагавар” үүсгэхгүй гэж харагдаж байна.

Ингэж тэмдэглэсэн үйлдлийг холбогдох байгууллагаас шалгаад ноцтой зөрчилтэй гэж үзсэн тохиолдолд Ерөнхийлөгчийн тухай хуулийн 76 дугаар зүйлд заасан “Санал хураалтыг хүчингүйд тооцох, дахин санал хураалт явуулах” зохицуулалтын 76.1.2-т “… санал авах журам зөрчсөн нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр бол…” гэснийг үндэслэн шийдвэрлэж болно.