2023 оны 10 дугаар сарын 17-нд ТУГ.мн нэртэй пэйжид “Чингис Хаан – Монголын эзэнт гүрэн дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн нэрээс “Чингис Хаан, эзэнт гүрэн, Монгол” гэх гурван үгийг хасуулах хүсэлт тавьсан байна” гэх гарчигтай мэдээллийг Монгол улсын үерөнхийлөгч У.Хүрэлсүх, Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон нарын зургийн хамтаар нийтэлсэн нь одоогийн байдлаар 565 реакц, 171 сэтгэгдэл авч, 172 удаа цааш хуваалцсан байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1. Чингис хаан: Дэлхийн түүхийг өөрчилсөн нь үзэсгэлэн хэвийн үргэлжилж байна
Монгол улсын Ерөнхийлөгчийн Франц улсад хийсэн айлчлал энэ оны 10 дугаар сарын 10-наас 14-ний хооронд үргэлжилсэн. Айлчлалын хүрээнд Франц улсын Нант хотын Түүхийн музейд “Чингис хаан: Дэлхийн түүхийг өөрчилсөн нь” сэдэвт үзэсгэлэн 10 дугаар сарын 14-нд нээлтээ хийжээ. Үзэсгэлэнд Чингис хаан Үндэсний музейн үзмэрүүд болон Францын Үндэсний архив, Үндэсний номын сан, Димейн музей, Луврын музейд хадгалагдаж байгаа Монголын эзэнт улстай холбоотой нийт 400 гаруй олдвор дурсгалыг дэлгэж буй.
Нант хотын Түүхийн музейн албан ёсны сайтаас шалгахад үзэсгэлэн хэвийн үргэлжилж байгаа бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 5 хүртэл дэлгэгдэнэ гэжээ.
2. Шалгаж буй мэдээлэлд дурдсан үйл явдал 2020 онд болсон
Шалгаж буй мэдээлэлд дурдсан үйл явдал болсон эсэхийг шалгахын тулд түлхүүр үгсийг ашиглан хайхад 2020 оны мэдээнүүд гарч ирлээ. France-24 агентлагийн мэдээг дор хавсаргав.
“Хятадын засгийн газрын тавьсан шаардлагыг эсэргүүцэж, Монголын тухай үзэсгэлэнг хойшлуулсан Францын музейн шийдвэрийг судлаачид сайшааж байна.
Францын Нант хотын Түүхийн музей XIII зууны Монголын удирдагчийн тухай үзэсгэлэнг 3 жилээр хойшлуулж байгаагаа мэдэгджээ. Тус музей Өвөрмонголын өөртөө засах орны Хөх хотын музейтэй хамтран үзэсгэлэн дэлгэхээр бэлтгэж байсан ч Хятадын Соёлын өвийн товчооны шаардлагатай тулгарсан байна. Товчооноос үзэсгэлэнг “Монгол соёлын давамгай, шинэ илэрхийлэмжийг бий болгож болзошгүй өрөөсгөл өгүүлэмж багтаасан” гэж дүгнээд музейд “Чингис хаан”, “Эзэнт гүрэн”, “Монгол” гэсэн түлхүүр үгсийг үзэсгэлэнгээс хасах шаардлагыг хүргүүлжээ.
Энэ үйлдэл нь Хятад улсын 1.4 тэрбум хүн амын 6.5 саяыг эзэлдэг Монгол үндэстний эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй нь давхацлаа. Хятадын засгийн газар Өвөр монголын сургуулиудад түүх, улс төр, уран зохиолын хичээлийг монгол биш мандарин хэлээр орох шийдвэр гаргасанд монгол үндэстэн дургүйцэж сургууль хаяж, бүх нийтийн жагсаал зохион байгуулж байгаа.
Францын Стратегийн судалгааны сангийн Ази хариуцсан мэргэжилтэн Валери Никэ “Хятадын дэглэм бодит түүх өөрсдийнх нь тааллаас зөрвөл хорьж цагддаг үйлдлээ зөвхөн дотооддоо биш дэлхийд хийх гэж оролдлоо” гээд Нант хотын музейн төлөвлөсөн үзэсгэлэнг хойшлуулах шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.
Музейн удирдлагууд үзэсгэлэнг 2024 он хүртэл хойшлуулж буйгаа мэдэгдээд Европ болон Америкийн үзмэрүүдийг ашиглан шинээр хийх ажлыг эхлүүллээ” гэжээ.
France-24 агентлагийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны мэдээ
3. 2021 онд Нант хотын Түүхийн музейн үзэсгэлэнд Монгол улсын Чингис хаан музей оролцохоор болсон
Уг үйл явдлаас хойш 2021 онд Нант хотын Түүхий музей үзэсгэлэнг Хөх Хотын музейтэй биш, Монгол улсын Чингис хаан музейтэй хамтран дэлгэх болсныг Montsame агентлаг мэдээлжээ.
Шалгаж буй мэдээлэлд дурдсан үйл явдал 2020 онд болж байсан ба одоо зохион байгуулж байгаа үзэсгэлэн нь шинэ хамтын ажиллагааны хүрээнд хэвийн үргэлжилж байна. Олны анхаарал татсан үйл явдалтай зэрэгцэн энэ төрлийн төөрөгдүүлсэн мэдээллийн урсгал эрчимждэг тул цахим хэрэглэгч та мэдээллийн найдвартай байдлыг баталгаажуулж заншаарай.