Цагдаагийн гэрээт алба хаагчийн үйлдэлд хүүхэд хулгайлах гэмт хэргийн шинж тогтоогдоогүй байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #706

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Цагдаагийн хуурамч хувцастай хүн хүүхдийг минь хулгайлахыг завдлаа гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн гэрээт алба хаагч “У” байсан ба мэдээлэлд дурдсан шиг “хүүхэд хулгайлах” санаархал байгаагүй гэдгийг шалгалтын явцад тогтоож, сахилгын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.

2023 оны 10 дугаар сарын 4-нөөс эхлэн “СЭРЭМЖЛҮҮЛЭГ. Цагдаагийн хувцас дуурайлган өмссөн этгээд хүүхэд хулгайлахыг завдсан тул хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна” гэсэн мэдээлэл өндөр хандалттай түглээ.

Тухайн мэдээлэлд “… Иргэн Мягмарянжин “За хүмүүс минь болгоомжтой байгаарай. Цагдаагийн хуурамч хувцастай хүн хүүхдийг минь хулгайлахыг завдлаа‼️. Цагдаа дээр мэдүүлэг өгч байтал бас 8 настай хүүхэд алга болсон гээд ар гэр нь бөөн юм болж байна шүү. Болгоомжтой байгаарай” гэжээ.

Уг мэдээллийн дагуу 10 дугаар сарын 4-ний 18:20 цагт ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад дараах мэдээллийг өглөө.

  • ТОДРУУЛГА: Олон нийтийн цахим сүлжээнд цагдаагийн хувцастай хүн хүүхэд хулгайлахыг завдсан гэх мэдээлэл нийтлэгдсэний дагуу Дотоод хяналт-Аюулгүй байдлын газар, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс хамтран шалгаж байна.

Тухайн алба хаагч нь Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн гэрээт алба хаагч “У” байсан ба урьдчилсан байдлаар найзынхаа гэрээс гарч явахдаа бага насны хүүхдүүд картаар тоглож байхаар нь “нэг нэгнийгээ нүд рүү хатгав аа, наад карт чинь үзүүртэй гэмтээж магадгүй, үзүүртэй эвгүй тоглоом, ингэж тоглож болохгүй” талаар хэлсэн, “өөрөө жаахан дүүтэй болохоор чихэр авч өгье” гэсэн гэх ба “ямар нэгэн буруу санаа бодол байхгүй болсон зүйл л энэ, тэгээд бид яваад өгсөн” гэх асуудал болсон нь тогтоогдож, хүүхэд хулгайлах гэмт хэргийн шинж тогтоогдоогүй байна.

Тухайн алба хаагчид болон удирдлагад нь Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4 дүгээр зүйлд заасан сахилгын арга хэмжээ авахаар шийдвэрлэж байна” гэжээ.

Цагдаагийн Ерөнхий Газрын Тээврийн цагдаагийн албаны Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс нь албан ёсны пэйжээрээ бусад алба, хэлтсийнхээ пэйж дэх мэдээллийг хуваалцаж, идэвхтэй хөтөлдөг байна.

Үүнтэй ижил Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газар гэх мэтээр цагдаагийн алба хаагчид бүтцийн хуваарилалтаар ажилладаг. Тухайн байгууллагаас баталсан орон тоогоор гэрээт байдлаар алба хаадаг байна. Тэгэхээр энэ хэлтсийн гэрээт алба хаагч гэдэг нь цагдаагийн байгууллагын алба хаагч мөн бөгөөд, дээрх мэдээлэлд дурдсан шиг хүүхэд хулгайлах санаархал байгаагүй гэдгийг шалгалтын явцад тогтоож, сахилгын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.

Мэдээллийн урсгалд энэ мэт батлагдаагүй асуудлаар шуугиан тарьж, “иргэний пост” гэх мэт нэршлээр эх сурвалжаас тодруулаагүй зүйлсийг оруулах нь бусад чухал мэдээллээс олон нийтийн анхаарлыг сарниулах, сошиал платформын алгоримтоор цахим орон зайг нь энэ төрлийн мэдээллээр дүүргэх зэрэг хор хөнөөлтэй. Ялангуяа иргэдэд хамааралтай төр засгийн шийдвэр гаргах үед олон нийтийн анхаарлыг сарниулах зорилгоор шуугиан дэгдээдэг үзэгдэл олон улсад байсаар байгааг анхаарна уу.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document