Хүүхдэд хагалгааны мөнгө хандивлахыг хүсэх нэрээр залилан хийж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #695

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Нилээн хүнд төрлийн гажиг учир маш яаралтай хагалгаанд орох шаардлагатай боловч зардал болох 27сая вон буюу 56сая ₮-ийг яаралтай бүрдүүлэх шаардлагатай гэж хандив гуйжээ.

Баримт шалгалтын үр дүн

Уг мэдээллээ өөр өөр зурагтай бүтэн жилийн турш явуулж, хуурамчаар хандив цуглуулахыг санаархсаар байна.

2023 оны 09 дүгээр сарын 30-нд Багануур хамгийн том зар группэд Munkh Uchral нэртэй хаягаас “Нулимс дуслуулан бичиж байна. Бяцхан үрийг минь авраач” гээд #SaveMunkh гэх хаштаг ашигласан эмнэлгийн орчинд эмчлүүлж буй өсвөр насны хүүгийн зурагтай мэдээлэл оруулсан байна. Уг мэдээлэлд хандивын дансаа оруулаад “Бяцхан үрийг минь авраач. Миний хүү Мөнхгэрэл минь “зүрхний цоорол, уушигны артерийн даралт өндөр” гэсэн оноштой Солонгос улсад ирээд нилээд удлаа, тэгээд хэвтэн эмчлүүлж байгаа. Нилээн хүнд төрлийн гажиг учир маш яаралтай хагалгаанд орох шаардлагатай боловч зардал болох 27сая вон буюу 56сая ₮-ийг яаралтай бүрдүүлэх шаардлагатай боллоо. Хүүг минь хөл дээр нь босгооч 😢Хагалгаа хийгдсэн тохиолдолд эрүүл болж эсэн мэнд гарах баталгаа маш өндөр. Бидний бяцхан хүүд минь амьдрал хайрлаач Зүрхийг нь цохилуулж өгөөч гэж та бүхнээсээ хүсэж байна. Харсан хүн болгон жоохон ч болтгуай хандивын гараа сунгаарай. 5,5дахгүй 10,10дахгүй шилжүүлээрэй, гол нь мөнгө бдаг юм байна шүү 🙏🏻🙏🏻🙏🏻 та нарыгаа туслана гэдэг итгэл дүүрэн байна” гэжээ. Цаашлаад “5мянган хүн 10,000₮ явуулхад50сая₮. уншсан хүн болгон боломжоороо туслаач, 😢😢😢 Монголчууд бид эвлэн нийлж нэгдэж чадвал энэ бүхэн юу ч биш гэдгийг харуулаач, яаралтай🙏🏻🙏🏻🙏🏻 -Олны хүч оломгүй далай-” гэсэн байна.

Энэхүү хандив гуйсан зараа олон нийтэд нээлттэй хэлбэрээр оруулахгүй, зөвхөн бүлгэмүүдэд постолж байгаа нь сэжигтэй үйлдэл юм. Учир нь хүүхэд нь үнэхээр хүнд, хэцүү байдалд байгаа бол аль болох олон хүнд хүргэх зорилгоор нээлттэй байршуулж, боломжтой бол хэвлэлд хандаж, өөрсдөө ярилцлага өгч, нөхцөл байдлаа мэдээлэх зэргээр хандив хүсэх үйл ажиллагаа өрнөдөг. Мөн оруулсан нэг данс нь Хаан банкных гэсэн атлаа 127… цифрээр эхсэн байгаа ба тийм данс тус банканд байхгүй байна.

Хүүхдүүдийн зураг ашиглан, хуурамч мэдээлэл түгээж байна

Munkh Uchral гэх нэр дээр дарж ороод хөтөлсөн түүхийг нь хараарай. 05 дугаар сарын 16-нд дээрх мэдээллийг нээлттэй оруулсан байна. Бусдын постыг шэйрлэж хаягаа идэвхтэй ажиллуулдаг байна.

Харин public буюу нээлттэй байдлаар бус группүүдэд оруулсан зарууд нь дээрх хандив хүссэн мэдээлэл хуурамч гэдгийг илтгэж байна.

Шалгаж буй мэдээлэлд ашигласан хаштаг нь #SaveMunkh гэж байсан бол 2022 оны 12 дугаар сарын 4-нд дээрх мэдээллээ оруулахдаа #SaveGerel байсан байна. Харин 2022 оны 09 дүгээр сарын 25-нд “нулимс дуслуулан бичиж буй” постдоо ой хүрээгүй гэмээр бага насны хүүхдийн зураг ашигласан байна.

Тус хаягаас зөвхөн нэг группэд л гэхэд 2022оны 09 дүгээр сарын 1-нээс 2023 оны 09 дүгээр сарын 30 хүртэл нэг ижил мэдээлэлд өөр өөр зураг ашиглан 32 удаа хандив гуйсан байна.

Иймд цахим орчинд хандив хүсэж буй мэдээллүүдэд хэрсүү хандаж, мөнгө шилжүүлэх эсэхээ шийдээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document