Идэвхжүүлсэн нүүрсний хүний биед үйлчлэх механизм ханиад, томууг эдгээх нөлөөгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #692

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Ханиад, томуу нь вирусын ялгаруулдаг хороос үүдэлтэй тул идэвхжүүлсэн нүүрс ууж эмчилнэ гэсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Мэдээлэлд дурдсан эх сурвалж нь найдвартай биш. Идэвхжүүлсэн нүүрсний үйлчлэх зарчим вирусийн гаралтай өвчлөлийн эсрэг үр дүнтэй биш.

2023 оны 09 дүгээр сарын 29-нд Enkh Boogii нэртэй хэрэглэгч “Ханиад, томуу ихсэх шинжтэй ийм нэг аргыг мэдээд авахад илүүдэхгүй болов уу” гэх гарчигтай постыг оруулсныг 3.2 мянган удаа цааш хуваалцаж, 189 реакц, 16 стэгэгдэл авсан байна.

Постод:
Польшийн эмч Ежи Яшковский ханиад хүрсэн үед гардаг ханиалгах, толгой өвдөх гэх мэт зовиур нь вирусын ялгаруулдаг хороос болж үүсдэг ба энэ хоруудыг нь саармагжуулаад организмаас зайлуулах ёстой гэж үздэг ба үүний тулд идэвхижүүлсэн нүүрс том хүн 10ш -г нэг дор уугаад 5 цаг тутамд ингэж уувал 48 цагийн дараа ямарч зовиургүй болно гэнэ. Энэ эмч 10 жил энэ аргаараа хүмүүсийг эмчилсэн гэж ярьж байна. Бага насны хүүхдүүдэд уулгаж болно, 5-6 сартай хүүхдэд 1ш-г уулгана гэнэ. Энэ нүүрсэн эм нь хүний биед шингэдэггүй, хорт бодисыг өөртөө шингээгээд организмаас гардаг тул хортой нөлөө үзүүлдэггүй” гэсэн байна.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Эх сурвалжийн найдвартай байдал хангагдаагүй байна

Шалгаж буй мэдээлэлд дурдсан Польшийн Ежи Яшковский эмчийн тухай судлахад найдвартай эх сурвалж биш болохыг батлах сөрөг мэдээлэл их байв.

2016 онд “Вакцин болгон биологийн зэвсэг”, 2021 онд “Онгоцны утаа бол хүмүүсийн дээрээс цацаж буй хор” зэрэг хуйвалдааны онолыг сурталчилсан байна. IFCN буюу Олон улсын баримт шалгагчдын сүлжээний гишүүд болох AFP Poland, Demagog зэрэг баримт шалгах байгууллагууд нэр дурдсан эмчийн гаргасан дээрх мэдээллүүдэд баримт шалгалт хийж байжээ.

Мөн тус эмч өөрийгөө Польшийн Гданьскийн анагаах ухааны их сургуулийн судлаач гэж сурталчилж явдаг байсан ба 2016 онд Гданьскийн их сургуулиас тэр нь худал болохыг мэдэгдэж байв. Тус мэдэгдэлд:
“Ежи эмчийн олон нийтэд түгээж буй мэдээлэл нь зөвхөн түүний хувийн байр суурь бөгөөд түүнд Гданьскийн анагаах ухааны их сургуулийг аливаа мэдэгдэлдээ хамруулан дурдах эрх байхгүй. Тус эмч 1973 – 2000 оны хооронд манай сургуулийн Биофизикийн тэнхимд ажилладаг байсан нь үнэн. Гэвч 2000 оноос хойш манай сургуультай хамааралгүй болсон тул түүний мэдэгдлүүдэд манай байгууллагын нэрийг хамаатуулан ашиглахгүй байхад анхаарна уу” гэсэн байна.

Дээрх мэдэгдлээс нэг жилийн дараа буюу 2017 онд Гданьск хотын Анагаах ухааны зөвлөл Ежи эмчийн эмчлэх эрхийг цуцалснаа зарлажээ. Шалтгаан нь:
“Ежи Яшковский нь олон нийтийн эрүүл мэндийн мэдлэгт ноцтой халдахуйц мэдээллийг удаа дараалан цацсан. “Шүдний ооны фтор нь хүн төрөлхтний эсрэг хор”, “Үйлдвэрийн сүү хүний ясыг хайлуулах хор агуулдаг”, “Вакцин хүн төрөлхтөнд ямар ч хэрэггүй” зэрэг үндэслэлгүй гүжирдлэгүүдээр анагаах ухааны салбарыг гутаасанд гүнээ харамсаж буйг илэрхийлье” гэсэн байна.

2. Ханиад, томуу нь вирусийн гаралтай ба хордлогоос тэс ондоо

Вирус нь эхлээд амьсгалын дээд замаар биед нэвтэрч, эзэн эсийн уургийн бүрхүүлд өөрийгөө бэхэлснээр эсийн уураг болон нуклейн хүчилд өөрчлөлт оруулан, цааш хувилж бусад эсийг гэмтээдэг. Биеийн бүх л хэсэгт буй эсийг өвчлүүлэх боломжтой.

Идэвхжүүлсэн нүүрсний хувьд биед шимэгддэггүй. Зөвхөн хоол боловсруулах замд буй молекулуудыг л шингээх үйлчилгээтэй. Тэгэхээр ханиад, томуугаар өвчлөх үйл явц болон идэвхжүүлсэн нүүрсний үйлчлэх механизм хоорондоо ондоо. Харин ч ханиадны эмтэй хавсран хэрэглэхэд эсрэгээрээ эмийн үйлчилгээг бууруулж болзошгүй.

2022 оны 11 дүгээр сард Reuters агентлаг ханиад болон хордлогын ялгааг тодотгон, баримт шалгалт хийсэнд:
“Энгийн ханиад бол амьсгалын дээд замын өвчин. Өвчтэй хүнээс агаар дуслын замаар бусдад халдварлах ба илрэх хувилбарын хувьд харьцангуй хөнгөн. Аденовирус болон коронавирусийн 4 төрөл болон хамгийн нийтлэг болох риновирусийн үүсгэдэг өвчин юм. Ханиадны үед үүсэх шинж тэмдгүүд нь хордлогоос гэхээсээ илүүтэй хүний бие халдварын эсрэг тэмцэж буй хариу үйлдлээс үүдэлтэй. Халдвар судлалаар мэргэшсэн Томас Руссогийн тайлбарласнаар “Вирус дархлааны тогтолцоог өдөөнө. Харин дархлааны систем өөрөө вирусийн эсрэг тэмцдэг” аж. Иймд биеийн хариу үйлдлийг вирусийн хордлого мэтээр тайлбарлах нь өрөөсгөл” гэсэн байна.

Азийн хамгийн том хувийн анагаах ухааны групп болох IHH Healthcare компанийн харьяа Mount Elizabeth эмнэлгийн вэбсайтад ч тэр “Идэвхжүүлсэн нүүрсийг хордлого тайлах зорилгоор л ашигладаг. Ходоодны ханиад буюу ротовирусаас үүсдэг ханиаданд нөлөөтэй эсэхийг тогтоосон ямар нэг баримт, нотолгоо байхгүй” гэж тайлбарлажээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check document