2023 оны 8 дүгээр сарын 18ны өдөр Түвдэндоржийн Хурц гэх хаягаас “Цаана чинь Цранц улс электрон тамхийг бүр мөсөн хоригложээ. Манайх хэзээ тас хорих вэ” гэх пост оруулсан нь 09 дүгээр сарын 27-ны байдлаар нийт 348 share, 153 like авсан байна.
FACTCHECK: Бид дараах бадлаар баримт шалгалт хийлээ
Франц улсад электрон тамхийг хориглосон эсэх
Францын засгийн газар 2024 оны төсөвтөө тамхины хэрэглээг бууруулах өргөн хүрээтэй төлөвлөгөө гарган, үндэсний хэмжээнд тамхитай тэмцэх хууль, тухайлбал залуучуудад муу зуршлыг бий болгож буй нэг удаагийн электрон тамхийг хориглох тухай танилцуулна хэмээн Францын Ерөнхий сайд Элизабет Борне 2023 оны 09 дүгээр сарын 03ны өдөр RTL радиогоор хэлжээ. (1,2,3) Тус улсад электрон тамхийг 18-аас доош насны хүмүүст худалдах, сурталчлахыг хориглосон хоригийг олон нийт дагаж мөрддөггүй гэж мэдэгдсэн.
Олон төрлийн жимсний амт, үнэртэй, 0-2 хувийн никотины агууламжтай нэг удаагийн электрон тамхи нь өсвөр насны хүүхдүүдийн анхаарлыг татах болсон байна. Ирландын “Эрүүл мэндийн судалгааны зөвлөл”-өөс гаргасан судалгаагаар электрон тамхи хэрэглэдэг өсвөр насныхны тамхи татаж эхлэх нь электрон тамхи огт хэрэглэж байгаагүй хүмүүстэй харьцуулахад 3-5 дахин их байдаг хэмээжээ.
Франц улсын ерөнхий сайд нэг удаагийн электрон тамхийг хориглоно гэж мэдэгдсэн ч тухайн хууль хэзээ гарах, яг ямар зохицуулалтаар хориглох нь тодорхойгүй байгаа юм. Мөн зөвхөн нэг удаагийн электрон тамхийг хориглох уу, эсвэл дахин цэнэглээд ашиглах боломжтой түгээмэл хэрэглэдэг тамхийг мөн хориглох эсэх талаар дурдаагүй. Тиймээс Франц улс электрон тамхийг бүр мөсөн хорьсон гэх мэдээлэл нь бүрэн бус мэдээлэл юм.