“Erdenee Batzorig” нэртэй фэйсбүүк хэрэглэгчийн хаягаас 07 сарын 10-нд “Бас нэг аюултай хог ба хуванцарын тухай мэдээлэл хүргэе. Монгол даяараа анхаарч нэг нэгэндээ мэдээллийг хүргэж өгнө үү. Зурган дээр байгаа 1 тн-ын цагаан савыг битгий худалдаж ав. хэрэглэхээс татгалзана уу‼️” гэх эхлэл тайлбартай постыг 1000 литрийн /1 тонн/ багтаамж бүхий цагаан савнуудын зурагтай хамт оруулжээ. Уг пост нь 09 сарын 07-ны байдлаар 662 реакц, 116 сэтгэгдэл авч, 5700 гаруй удаа цааш түгээгдсэн байна.
Энэхүү постын тайлбар нь “сүүлийн үед усны 1 тн-ын сав зарна, угаачихсан, үнэн царайлаг хэрэглээний явцад үнэр нь арилна гэх мэт таныг болон танай удмыг хорт хавдраар өвчлүүлэх аюултай хог хаягдлыг авахыг ятгасан зар явж хүмүүс их ч авч байх шиг байна. Ийм савнуудыг химийн хорт бодис импортлох тусгай зөвшөөрөлтэй компаниуд химийн бодис хадгалах тээвэрлэхэд ашигладаг. Ихэвчилэн барилгын цементийн тусгай зуурмаг бэлтгэхэд ордог химийн бодисны сав. Химийн бодисоо борлуулсан компаниуд ийм саваа буцаагаад тоо ёсоор нь татан авч аюултай хог хаягдлыг тусгай аргаар устгадаг. Мэргэжлийн компанид хүлээлгэн өгч ард иргэдээ аюултай хог хаягдал ашиглахаас сэргийлэх үүрэгтэй байдаг. Ногоо услах, хүн малын ундны ус нөөцлөх зорилгоор ашиглаж огт болохгүй. Монгол Монголоо хамгаалж хорт хавдраас эрүүл мэндээ хамтдаа хамгаалцгаая‼️ Унд ахуйн ус хадгалах зориулалтын битон саваа ашиглаж заншаарай‼️” гэжээ.
Дараах байдлаар баримт шалгав
Постод хавсаргасан зургийг Google search ашиглан харж, ерөнхий мэдээллийг хайж үзвэл энэ нь төмөр торон бүрхүүлтэй, 1000 литрийн багтаамжтай сав буюу олон улсын нэршил нь сaged IBC tote гэдэг байна. Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)-аас энэхүү савыг дараах байдлаар тодорхойлжээ.
- 3 шоо метр (3000 литр) ба түүнээс бага багтаамжтай
- салдаг эсвэл салдаггүй эд ангитай, механикаар ажиллах боломжтой
- шингэн, зуурмаг эсвэл хатуу бодис агуулах зориулалттай
- хадгалах, тээвэрлэх явцад даралтад тэсвэртэй
Материалын хувьд энэ сав нь бат бөх хуванцар буюу өндөр нягтралтай полиэтилин /HDPE/-ээр хийгдэж, гадуураа ган хүрээгээр бүрхэгддэг байна. Энэхүү сав нь анх аюултай болон аюулгүй материалын хадгалалт, тээвэрлэлтийн зориулалтаар туршигдаж, АНУ-ын Тээврийн яам болон НҮБ-аас баталгаажжээ. Удаан эдэлгээтэй термопластик (тодорхой өндөр температурт уян хатан болдог, хөргөх үед хатуурдаг хуванцар полимер материал) тус сав нь үйлдвэрлэл, худалдаа, ХАА, түүнчлэн химийн бодис хадгалалтад тэсвэртэй байдаг аж.
Албаны тодруулга: “Импортын 1 тоннын савыг зөвшөөрсөн, эсвэл хориглосон зохицуулалт одоогоор байхгүй“
1000 литрийн энэхүү савыг хүнсний зориулалтаар ашиглах боломжтой эсэх, ундны усны савны хэрэглээг хэрхэн зохицуулж байгаа талаар ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэнтэй холбогдон тодруулахад, “Айл өрхүүдийг хүнсэндээ зориулалтын бус хуванцар сав хэрэглэхгүй, ган сав хэрэглэхийг зөвлөсөөр байгаа. Дотоодын зарим үйлдвэрүүд зэвэрдэггүй ган материалтай усны савнуудыг хэрэгцээнд нийцүүлэн төрөл бүрийн хэмжээтэйгээр үйлдвэрлэдэг болсон. Тэдгээрийг хяналт шалгалтаар баталгаажуулаад, хүнсний зориулалтаар борлуулах, ашиглахыг зөвшөөрдөг. Харин импортоор орж ирж буй шинэ 1000 литрийн савнуудыг хүнсний зориулалтаар шууд ашиглахыг зөвшөөрсөн эсвэл хориглосон ямар нэг тодорхой зохицуулалт байхгүй” гэдгийг хэлсэн юм.
Савны шошго, тэмдэг
Шалгаж буй мэдээлэлд “ийм савнуудыг химийн хорт бодис импортлох тусгай зөвшөөрөлтэй компаниуд химийн бодис хадгалах тээвэрлэхэд ашигладаг. Ихэвчлэн барилгын цементийн тусгай зуурмаг бэлтгэхэд ордог химийн бодисны сав.” хэмээн бичжээ.
Хэрэв энэ төрлийн савыг химийн бодис хадгалах, тээвэрлэх зориулалтаар ашиглах бол Стандартчилал, хэмжил зүйн хорооноос баталсан “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Химийн хорт болон аюултай бодисын шошго, анхааруулах тэмдэг”-ийн стандартад заасан дараах шаардлагуудыг хангасан байх ёстой. Тухайлбал,
- химийн хорт болон аюултай бодис, бүтээгдэхүүн агуулсан сав баглаа дээр тухайн бүтээгдэхүүний талаар бичмэл болон дүрс хэлбэрээр шошго тавих
- тухайн аюултай бүтээгдэхүүний хор, аюулын шинж чанар, аюулын түвшинг илэрхийлсэн аюулын тэмдэглэгээ тавих
- 450 литр эсвэл 450 килограммаас их сав, баглаа боодлын эсрэг 2 тал дээр шоо дөрвөлжин хэлбэртэй анхааруулах тэмдэг байрлуулах
- химийн хорт болон аюултай бодисын дэд ангилал бүрээр аюул, ослыг анхааруулсан тэмдэг, дохио үг, тэмдэглэгээ зэргийг тавих ёстой байдаг аж.
Иймд, хэрэв таны ашиглах гэж буй 1000 литрийн хэмжээтэй саванд дараах стандартад дурдсан химийн хорт болон аюултай бодисыг илэрхийлж, анхааруулсан аливаа шошго, тэмдэг, тэмдэглэгээ байвал ундны усаа хадгалах зориулалтаар ашиглаж болохгүй.
Шалгаж буй мэдээлэлд “Химийн бодисоо борлуулсан компаниуд ийм саваа буцаагаад тоо ёсоор нь татан авч аюултай хог хаягдлыг тусгай аргаар устгадаг. Мэргэжлийн компанид хүлээлгэн өгч ард иргэдээ аюултай хог хаягдал ашиглахаас сэргийлэх үүрэгтэй байдаг.” гэжээ. Энэ агуулгыг МУ-д хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам”-ын дагуу шалгав. Тус журмын 6 дугаар зүйлд:
6.2. Химийн бодис устгах үйл ажиллагааг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон аюултай хог хаягдал устгах, сэргээн ашиглах, дахин боловсруулах зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага гүйцэтгэнэ.
6.11.Химийн бодисын сав, баглаа боодлыг ус болон хүнсний бүтээгдэхүүн савлах зориулалтаар ашиглахыг хориглоно. хэмээн заажээ.
Журамд заасны дагуу химийн бодис хадгалах, тээвэрлэх зориулалтаар ашигласан 1000 литрийн савыг ус хадгалах, тээвэрлэх болон хүнсний зориулалтаар ашиглах нь хориотой байна.
Хүлээлгэх хариуцлага
Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйлд Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль зөрчихөд хүлээлгэх хариуцлагыг:
“5.11.3.Хуульд заасны дагуу батлагдсан химийн хорт, аюултай бодистой холбогдох үйл ажиллагааг зохицуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаархи журам зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааж өгсөн байна.
Савны хэрэглээ, борлуулалт
1000 литрийн энэхүү савыг цахим орчинд зар байршуулан борлуулж байна. Энэ төрлийн савыг худалдан борлуулах зарын дагуу утсаар холбогдон савны зориулалт, хэрэглээний талаар тодруулахад, “1 тоннын савнууд шинэ, хуучин гэж зарагдаж байгаа. Хуучин савнуудын хувьд барилгын материалын шингэн болон химийн бодис хадгалах, тээвэрлэх зориулалтаар ашиглаж байсан гэх мэт савнууд байна. Мөн хүнсний зориулалтаар буюу ундны ус хийх зориулалтаар орж ирдэг шинэ савнууд ч зарагдаж байгаа. Шинэ савнууд нь үйлдвэрийн бүрэн бүтэн байдал алдагдаагүй, шошго, тэмдэглэгээтэйгээ байгаа. Хүнсний бус зориулалтаар ашиглаж байсан савнуудын доторх бодис, шингэний үнэр нь арилдаггүй бөгөөд харахад хэрэглээний сэв суусан зэргээрээ ялгарч, танигддаг. Өмнө нь өөр зориулалтаар ашиглаж байсан савыг ундны ус хийх зорилгоор ашиглах боломжгүй” хэмээн ярьсан юм. Үнэ ханшийн хувьд 1 тоннын шинэ савыг 550 мянган төгрөгөөр, хэрэглэж байсан хуучныг нь 450 мянган төгрөгөөр зарж байгаа гэв.
Facebook-т энэ төрлийн сав худалдаалдаг олон хаяг байгаагаас жишээлбэл, Нэг Тоннын Сав нэртэй хаягаар 1 тн усны сав авна зарна. Хүргэлт | ундны усны сав авна зарна | Ёмкос авна гэх группэд байршуулсан постод савны тухай ямар нэг мэдээлэл байхгүй, харин саван дээр наасан наалтыг хуулж авсан савнуудын зургийг оруулаад 330-350 мянган төгрөгөөр зарж байгаа гэх мэдээлэл оруулжээ.
Энэ тохиолдолд хэрэглэж байсан бол хүнсэнд ашиглаж болохгүй.
Аюул багатай хуванцрын тэмдэглэгээг мэдэж авцгаая
Хуванцар савыг янз бүрийн технологи, төрөл бүрийн материалаар үйлдвэрлэдэг. 1970 оноос эхлэн савыг ямар материалаар үйлдвэрлэснээс нь хамаарч, олон улсад дараах кодын системийг ашиглан ангилах болжээ.
Монгол Улсын ундны усны чанарын сангийн мэдээллээр эдгээр тэмдэг нь хуванцар эдлэлийн материал, гарал үүслийг заахаас гадна дахин боловсруулагчид болон иргэдэд мэдээлэл өгөх зориулалттай.
- “1“, “5” гэсэн тэмдэглэгээ, кодтой хуванцар сав нь хэрэглэхэд аюулгүй,
- “2”, “4” гэсэн тэмдэглэгээ, код бүхий хуванцар сав нь эрүүл мэндэд учруулах хор хөнөөл багатай тул нэг удаа хэрэглээд хаях.
- “3”, “6”, “7” гэсэн тэмдэглэгээ, кодтой хуванцар сав нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, хортой тул хоол хүнсний зориулалтаар хэрэглэх боломжгүй юм.
Иймд, айл өрхүүд хүнсний зориулалтын бус болон өмнө нь ашиглаж байсан хуучин савыг худалдан авахгүй байх, шинэ сав худалдан авахдаа саван дээрх шошго, тэмдэг, тэмдэглэгээг сайтар анхаарч, савны бүрэн бүтэн, шинэлэг байдал алдагдсан эсэхийг шалгах, ундны усаа эрүүл, зөв зохистой хэрэглэхийг анхааруулж байна.
Мөн ус хадгалах сав авахдаа уламжлалт хөнгөн цагаан эсвэл зориулалтын нержи хийцтэй сав сонгохыг зөвлөж байна.