МИАТ компани бүх тийздээ бус, хатуу нөхцөлтэй суудлын үнээс шинээр гэрлэгсдэд зориулж 50 хувь хямдруулж байгаа гэв

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #674

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

МИАТ ТӨХК-ийн энгийн болон бизнес ангиллын нислэгийн тийз 50 хувийн хямдралтай боллоо гэх сурталчилгаа байршуулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шинээр гэрлэгсдийн бал сарын аялалд зориулж тийзийн үнээс 50 хувийн хямдралтай болсон гэх сурталчилгаа нь тухайн нислэгийн бүх тийзээс бус хатуу нөхцөлтэй, өндөр үнэтэй бичигддэг үнээс хямдарч байгаагаа тодруулаагүй тул бүрэн бус мэдээллээр төөрөгдүүлж байна гэж үзэх үндэслэлтэй.

2023 оны 09 дүгээр сарын 11-нд манай пэйжийн чатботоор Khangal Baasanjav нэртэй хэрэглэгчийн хаягаас МИАТ ТӨХК төөрөгдүүлсэн, эсвэл хуурамч зар сурталчилгаа явуулж байж болзошгүй байгааг тодруулах хүсэлт гаргасан.

Энэ дагуу MIAT Mongolian Airlines нэртэй МИАТ ТӨХК-ийн албан ёсны пэйж болохыг илэрхийлсэн цэнхэр тэмдэглэгээтэй хаягаас 09 дүгээр сарын 7-нд постолсонМИАТ ТӨХК нь 2023 оны 12 сарын 15-ыг хүртэл Истанбул, Бээжин, Хонконг чиглэлүүдэд шинээр гэрлэсэн хосуудад зориулсан бал сарын урамшууллыг зарлаж байна. Энгийн болон Бизнес ангиллын нислэгийн тийз 50 хувийн хямдралтай боллоо” гээд харилцааны суваг болон тийз борлуулагч агентлагуудын холбоо барих мэдээллийг оруулсан байна. Манайд хандсан хэрэглэгч Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгийг вэбсайтаар захиалахад 1,201,900 төгрөг байсан ба 50 хувийн хөнгөлөлтөд хамрагдахыг хүсэхэд 1,132,500 төгрөг болох талаар дээрх хаягийн чатаар ирүүлсэн мэдээллийг мөн бидэнд хуваалцсан байв.

Дараах байдлаар тодруулга мэдээлэл авлаа.

Аэр маркет ХХК-ийн 70105050 дугаараас Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн МИАТ компанийн нислэгийн тийзийн үнийг лавлахад 1.2 сая төгрөг гэлээ. Харин шинээр гэрлэсэн хосын бал сарын урамшуулалд ороход энэ үнээс 50 хувь хөнгөлнө гэсэн үг биш болохыг тайлбарлав. Тухайн өдрийн нислэгийн тийз захиалах системд суудал бүр харилцан адилгүй үнэтэй байдаг. Үүнээс хатуу нөхцөлтэй зарим тасалбарт 50 хувийн хөнгөлөлт үзүүлж, боломж олгож байгаа ба энэ нь тухайн өдрийн системийн захиалгад илэрч байгаа тасалбарын үнээс 200-250 орчим мянган төгрөгөөр хямд байх боломжтой гэсэн.

Эйр тикет ХХК-ийн 77774000 дугаарын утсаар холбогдож дээрх чиглэлээр МИАТ компанийн нислэгийн үнэ хэд болохыг тодрууллаа. Мөн дээрхтэй ижил хариулт буюу нэг хүний тийз 1,288,500 төгрөг ба 50 хувийн хөнгөлөлтөд хамрагдахыг хүсэхэд урамшуулалд орох боломжтой суудал нь 1.8 саяын үнэтэй бөгөөд татварыг хөнгөлөхгүйгээр 50 хувь хямдарч 1,132,400 төгрөг болсныг хэллээ.

Эйр транс ХХК-ийн 11323232 дугаарт мөн дээрх чиглэлд нислэгийн тийз захиалахаар хайлгахад 1,328,500 төгрөгийн үнэтэй байгааг дуулгалаа. Хосын урамшуулалд хамрагдах билетийн нөхцөлийг сонирхоход 6 сар буюу урт хугацаанд хадгалах 1,826,400 төгрөгийн үнэтэй тасалбараас 1,132,500 төгрөг болж хямдарч байгааг тайлбарлалаа. Энэ нь 693,900 төгрөгөөр хямдарсан үзүүлэлт ба үүнийг 50 хувь хямдарсан гэж тооцвол тухайн тасалбарын татвараа хассан үнэ нь 1,387,800 төгрөг байхаар байна. Мөн татварт 438,600 төгрөг төлдөг гэх энгийн тооцоолол гаргаж болно.

Эдгээр үнийн зөрүү болон олон нийтэд түгээсэн “Истанбул, Бээжин, Хонконг чиглэлүүдэд шинээр гэрлэсэн хосуудад зориулсан бал сарын урамшууллыг зарлаж байна. Энгийн болон Бизнес ангиллын нислэгийн тийз 50 хувийн хямдралтай боллоо” гэх сурталчилгаандаа нэмэлт тайлбар оруулж, мэдээллээ бүрэн өгөх боломжтой эсэх талаар тодрууллаа.

2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр МИАТ ТӨХК-ийн 11333999 дугаараар дамжуулан маркетингийн албатай холбогдоход “МИАТ ТӨХК нь Монгол Улсын төрийн далбаат, олон улсын авиакомпаниудын зэрэглэлд долоон одтой агаарын тээврийн компани. Тиймээс олон улсын зэрэглэлд мөрдөгддөг стандартын дагуу мэдээллээ хүргэдэг ба тийз захиалгын системийн ажиллагаа, тухайн өдрийн үнэ ханшийн мэдээллийг олон нийтэд дэлгэрүүлж тайлбарлах боломжгүй тул пост дахь мэдээллээ залруулахгүй” гэдгээ хэлсэн юм. Цаашлаад “Шинээр гэрлэсэн хосууд” гэдэгт энэ онд буюу 2023 оны 01 дүгээр сарын 1-нээс хойш гэрлэлтээ батлуулсан хос тооцогдох ба гэрчилгээгээ үзүүлээд хөнгөлөлт эдлэх боломжтой. Мөн гэрлэлтийн гэрчилгээгээ өмнө нь авсан ч энэ онд хуримаа хийсэн бол зураг, бичлэг гэх мэт баримтаар баталгаажуулаад хөнгөлөлт эдлэх боломжтой гэв.

“Ер нь тухайн нэг нислэгт янз бүрийн үнэтэй тийз байдаг ба түүнийг нь систем автоматаар гаргаж өгдөг. Энэ дунд хямдралтай үнээр ч тийз бичигддэг. Харин МИАТ энэхүү автоматжуулалтаас гадна илүү олон хямдрал бий болгохын тулд нэмэлтээр хосуудын бал сарын аялалд зориулан тодорхой чиглэлд нислэгийн үнийг 50 хувиар хямдруулах боломж олгож байна. Ингэхдээ хатуу нөхцөлтэй буюу тухайн нислэгийн харьцангуй өндөр үнэтэй тийзээс хямдруулж байгаа нь зарим хүнийг ташаа ойлгоход хүргэж байх магадлалтай” гэсэн юм.

Тиймээс шинээр гэрлэгсдийн бал сарын аялалд зориулж тийзийн үнээс 50 хувийн хямдралтай болсон гэх сурталчилгаа нь тухайн нислэгийн бүх тийзээс бус хатуу нөхцөлтэй, өндөр үнэтэй бичигддэг үнээс хямдарч байгаагаа тодруулаагүй тул бүрэн бус мэдээллээр төөрөгдүүлж байна гэж үзэх үндэслэлтэй. Нислэгийн тийз бичих системийн автоматжуулалтыг хөндлөнгийн байгууллагаас нягтлах, нээлттэй мэдээлэх боломжгүй тул холбогдох эх сурвалжуудаас тодруулсан мэдээллээр бодит байдлыг хүргэлээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл

Аэр маркет ХХК-ийн албан ёсны вэбсайт

Эйр тикет ХХК-ийн албан ёсны вэбсайт

Эйр транс ХХК-ийн албан ёсны вэбсайт

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document