20 суваг сар бүр 50 сая төгрөг авдаг болсон гэх мэдээлэл #ХУДАЛ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #67

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Үздэггүй сувагтаа сар бүр 3500 төгрөг өгдөг бөгөөд  20 суваг сар бүр 50 сая төгрөг авдаг гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Одоогийн байдлаар нэг ч суваг хуулийн зохицуулалтаар нэмэгдсэн төлбөрөөс мөнгө хүлээн аваагүй талаар Монголын телевизүүдийн холбооны захирал Т.Ганзул хэлсэн юм.

2021 оны дөрөвдүгээр сарын 27-нд Bayarmaa Munkhtur нэртэй Facebook хэрэглэгч “та бид үзээгүй сувагтаа сар бүр 3500 төгрөг төлж, үндсэн гэгдэх 20 суваг сар бүр 50 сая төгрөг авдаг болсон шүү” гэсэн утгатай пост оруулсан. /постыг бүрэн эхээр нь зургаас хүлээн авна уу/ Уг постыг дөрөвдүгээр сарын 28-ны 18:00 цагийн байдлаар зургаан удаа цааш нь түгээж, 94 реакц дарж, 33 сэтгэгдэл бичсэн байв.

📌Үүнтэй төстэй агуулгаар буюу Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын /IPTV/ сарын төлбөр 2500-3500 төгрөгөөр нэмэгдсэн тухай өнгөрсөн гуравдугаар сараас хойш олон нийтийн дунд эргэлзсэн мэдээлэл явсаар байсан юм.

Энэхүү өөрчлөлтийн гол шалтгаан болсон Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд хэрэглэгчдээс авах хураамжийг нэмэгдүүлэх замаар хуулийг хэрэгжүүлэх тухай үгчлэн заагаагүй. Гэхдээ Олон сувгийн үйлчилгээ эрхлэгч үндсэн багцийн төлбөртөө өөрчлөлт оруулах боломжтой бөгөөд ХХЗХ-оос түүний багцийн үнийн өөрчлөлтийг холбогдох материалуудыг үндэслэн хууль, журмын дагуу хянаж, баталгаажуулахаар заасан байна.

1. Өргөн нэвтрүүлгийн сувагт МҮОНРТ-ээс гадна орон даяар цацагддаг 18 суваг хамаарна.

📌Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20.5.3-т “өргөн нэвтрүүлгийн радио, телевизүүд нь энэ хуулийн 6.1.2-т заасан үйлчилгээний ҮНДСЭН БАГЦ-ын өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний орлогын 15 хувиас доошгүй хэмжээгээр өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс авах” гэж заасан.

Үндсэн багц гэдэг нь “хэрэглэгч олон суваг дамжуулах үйлчилгээнээс худалдан авч болох анхдагч, хамгийн бага багц” юм. Үндсэн багцад олон нийтийн телевиз болон өргөн нэвтрүүлгийн телевизүүд багтсан байх, мөн тэдгээр нь багцын эхэнд байрлана гэдгийг ч дээрх хуулийн 26 дугаар зүйлд зааж өгчээ.

Мөн 26.6-д “Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын үнэ тарифын үндэслэл, үндсэн багцад тавигдах шаардлагыг Зохицуулах хорооноос баталсан журмаар хянаж, зохицуулна” гэж заасан.

📌Уг төлбөрийг өргөн нэвтрүүлгийн хөгжлийг дэмжих, радио, телевизийн үндэсний бүтээл үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор алслагдсан, сүлжээ хүрээгүй газарт хүртээмжтэй хүргэх; үйлдвэрлэхэд өртөг өндөр үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэн хүргэх; өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн бүтээл үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр зарцуулна гэж хуульд заасан.

2. Сар бүр 50 сая төгрөг авдаг гэх мэдээлэл ХУДАЛ

Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос IPTV-үүдийн үндсэн багцын төлбөр нэмэх асуудлыг хариуцаж, хянана.

📌Харилцаа холбооны зохицуулах хороо /“ХХЗХ”/-оос 2020.09.22-ны өдрийн 62 дугаар тогтоолоор “Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам”-ыг баталсан байна. Уг журмаар үндсэн багцийн өртгийн тооцоолол, багцын тариф тогтоосон үндэслэл, аргалчлал, өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс тооцох суурь тариф, дотоод, гадаад телевизийг дамжуулахад гарах өртгийн тооцоолол зэргийг хянаж үзээд хуулийн зөрчилгүй байдлаар шийдвэрлэсэн. /Дэлгэрэнгүй хэсгээс журмыг харна уу/

📌Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч /IPTV/ байгууллагууд хуульд зааснаар Монголын телевизүүдийн холбоонд сар бүр орлогын тодорхой хэсгийг шилжүүлэх ба, холбоо түүнийг телевиз үзэлтийн судалгааг үндэслэн өргөн нэвтрүүлгийн сувгуудад хуваарилахыг мөн хуульчилсан. Энэ үйл явцыг жилд нэг удаа аудитаар хянуулж, олон нийтэд нээлттэй тайлагнана.

Одоогийн байдлаар нэг ч суваг хуулийн зохицуулалтаар нэмэгдсэн төлбөрөөс мөнгө хүлээн аваагүй талаар Монголын телевизүүдийн холбооны захирал Т.Ганзул хэлсэн юм.

/Дэлгэрэнгүй хэсгээс холбогдох албан тушаалтнуудын байр суурьтай танилцана уу/

📌“Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам”-ын 3.6-д “Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь үндсэн багцын талаарх (үнэ тариф, хэрэглэгчийн тоо, сувгийн тоо, жагсаалт зэрэг) мэдээллийг хагас жил тутамд статистик мэдээллийн хүрээнд Зохицуулах хороонд ирүүлнэ” гэсэн. ХХЗХ-ны вэбсайтад хамгийн сүүлд 2019 оны жилийн эцсийн байдлаар IPTV хэрэглэгчдийн тоон статистик байршуулснаас хойш шинэчлээгүй байгаа бөгөөд тухайн үеийн байдлаар 250,856 хэрэглэгч бүртгэлтэй байв.

Дээрх мэдээлэл оруулсан Facebook хэрэглэгч энэ судалгааг тоймлон “Сар бүр 50 сая төгрөг авдаг” гэж тооцоолсон байж болзошгүй. /3500*250,000=875,000,000:18=48,611,111~50 сая/

🔎Баримт шалгалтын дэлгэрэнгүй:

1. “Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам”-д дараах зохицуулалтыг хийжээ:

* Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын төлбөр тогтоох үндэслэл

Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь тус журмыг батлагдсанаас хойш 21 хоногийн дотор өөрийн үйлчилгээний үндсэн багцыг тодорхойлж, дараах мэдээллийн хамт Зохицуулах хорооны ажлын албанд хянуулахаар ирүүлнэ. /Журмын 3.1 дэх заалт/

Үүнд:

*Үндсэн багцын танилцуулга, үндсэн багцад оруулсан телевизийн жагсаалт, тэдгээрийн төрөл жанр, улс, төлбөр төлдөг эсэх мэдээлэл

*Үндсэн багцын үнэ тариф, холбогдох мэдээлэл

Үндсэн багцийн өртгийн тооцоолол, багцын тариф тогтоосон үндэслэл, аргалчлал;

Олон нийтийн радио, телевиз болон өргөн нэвтрүүлгийн телевизийг дамжуулахад гаргах өртгийн тооцоолол, өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс тооцох суурь тариф;

Үндсэн багцад багтсан бусад дотоод, гадаад телевизийг дамжуулахад гарах өртгийн тооцоолол;

*Үндсэн багцийн хэрэглэгчийн гэрээний загвар

📌ХХЗХ-ны ажлын алба нь ажлын 10 хоногийн дотор шаардлагатай тохиолдолд ажлын 5 хоногоор сунгаж, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль болон тус хорооноос баталсан Харилцаа, холбооны үйлчилгээний тариф тогтоох аргачлал, журмын дагуу хянаж, хариу дүгнэлтийг олон сувгийн үйлчилгээ эрхлэгчид албан бичгээр хүргүүлэхээр заасан. /Журмын 3.2, 3.3/

📌ХХЗХ-ны 2017.04.28-ны өдрийн 18 дугаар “Аргалчлал шинэчлэн батлах тухай” тогтоолын Хавсралтаар “Харилцаа холбооны үйлчилгээний тариф тогтоох аргачлал”-ыг баталж, одоо хүчин төгөлдөр мөрдөж байна. Тус аргачлалын нэгдүгээр хавсралтад “олон суваг дамжуулах үйлчилгээний үнэ, тарифыг тогтооход “өртөгт суурилсан, үнийн харьцуулалт”-аас аль нэгийг сонгох боломжтой байхаар заасан байна.

2. Өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлсийг тооцох үндэслэл

Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь Монголын телевизүүдийн холбоонд ӨНтХ-ийн 20.5.3-д заасан /өргөн нэвтрүүлгийн радио, телевизүүд нь олон сувгийн үйлчилгээний үндсэн багцын өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний орлогын 15 хувиас доошгүй хэмжээгээр өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс авах/ өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс төлнө. /Журмын 4.1/

Олон сувгийн үйлчилгээ эрхлэгчийн ирүүлсэн үндсэн багцын үнэ өөрчилсөн тооцоолол, холбогдох баримтыг ХХЗХ хянаж, түүнд тусгагдсан өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлсийг Олон сувагч эрхлэгчид Монголын телевизүүдийн холбоотой гэрээ байгуулж түүний дагуу төлөхөөр байна. /Журмын 4.2-4.4/

Мөн “Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам”-ын 6 дугаар зүйлд “Энэхүү журам батлагдсантай холбогдуулан олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн үндсэн багцын суваг, үнэ тариф өөрчлөгдөх бол өөрчлөгдөхөөс өмнө болон өөрчилсний дараа 7 хоногийн турш боломжит аргаар хэрэглэгчид мэдээлэл хүргэж ажиллах үүргийг Зохицуулах хороо, олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч, Монголын телевизүүдийн холбоо хамтран хэрэгжүүлнэ” гэж заажээ.

📌Эдгээр зохицуулалтаар Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын тооцооллыг ХХЗХ хянаж, иргэдээс авах хураамж дээр 2500-3500 төгрөг нэмж тооцохыг зөвшөөрсөн.

3. Дээрх хууль, журмын зохицуулалтын дагуу холбогдох эрх бүхий албан тушаалтнуудаас мэдээлэл авлаа.

📌Монголын телевизүүдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Ганзулаас дээрх мэдээллийн талаар тодруулахад “Монголын телевизүүдийн холбоо өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг IPTV-үүдээс аваагүй байна. Тиймээс аль ч телевизэд мөнгө өгөөгүй. Бид “Хөлс хуваарилах журам” гаргасан. Энэ нь өргөн нэвтрүүлгийн 18 сувгийн хүрээнд л хамаатай баримт бичиг. Олон сувгийн дамжуулагч болгоны үндсэн багц нь өөр өөр тарифтай, хэрэглэгчдийн тоо ялгаатай. Тэдний зүгээс тайлан, мэдээгээ өгч, хураамжаас төвлөрсөн мөнгийг холбооны данс руу шилжүүлэх ёстой” гэсэн юм.

📌Телевизүүдийн холбооны гүйцэтгэх захирлын мэдээллийг нягтлах үүднээс Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Радио телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний зохицуулалтын газрын дарга А.Золзаяатай холбогдоход “Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгч байгууллага болон телевизүүдийн хоорондын санхүүгийн харилцаанд ямар нэг байдлаар шууд хяналт тавьдаггүй, харин Монголын телевизүүдийн холбоо тайлангаа олон нийтэд нээлттэй мэдээлэх үүрэгтэй”-г онцолсон юм.

📌ШӨХТГ-ийн дарга Б.Бат-Эрдэнээс энэ асуудлаар тодруулахад дараах мэдээллийг өгсөн юм.

“Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф гэж заагаад цахилгааны төлбөр дээр нэмж авдаг болсон. Үүнийг Эрчим хүчний зохицуулах хороо хариуцаж, тарифийн хэмжээг тогтоон, хяналт тавьдаг. Үүнтэй адил Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд Олон сувгийн дамжуулалт эрхлэгчдээс үндсэн багцын 15 хүртэлх хувийн хөлсийг Монголын Телевизүүдийн холбоонд шилжүүлэх тухай зааж, үүнийг Харилцаа Холбооны Зохицуулах Хороо хариуцах болсон. Манайх энэ асуудлыг хянахгүй. Гэхдээ өнгөрсөн сард иргэдээс 363 гомдол ирсний 118 нь IPTV-ийн төлбөр нэмсэн асуудалтай холбоотой байсан. Бид үүнийг ХХЗХ-нд уламжилсан. Өргөн нэвтрүүлгийн хууль гарсантай холбоотой манай байгууллага ХХЗХ-той хоёр уулзалт хийхдээ нэгдүгээрт хэрэглэгчдийн төлбөр дээр нэмэхгүй байх, хоёрдугаарт 15 хувиас доошгүй хэмжээгээр өргөн нэвтрүүлгийн хөлс авахдаа телевизүүдэд ялгаатай хандахгүй байхыг сануулсан. Нэгнээс нь 15%, нөгөөгөөс нь 2%-ийг авч болохгүй гэдэг шаардлага тавьж байсан” гэлээ.

📌Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20.6 дугаар зүйлд “Монголын телевизүүдийн холбоо нь хөлсийг төвлөрүүлж, өргөн нэвтрүүлгийн телевизийн үзэлтийн судалгааг үндэслэн гишүүдэд хуваарилна” гэж заасан. Энэ дагуу судалгааны MMCG байгууллагад хандаж, телевиз үзэлтийн судалгааг хийх талаар тодруулахад “Телевизүүдийн холбоотой уулзалт хийсэн. Эхний хоёр жилдээ өргөн нэвврүүлгийн сувгуудад тэгш хуваарилна гэсэн зарчим барьж байгаа гэсэн” гэх мэдээллийг өгсөн юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document