Цэндсүрэн Отгонбаяр нэртэй хаягаас 08 дугаар сарын 4-нд “Танд бизнес, машин, мотоцикль, хувийн хэрэгцээнд зориулж моргейжийн зээл хэрэгтэй. Танд 3-20 жилийн эргэн төлөгдөх хугацаатай ямар ч байсан 2%-ийн нэрлэсэн хүүтэй, 5,000,000₮-өөс 850,000,000₮ хүртэлх зээлийг санал болгож байна. Бид үүнийг хийдэг, Хувь хүн хоорондын зээл, онлайн зээл” гэсэн пост оруулжээ. Мөн 08 дугаар сарын 3-нд “Таны бизнесийн төслүүд удаан хугацааны туршид мөрөөдөл хэвээр үлджээ. Бид таны төрөл бүрийн төслүүдийг хэрэгжүүлэхэд тань маш боломжийн санхүүжилтээр тусламж үзүүлж, хэрэгцээтэй бүх зүйлд тань туслахаар ирдэг цөөн хэдэн хөрөнгө оруулагчдын нэгдэл юм. Хүсэлт болон нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу” гээд Бид ББСБ-ын 2018 оны сурталчилгааны зургийг нийтэлсэн байна.
Хуурамч нэр, зураг ашиглан зээл олгох, бэлэг өгөх, азтан болох зэрэг мэдээлэл оруулж, бусдыг залилж, эдийн засгийн хувьд хохирол учруулах санаархлыг таньдаг, шалгаж чаддаг байгаарай.
Энэ хаягийн хувьд нэр, зураг бодит мэт харагдах ба буцааж төлөхгүй, тэтгэлэг гэх мэт зүгээр мөнгөтэй болох нөхцлөөс арай өөр бага хувийн хүүтэй, уян хатан зээл санал болгож байгаа нь итгэхүйц боловч хаягийн хөтөлсөн түүх, чатаар холбогдох нөхцөл тавьсан зэрэг нь эргэлзээтэй байна. Тиймээс хаягийг шалгах, зургаар хайх аргуудаар хуурамч болохыг мэдэх боломжтой.
Хаягийн нүүр зургийг Google reverse image search цэсээр хайхад Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Д.Ариунаагийн хэвлэл мэдээллийн сайтуудад өгсөн ярилцлагын илэрцүүд гарч ирж байна.
Улмаар түүний facebook хаягийг хайж үзвэл Ariun Dagvaa нэртэй бөгөөд 08 дугаар сарын 29-нд “Би чинь ийм нэртэй болчихсон явж байх юм. Бас хэдэн посттой. (зээл нэрээр хуурч мэхлэх зорилготой н ойлгомжтой)Таарвал репорт хийж өгнө үү” гээд шалгаж буй хаягийн зураг бүхий пост оруулсан байна.
Иймд цахим хэрэглэгч та бүхэн зээл олгох, мөнгө өгөх агуулгатай мэдээллүүдэд шууд итгэж, хувийн нууцлалаа алдах, цаашлаад санхүүгийн хохирол амсахаас сэрэмжлэрэй.
“