Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлоо тооцуулж, нөхөн төлбөр авах боломжтой

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #660

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Залилан мэхлэх гэмт хэргийн улмаас хохирсон иргэн та сэтгэцэд учирсан хохирлоо тооцуулж авах эрхтэй болсон шүү!” гэсэн мэдээлэл гарсан.

Баримт шалгалтын үр дүн

Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам батлагдаж, хохирлыг мөнгөн дүнгээр барагдуулах эрх зүйн үндэс бүрдсэн. Энд залилан мэхлэх гэмт хэргийн улмаас хохирсон тохиолдолд нөхөн төлбөр тогтоолгох боломжтой болсон байна.

2023 оны 08 дугаар сарын 30-нд Khogii Khoogii гэх хаягаас “Залилан мэхлэх гэмт хэргийн улмаас хохирсон иргэн та сэтгэцэд учирсан хохирлоо тооцуулж авах эрхтэй болсон шүү!” гэсэн мэдээлэл оруулсан нь 21 цагийн дараах байдлаар 902 реакц, 57 сэтгэгдэл, 93 удаа цааш түгээсэн байдалтай байна.

Уг мэдээлэлд тодруулга хүссэн хэрэглэгч олон байгаа тул өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН-тэй хамтран дараах мэдээллийг хүргэж байна.

Гэмт хэргийн улмаас хүний сэтгэл санааны хохирол буюу хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, хохирлыг мөнгөн дүнгээр барагдуулах эрх зүйн орчин бүрдсэн

2023 оны 08 дугаар сарын 11-нд ХЗДХЯ-ны вэбсайтад “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам батлагдлаа” гэх гарчигтай мэдээлэл гарсан. Уг мэдээнд “Монгол Улсын Их хурлын чуулганы 2022 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Шүүх шинжилгээний тухай хууль батлагдсан бөгөөд энэхүү хуулийн нэг гол үзэл санаа нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэл санааны хохирол буюу хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, хохирлыг мөнгөн дүнгээр барагдуулах эрх зүйн үндэс юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам” болон “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг тус тус баталлаа. Түүнчлэн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан” гэсэн байна.

Энэхүү аргачлалд нөхөн төлбөрийн хэмжээг интервалтай заасан бөгөөд тухайн интервал дотор ямар хэмжээгээр нөхөн төлбөр олгох вэ гэдгийг Эрүүгийн эсхүл Иргэний шүүх шийдвэрлэх юм.

Баталсан тушаал, журам, аргачлалын талаарх тодруулга

  1. Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам-ын хоёрдугаарт “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох” талаар тусгасан. Үүнд дараах 5 төрлийн гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ гэжээ. 
  • Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл (Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах);
  • Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл (Хулгайлах);
  • Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл (Залилах);
  • Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйл (Мал хулгайлах);
  • Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл (Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих)

Мөн журмын 2.7-д “Энэхүү журмын 2.1-д зааснаас бусад гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох болон энэхүү журмын 2.2, 2.4-т заасан шинжилгээг эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн сэтгэцийн эмчээр ахлуулсан, сэтгэл зүйчээс бүрдсэн шинжээчийн багаар хийлгэнэ” гэж заажээ.

Эдгээрээс бусад буюу Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтоохоор тусгажээ.

2. “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д 6 шалгуур үзүүлэлтээр сэтгэцэд учирсан гэм хорын 1-5 зэрэглэл тогтоосон байна.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д сэтгэцэд учирсан хохирол, эмгэгийн зэргийг харгалзан нөхөн төлбөрийг 0-99 хувиар тооцох боломж олгожээ.

Дээрх хүснэгтээс жишээлж үзэхэд тухайн гэмт хэргийн хохирогч нь Нэгдүгээр зэрэглэл буюу бие махбодь гэмтээгүй, зөвхөн сэтгэцэд үүссэн бага зэргийн эмгэг байна гэж мэргэжлийн багийнхан үзвэл нөхөн төлбөр олгохгүй байх боломжтой байна. Сэтгэцэд учирсан хохирол нь 1-р зэрэглэлд үнэлэгдсэн тохиолдолд дээд тал нь 2,744,500 төгрөгийн /хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх/ нөхөн төлбөр тогтоолгох боломжтой харагдаж байна.

Харин гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлын хамгийн дээд хэмжээний нөхөн төлбөр нь 81,950,000 төгрөгөөр /хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 149 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх/ тогтоолгох боломжтой аж.

Эдгээр зохицуулалтаар сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөр авсан тохиолдол бий юу?

Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж зааснаар нөхөн төлбөр олгоход хамаарах хуулийн зохицуулалт энэ оны 07 дугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн.

Тиймээс энэ хугацаанаас хойш сэтгэцэд учирсан хохирлыг зэрэглэлээ тогтоолгох хүсэлт гаргах, түүний дагуу шинжилгээ хийх ажиллагаа явагдана. Нийтэд нээлттэй шүүхийн шийдвэрийн сангаас шүүхэд нөхөн төлбөрийн хэмжээг тогтоож олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр одоогоор байхгүй байна.

Нөхөн төлбөрийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд эсхүл үүнийг хариуцвал зохих этгээдээс шаардана

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1-т Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх эрхтэй этгээд нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаар иргэний нэхэмжлэл гаргаагүй, эсхүл хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй” гэж зааснаар эрүүгийн хэргийг шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн шүүх, энэ зүйлд заасны дагуу хохирлын тооцоог нарийвчлан гаргах нь хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахаар бол Иргэний шүүхэд хандаж нөхөн төлбөр шаардах боломжтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2-т Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд эсхүл үүнийг хариуцвал зохих этгээдээс шаардана.

Нэмэлт мэдээлэл

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг заавал шүүх шинжилгээний байгууллагаар тогтоолгохоор заасан. Үүнд:

  • Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг/Хүний амьд явах эрхийн эсрэг/,
  • Арван нэгдүгээр бүлэг/Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/,
  • Арван хоёрдугаар бүлэг/Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг/,
  • Арван гуравдугаар бүлэг/Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг/,
  • 14.1 дүгээр зүйл /Ялгаварлан гадуурхах/,
  • 14.2 дугаар зүйл /Мэдээлэл хайх, хүлээн авахад саад учруулах/,
  • 14.3 дугаар зүйл /Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах/,
  • 14.4 дүгээр зүйл /Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хэрэгжүүлэхэд саад учруулах/,
  • 14.8 дугаар зүйл /Cонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах/,
  • Арван тавдугаар бүлэг/Эрүүл мэндийн эсрэг/,
  • Арван зургадугаар бүлэг/Хүүхдийн эсрэг/,
  • 17.1 дүгээр зүйл /Хулгайлах/,
  • 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/,
  • 17.3 дугаар зүйл /Залилах/,
  • 17.6 дугаар зүйл /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/,
  • 17.8 дугаар зүйл /Эд хөрөнгө устгах, гэмтээх/,
  • 17.10 дугаар зүйл /Нотариатч, улсын бүртгэгч өмчлөгчийнэрхийг зөрчих/,
  • 17.12 дугаар зүйл /Мал хулгайлах/,
  • 20.11 дүгээр зүйл /Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях/,
  • 20.12 дугаар зүйл /Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнснийбүтээгдэхүүн худалдах, түгээх/,
  • 20.13 дугаар зүйл /Чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулах/,
  • 20.14 дүгээр зүйл /Хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх/,
  • 20.16 дугаар зүйл /Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/,
  • 21.5 дугаар зүйл /Гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх/,
  • 21.12 дугаар зүйл /Эрүү шүүлт тулгах/,
  • 21.13 дугаар зүйл /Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчих/,
  • 24.1 дүгээр зүйл /Байгаль орчныг бохирдуулах/,
  • 24.3 дугаар зүйл /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/,
  • 24.7 дугаар зүйл /Ой, хээрийн түймэр тавих/,
  • 27.3 дугаар зүйл /Төмөр замын, агаарын, усан замын тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журам зөрчих/,
  • 27.7 дугаар зүйл /Агаарын хөдөлгөөний аюулгүй байдалд халдах/,
  • 27.8 дугаар зүйл /Агаарын хөлгийг авч зугтаах/,
  • 27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүйбайдал, ашиглалтын журам зөрчих/,
  • 28.3 дугаар зүйл /Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх/,
  • 28.4 дүгээр зүйл /Бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчидхарилцахдаа дүрмийн заалт зөрчих/,
  • 28.10 дугаар зүйл /Байлдааны машин жолоодох, ашиглалтын журам зөрчих/,
  • 28.11 дүгээр зүйл /Байлдааны, сургуулийн нислэг хийх, түүндбэлтгэх журам зөрчих/,
  • 29.4 дүгээр зүйл /Дайны үед хориглосон арга, хэрэгсэл хэрэглэх/,
  • 29.5 дугаар зүйл /Төрлөөр устгах/,
  • 29.7 дугаар зүйл /Олон улсын хамгаалалтад байдаг хүнд халдах/,
  • 29.8 дугаар зүйл /Террорист үйлдэл хийх/


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document