2021 онд Японд болсон хөрсний нуралтын бичлэгийг Улаанбаатарт буусан үер мэтээр мэдээлжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #651

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“…Өнөөдрийн үер бол байгалийн үзэгдэл” гээд гамшигт үзэгдлийн бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Уг бичлэг нь Улаанбаатарт буусан үерийн бус, харин 2021 онд Японы Атами гэх хотод болсон хүчтэй борооны улмаас үүссэн хөрсний нуралтын бичлэг юм.

2023 оны 08 дугаар сарын 05-нд Sanaga Sodoo гэх хаягтай фэйсбүүк хэрэглэгч Улаанбаатар хотод болсон үер нь байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйл гэж тайлбарлан, суурин газар хүчтэй үер бууж буй бичлэгийг нийтэлсэн байна. Бичлэгийн хамт “Өнөөдрийн үер бол байгалийн үзэгдэл. Харин Сэлбэ үерлэх нь хүмүүсийн буруутай үйл ажиллагааных. Байгаль өөрөө хүн төрөлхтөний өмнө хүчтэй гэдгээ харуулж магадгүй цэвэрлэгээ хийж байх шиг. Үүнд заавал хэн нэгнээс өө хайж, бурууг тохож чичилмээр байгаа бол Монгол улсын Улаанбаатар хотын дарга удирдлагууд биш хүн төрөлхтөн өөрсдөө буруутай” гэсэн тайлбарын хамт нийтэлжээ.

Тус постод ашигласан бичлэг нь өнгөрсөн сард болсон үерийн бичлэг биш юм. Хэдийгээр бичлэгийг Дарь-Эх орчимд буусан үерийн үеийнх гэж цохон тэмдэглээгүй ч “өнөөдрийн үер бол” гэж онцолсон ба “байгалийн гамшгийн эсрэг хотын удирдлагууд юу ч хийх боломжгүй” гэх агуулгыг тодотгож, контекстээрээ илэрхийлсэн байна. Энэ ойлголтыг олон нийтэд өгөхийг санаархсан нь сэтгэдэл хэсэг дэх хүмүүсийн хариу үйлдэл болон шэйрлэсэн хаягууд дунд нэр, зургаа нууцалсан, мөн 2-оос дээш группэд зорилготойгоор хуваалцсан зэргээс харагдаж байна.

Хэдийгээр бичсэн тайлбар, ашигласан бичлэгийн хамт ил худал агуулгыг илэрхийлээгүй ч уг пост нь олон нийтийг төөрөгдүүлэх, гамшигт үзэгдлийн талаарх мэдээллийг хэвийнчлэх зэрэг үр дагавартай тул IFCN-ий журмын дагуу баримтаар шалгаж, бодит зөв мэдээллийг хүргэх нь зүйтэй гэж үзлээ.

Уг бичлэг нь 2021 онд Японы Атами гэх хотод болсон хүчтэй борооны улмаас үүссэн хөрсний нуралтын бичлэг юм.

Бид бичлэгийн хэсгийг Google хайлтын системд зургаар хайхад Атами хотод болсон хөрсний нуралтын талаарх мэдээллүүд илэрцээр гарч ирсэн. 1879 оноос эхлэлтэй Японы үндэсний мэдээллийн Asahi Shimbun-д  мэдээлснээр Токиогоос баруун өмнөд зүгт оршдог Атами хотод 2021 оны 07 дугаар сарын 03 хүртэл хоёр өдөр үргэлжилсэн аадар борооны улмаас хөрсний нуралт үүсэж 2 хүн амь үрэгдэж, 20 хүн алга болсон тухай мэдээлсэн байна. 

NHK-ийн мэдээлснээр нуралт үүссэн газарт өмнө нь их хэмжээний буюу 54,000 куб метр орчим шороо, хог асгаж байсан ба энэ хэсэг нурсанаар нуралтын хэмжээ нэмэгдэж нийт нурсан лаг шаврын хагаст хүрэхээр байгаа талаар орон нутгийн удирдлагууд онцолсон байна.

Харин өнгөрсөн 07 дугаар сард дэлхийн олон орнуудад эдгээрээс бидний шалгасан мэдээлэлд дурдсанчлан Өмнөд Солонгос, Хятад, Энэтхэг, Японы зарим хэсэгт болон Европын зарим орнуудад үер, усны гамшиг тохиолдсон. 

Өмнөд Солонгосын төв болон өмнөд бүс нутгаар 07 дугаар сарын 09-нөөс хойш үргэлжилсэн борооны улмаас 40 гаруй хүн нас барсан гэж AP News мэдээлж байжээ. Харин хойд Энэтхэгт болсон үерийн улмаас 41 хүн осолдож нас барсан ба Хятад, Япон, Словени зэрэг Европын оронд 07 дугаар сард үерийн улмаас ойролцоо тооны хүмүүс нас барсан байна.

Шалгаж буй постыг оруулсан өдөр буюу 08 дугаар сарын 05-нд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Дарь-Эх орчмын газарт их хэмжээний үер буусны улмаас 4 хүн амь эрсэдсэн ба 97 айлын хашаа, байшин, гэр, 105 автомашин, хоёр контейнер усанд урссан гэж Нийслэлийн Онцгой Комиссоос мэдээлж байсан. 

Энэ жил тус газарт тохиосон үер нь өмнө жилүүдийнхээс их хохирол учруулсан нь ус урсдаг байсан жалгыг нарийсгаснаас үүдэлтэй хэмээн албаныхан тайлбарласан байна. Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн зөвлөлүүдийн нарийн бичгийн дарга М.Буяндэлгэрийн тайлбарласнаар “…өмнө нь 34 метрийн өргөнтэй уулын жалга байсан газрыг хогоор дүүргэж айлууд бууж, газаргүйн улмаас жижиг хэмжээний үерийн далан байгуулсан нь ачааллаа дийлэхгүйд хүрч үер буусан” хэмээжээ.

Мөн iToim сайт Дарь-Эх орчим дахь жалгыг хогоор дүүргэсэн болохыг үерийн дараах сурвалжлагадаа онцлон харуулсан байна.

Өмнө нь Дарь-Эх орчимд үер буудаг байсан ч энэ удаагийн үер нь ихээхэн хохирол дагуулсан нь хүний буруутай үйл ажиллагаа буюу үер усыг боогдуулсан жалга нь аадар борооны дараах үерийн усны хэмжээг нэмэгдүүлсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document