Зүрх судасны өвчнөөс сэргийлэхэд зөвхөн нэг хүнсний бүтээгдэхүүнд найдах хэрэггүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #648

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Саримс хэрэглэснээр зүрх судасны өвчлөлийг мартах боломжтой гэсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Саримс нь зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх үр дүнтэй шийдэл биш, эрүүл амьдрал, зөв хооллолт зэрэг нь хамгийн чухал.

Ulaanbaatar.me домайнд байршуулсан “Сармис ашиглан судас цэвэрлэх Төвд жор. Ой санамж сайжирч толгойн өвчин арилна” гэх гарчигтай мэдээллийг Ulaanbaatar news, Мэдээлэл, Public news зэрэг Facebook хуудсаар 08 дугаар сарын 18-ны өдрөөс түгээсэн нь 08 дугаар сарын 21-ныг хүртэл нийт 91 реакц, 3 сэтгэгдэл цуглуулж, 279 удаа цааш хуваалцжээ.

Тус мэдээлэлд “Зүрхний шигдээс, цус харвалт нь дэлхийн үхлийн шалтгааны 70 хувийг эзэлж байна”, “Холестерин судасны хананд бөөгнөрөл үүсгэдэг”, “Саримсанд агуулагдах аллицин гэх ашигт бодисыг анх спиртэд дарсан саримснаас гаргаж авсан”, “Спиртэд дарсан саримс тогтмол хэрэглэснээр зүрх судасны өвчлөлөөс сэргийлнэ” зэрэг агуулгыг дурдсан байна.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Холестерин ба зүрх судасны өвчин

Холестерин нь таны цусанд байх зууралдсан, өөх мэт бодис бөгөөд хүний эрүүл мэндэд амин чухал. Гэсэн хэдий ч муу холестерин хэмжээнээсээ хэтэрвэл таныг зүрх судасны өвчлөл, цус харвалтад хүргэнэ.

Өндөр нягтаршилтай липопротэйн буюу сайн холестерин нь элгэнд үүсэх бөгөөд эсийн үйлдвэрлэл, витамины боловсруулалт, зарим дааврын үйл ажиллагааг зохицуулдаг.

Бага нягтаршилтай липопротэйн буюу муу холестерин нь таны идэж буй хүнсэнд байх холестерин бөгөөд мах, сүү, өндөг, бяслаг зэрэгт агуулагддаг.

Нэг ёсондоо муу холестерин бага хэрэглэж, сайн холестерины хэмжээг өндөр байлгах нь зүрх судасны өвчлөлөөс сэргийлж, бүхэл биеийн эрүүл мэндэд эергээр нөлөөлдөг.

Муу холестерины хэмжээ ихсэх тусам тархи болон зүрх рүү чиглэсэн судасны хананд наалдаж, цусны бүлэнгийн бөөгнөрөл үүсгэж тархины цус харвалт эсвэл зүрхний шигдээс үүсгэдэг.

Америкийн зүрх судас судлаачдын холбооны тайлбар

Амьдралын буруу хэмнэл, зохисгүй хооллолтын үр дүнд холестерины хэрэглээ ихсэж, зүрх судасны өвчлөл үүсгэх магадлал улам өсдөг. Тэгвэл энэ төрлийн өвчлөл нь үнэхээр шалгаж буй мэдээлэлд дурдсан шиг дэлхийн нийт хүн амын 70 хувийн үхэлд буруутай эсэхийг шалгацгаая.

Дэлхийн хүн амын холбогдолтой эрүүл мэндийн тоон үзүүлэлтийн хамгийн найдвартай сурвалж нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага. ДЭМБ хамгийн сүүлд 2020 онд хүн амын үхэл, эндэгдлийн шалтгааны тоон мэдээллийг гаргажээ. Тайланд дурдсанаар:
“2019 онд тохиосон нийт 55.4 сая үхлийн 55 хувь нь эхний 10 шалтгаантай хамааралтай байна. Зүрх судасны өвчлөл, амьсгалын замын өвчлөл, төрөхийн хүндрэл зэрэг нь үхэл эндэгдлийн голлох шалтгаанууд болжээ.
Голлох 10 шалтгааны эхний 7 нь халдварт бус өвчин байх ба нийт үхлийн 44 хувийг бүрдүүлснийг харж болно.

Эндээс эхний 2-т бичигдсэн зүрхний ишемийн өвчин, тархины цус харвалт хоёр нь нийлээд нийт хүн амын үхлийн 27 хувьд хамааралтай байна. Иймд шалгаж буй мэдээлэлд дурдсан 70 хувь гэдэг тоо бодит байдлаас хэт зөрүүтэй ажээ.

2. Саримс ба холестерин

Саримс нь холестерины хэмжээг бууруулах үйлчилгээтэй эсэхийг 1993 оноос эхлэн дэлхийн эрдэмтэд судалсан байдаг. Анх Массачусетсийн анагаах ухааны сургуулийн эрдэмтэд өдөрт 1 хумс саримс идэх нь холестерины түвшнийг 9 хувь бууруулж байгааг тогтоож, судалгааны тайланг JAMA буюу АНУ-ын Анагаах ухааны холбооны сэтгүүлд нийтлүүлжээ. Үүнээс хойш одоог хүртэл олон төрлийн судалгаа хийгдсээр байна. Гэсэн ч саримсны дээр дурдсан нөлөө нь шууд математик аргачлалаар ихсэхгүй. Нэг ёсондоо 1 хумс идэхэд холестерины түвшин 9 хувь буусан бол 2 хумсыг идэхэд 18 хувь болчихно гэсэн үг биш. Мөн саримс байнга хэрэглэх нь богино хугацаандаа холестериныг идэвхтэй дарангуйлах ч урт хугацаандаа нөлөөлөл нь буурч эхэлдэг байна.

Саримсны гол бодис нь аллицин. Нянгийн эсрэг хүчирхэг үйлчилгээтэй, антиоксидант чанар өндөр уг бодисыг 1994 онд эрдэмтэд илрүүлсэн ба спиртэд дарсан саримснаас ялгаж авсан гэдэг үнэн. Тосонд тогтворгүй байсан уг бодис спиртэд тогтвортой байсан тул ялгаж авахад хялбар байжээ. Саримсны зүрх гэгдэх аллицин нь ургамлын тосонд хамгийн тогтворгүй буюу 0.8 цаг л идэвхтэй оршдог. Харин усанд 6 өдөр, спиртэд 11 өдөр идэвхтэй байсан байна. Мөн спиртийн орчинд уснаас 20 хувиар илүү тогтвортой байжээ.

Дээр дурдсанчлан биед сайн гээд саримсыг хэт их идлээ гээд холестерины хэмжээг хангалттай бууруулна гэсэн үг биш. Спиртэд дарж хэрэглэх шууд түүхийгээр нь хэрэглэх хоёрын хооронд ч төдийлөн их ялгаа байхгүй тул та бүхэн өдөр тутмын хэрэглээндээ нэвтрүүлэх боломжтой. Гэхдээ таны ходоод гэдэс хямардаг бол саримсыг болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.

2019 онд Канадын Examine хүнсний шим тэжээл судлалын төвийн вэбсайтад байршуулсан саримсны тухай судалгаанд “Саримс нь өдөр тутамдаа хэрэглэхэд аюулгүй бүтээгдэхүүн юм. Өдөрт 12 грамм буюу 2-3 хумс саримс хэрэглэх нь аюулгүй. Саримс хэрэглэх дээд тун: 70 кг хүртэлх жинтэй хүн өдөрт 17 грамм буюу 3-4 хумс, 90 кг жинтэй хүн өдөрт 22.7 грамм буюу 4-5 хумс, 110 кг хүртэлх жинтэй хүн өдөрт 28.4 грамм буюу 5-7 хумс байна. Дээрх хэмжээг хэтэрсэн тохиолдолд хордлогод орох эрсдэлтэй. Хэт их саримс идсэнээр амны хөндий болон биеэс таагүй үнэр үнэртдэг. Цээж хорсдог, ходоод хямардаг, ходоодны хүчил ихэсдэг тохиолдолд нэг дор их хэмжээгээр идэх зохимжгүй. Сав авахуулах хагалгаанд орсон өвчтөн их хэмжээгээр саримс идсэнээс болоод цус бүлэгнэхгүй, цусны даралт хэт буурах зэрэг гаж нөлөө илэрч байсан. Гоо сайхны, арьсны, нүдний зэрэг энгийн хагалгааны дараа ч саримсны өндөр тунтай хэрэглээний нөлөөгөөр цус бүлэгнэхгүй, шарх удаан эдгэсэн тохиолдлууд бүртгэгдэж байжээ” гэсэн байна.

3. Зрх судасны өвчлөлөөс сэргийлэх зөвлөмж

Баримт шалгалтад дурдсанчлан саримс нь зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх хангалттай шийдэл биш. Иймд та бүхэнд АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтын төв байгууллагын зөвлөмжийг хүргэж байна.

Ханасан өөх тосноос татгалз. Амьтны гаралтай бүтээгдэхүүн болох бяслаг, өөх ихтэй мах, хурц сүүн бүтээгдэхүүн мөн далдуу модны тос зэргийг хяналттай хэрэглэ. Ханасан өөх тос ихтэй бүтээгдэхүүнүүд холестерин ихээр агуулах хандлагатай байдаг.

Нэмэлт чихэр, давсгүй, транс тос агуулаагүй хүнсийг түлхүү хэрэглэ. Бор мах, далайн бүтээгдэхүүн, тослоггүй сүү, тараг, бүхэн үр, жимс, ногоо гэх мэт.

Эслэг ихтэй хүнс ид. Овьёос, шош, авокадо, оливын тос, самар гэх мэт. Эдгээр нь сайн холестерины үйл ажиллагааг дэмждэг.

Жингээ тогтмол хянаж дасгал хөдөлгөөн сайн хий. Таргалалтын түвшин ихсэх тусам таны бие холестерины хяналтаа алдаж, цуснаас муу холестериныг ялгах аргагүй болж байдаг.

Архи, тамхинаас зайлсхий. Архины хэрэглээ холестерин болон цусан дахь триглицерид гэх нэгэн төрлийн өөхний хэмжээг нэмэгдүүлдэг бол тамхи нь судас гэмтээж, хатууруулах эрсдэлтэй.

АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтын төв байгууллага


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document