Хенри Киссинжерийн хэлсэн үг гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #645

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хенри Киссинжер социализмыг сайшааж, капитализмыг буруушаасан агуулгатай үг хэлсэн хэмээн түүний эшлэлийг түгээжээ

Баримт шалгалтын үр дүн

Хенри Киссинжерийн хэлсэн үг гэх эшлэлийг анх хошин, элэглэлийн агуулгатай мэдээлэл түгээдэг вэб сайт нийтэлжээ

2023 оны 08 дугаар сарын 16-нд Uma Suri гэх хаягтай фэйсбүүк хэрэглэгч АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Киссинжер социалист нийгэмд төрж өссөн хүмүүсийг онцгойлон өргөмжилж капитализм нь “…эрээн мяраан, өнгө үзэмжийн цаана нуугдаж байдаг зэрлэг адгуусны хууль үйлчилдэг…” хэмээн тодорхойлсон тухай мэдээлэл нийтлэн өндөр хандалт авсан байна. Энэ мэдээлэлд Киссинжер “Бидэнд зөвхөн секс байсан, тэдэнд хайр дурлал. Бидэнд зөвхөн мөнгө байсан, тэдэнд хүн ёсны талархал. Бүх юманд. Би социализмыг шүтэгч биш ээ. Би барууны сэтгэхүйтэй капиталист нийгмийн гишүүн. Гэхдээ соц нийгэмд жинхэнэ хүмүүс төрдөг байжээ. Homo soveticus гэж хэлж болно. Тэр хүмүүс биднээс нэг шат ахиу. Үүнийг бид устгасан нь хүн төрөлхтний маш том гэмт хэрэг байж магад. Бид маш энгийн зүйлд чин сэтгэлээсээ баярладаг сэтгэл дүүрэн амьдралыг нь хааж, гаднах эрээн мяраан, өнгө үзэмжийн цаана нуугдаж байдаг зэрлэг адгуусны хууль үйлчилдэг капитализмын үүдийг нээж өгчээ.. ” гэж хэлсэн хэмээн эшилсэн байна.

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгав

Киссинжер дээрх үгийг хэлсэн эсэх талаар тодруулахад энэ нь ёгтлол, хошин мэдээлэл оруулдаг орос хэл дээрх вэб сайтад анх нийтлэгдэн тархаж байсныг тогтоосон. Түүнчлэн энэ мэдээллийг Myth Detector, Re:Baltica зэрэг баримт шалгах байгууллагууд шалган орос хэл дээр нийтлэгдсэн зохиомол эшлэл болохыг нь мэдээлж байжээ.

Дээрх эшлэлийн монгол эх сурвалж олдоогүй ба бид орос эшлэлийн эхний өгүүлбэрийг (бидэнд зөвхөн секс байсан, тэдэнд хайр дурлал) орос хэл дээр “у нас был только секс, а у них была любовь” гэсэн түлхүүр үгээр Google хайлтын системд хайхад дээрх эшлэл хамгийн анх panaroma.pub гэх вэб сайтад нийтлэгдсэн байхаар байна.

2018 оны 10 дугаар сарын 15-нд нийтлэгдсэн энэ мэдээлэлд “Хенри Киссинжер капитализмд итгэхээ больсон ба Зөвлөлт Холбоот улс нуран унасан нь Америкийн хамгийн том гэмт хэрэг байсан гэж хэлсэн” гэх гарчигтай түүний итгэл үнэмшил өөрчлөгдсөн тухай тайлбарласан эшлэл бүхий мэдээллийг оруулсан байна. 

Түүний яриа нийтлэгдсэн гэх panaroma.pub вэб сайтын нүүр хуудасны доод хэсэг дэх анхааруулга (предупреждение) гэсэн хэсэгт оросоор “Все тексты на этом сайте представляют собой гротескные пародии на реальность и не являются реальными новостями” гэж бичсэн байсан ба монгол хэл рүү хөрвүүлбэл “Энэ сайт дээрх бүх текст нь бодит байдлын бүдүүлэг элэглэл бөгөөд бодит мэдээ биш юм.” гэж тэмдэглэсэн байна.

Энэ вэб сайт дээр Орос, олон улсын харилцаа, түүхийн асуудлуудын талаар бодит бус мэдээлэл түгээж байсныг харж болох ба Гүржийн баримт шалгах байгууллага Myth Detector panaroma.pub нь олон удаа хуурамч мэдээллийн эх сурвалж болж байсныг 2020 онд нийтэлсэн баримт шалгалтдаа онцолж байжээ.

Хенри Киссинжерийн хэлсэн үг гэх мэдээллийн эх сурвалж нь хошин, элэглэлийн вэб сайтаас үүсэлтэй буюу түүнийг дээрх үгийг хэлсэн гэх найдвартай эх сурвалж байхгүй байна.

Хошин, элэглэлийн гэх вэб сайтууд нь бодит мэт сэтгэгдэл төрүүлэхүйц мэдээлэл нийтэлдэг нь улс төрийн суртал ухуулга түгээх нэг арга зам болдог бөгөөд мэдээллийн эх сурвалжийг шалган тодорхойлох нь суртал ухуулгад өртөхөөс зайлсхийхэд туслах юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document