Үерийн усанд барилга хазайсан гэх агуулга бүхий зураг худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #637

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Үерийн гамшигийн үеэр “Төрийн хуулийг аргалавч байгалийн хуулийг давсан нь үгүй” гэсэн тайлбартай хазайсан барилгын зургийг түгээгээд байна.

Баримт шалгалтын үр дүн

2019 онд нийтлэгдэж байсан зургийг дахиж түгээн хазайсан нь тогтоодоогүй, камерт хэлбийж буусан зургийг үерийн улмаас хазайсан мэтээр түгээжээ.

Баригдаж гүйцээгүй, хазайсан барилгын зураг фэйсбүүкт тархан өндөр хандалт аваад байна (энд, энд бас энд). Энэ барилгыг төрийн авлигын үр дагавар гэсэн агуулгатайгаар хэд хэдэн пост тайлбарлан нийтэлсэн байна. Нэг постод “Төрийн хуулийг аргалавч байгалийн хуулийг давсан нь үгүй” гэж тайлбарлан дээрх хазайсан барилгын зургийг хавсарган нийтэлсэн байна.

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгав

Дээрх зурагт zindaa.mn мэдээллийн вэб сайтын логог тамгалсан байгаа ба энэ зургийн тухай судлахад 2019 онд интернетэд түгээгдэж байсныг тогтоосон. Тодруулбал, 2019 оны 08 дугаар сард хазайлттай баригдсан барилгын тухай мэдээлэл гарах үед хэвлэл мэдээллийн байгууллагууд тус барилга нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хэмжилтээр хазайгаагүй гэх дүгнэлт гарсныг мэдээлж байсан байна. Тухайн үед буюу 2019 оны 8-р сарын 08-нд peak.mn вэб сайт хазайлттай гэх барилга нь хэвийн байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг эшлэн мэдээлэхдээ 

“Хан-Уул дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Яармагийн эмнэлгийн ард баригдаж буй “Скайциркл” ХХК-ийн захиалгатай “Сант-Од” ХХК-ийн зураг төслийн дагуу “Голомт констракшн” ХХК-ийн гүйцэтгэж байгаа “VIP” зочид буудлын барилга угсралтын байдалд Мэргэжлийн хяналтын газраас 05 дугаар сарын 21-ний өдөр хяналт шалгалт хийсэн.

Шалгалтаар уг барилга нь Нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 0001212 008/2018 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байв. 

Өчигдөр буюу энэ сарын 07-нд South NL32, South DSZ3, Sokkia SET210, South NTS-362R, South galaxy G1, South DSZ2, Sokkia powerset SET3000 маркийн электрон багаж хэрэгслээр хэмжилт хийхэд барилга хазайлтгүй, хэвийн байна.” гэсэн тайлбарыг онцолсон байна.

Мөн шалгалтын талаарх мэдээлэлд zindaa.mn вэб сайтын тамгатай зурагтай ижил өнцгөөс авсан зургуудыг peak.mn вэб сайт нийтэлж байсан ба эндээс хазайсан байдал ажиглагдахгүй байна.

Мэргэжлийн хяналтын газар 2022 онд татан буугдсантай холбоотойгоор дээрх дүгнэлтийн албан мэдээллийг вэб сайтаас нь олох боломжгүй байсан ч дүгнэлтийн хэсгүүдийг Google-д хайхад тус байгууллагын ижил тексттэй шалгалтын мэдээллүүд гарч ирж байв. Мөн бид Wayback Machine-с хазайсан гэх барилгын шалгалтын албан мэдээлэл 2019 оны 08 дугаар сарын 07-нд нийтэлж байсныг харж болохоор байна.

Google дэх хазайсан барилгын шалгалтын талаарх хайлтын илэрц

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын вэб сайтад хазайсан гэх барилгын шалгалтын албан мэдээлэл

Хэдийгээр бид zindaa.mn вэб сайтын тамгатай зургийн эх хувилбарыг олоогүй ч хазайсан барилга гэх зургийн талаар 2019 оны 08 дугаар сарын 07-нд zindaa.mn залруулга мэдээлэл нийтлэн тухайн үеийн фото сурвалжлагын үеэр авсан барилгын зураг нь камерны дуранд хэлбийж бууснаас шалтгаалсан болохыг мэдэгдсэн байна. Залруулгын тайлбарт бичсэнээр “Хотын төв зам болон гэр хороолол усанд автсан нөхцөл байдлыг сурвалжлах явцдаа манай сэтгүүлчийн бэлтгэсэн  “Нийслэлд үер буулаа: Усанд боогдсон иргэдийг аюулгүй болгов” фото сурвалжлагад зарим барилгын зураг өргөн өнцөгтэй дуранд буусан байдал нь компанийн барилга хазайлт өгсөн мэт ойлгогдохоор нийтлэгдсэнд хүлцэл өчиж байна.” гэж тэмдэглэжээ.


Гудамжны зураг, газрын зургийн мэдээллийн платформ Mapillary дахь 2023 оны 03 дугаар сард авсан зурагт хазайсан гэх барилга хэрхэн өөрчлөгдсөнийг доорх зургаас харж болох ба одоо энэ барилга нь IRIS Residence гэх орон сууцны барилга болсон байна.

Бидний шалгасан мэдээлэлд Улаанбаатар хотод 2023 оны 08 дугаар сарын 5-6-нд болсон үерийн дараа хуучирсан, худал зургийг сэргээн түгээсэн нь нийгмийн бухимдлыг хиймлээр өдөөх үр дагавартай байх тул та бүхэнд баримт шалгалт хийн хүргэлээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document