Аспартам зарим төрлийн аминдэмд л агуулагддаг ба зөвшөөрөгдөх тунгаас хэтрүүлэн хэрэглэж болохгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #627

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Витаминууд аспартамын агууламжтай байдгийг ДЭМБ тогтоолоо гэсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Зөвхөн зажилдаг болон хүлхдэг витаминууд аспартамын агууламжтай байдаг. Өдрийн зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрэхгүй бол аюулгүй.

2023 оны 07 дугаар сарын 20-нд Tserenkhuu Ishtseden нэртэй хэрэглэгч “Витаминууд АСПАРТАМ агуулгатай байдгийг ДЭМБ нотоллоо. Өдрийн зохистой хэрэглээ нь биеийн жингийн массын кг тутамд 40мгр хэтрүүлэхгүй байх. Удаан хугацаагаар уухгүй байх” гэх тайлбартай, аминдэмийн аспартамын агууламжийг харуулсан хүснэгтийн зургийг нийтэлсэн нь 07 дугаар сарын 31-ний байдлаар 262 реакц, 41 сэтгэгдэл авч, 95 удаа цааш хуваалцсан байна.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Анх 1981 онд аспартамыг зах зээлд нэвтрүүлжээ

1965 онд АНУ-ын химич Жэймс Шлаттэр аспартамыг санамсаргүй байдлаар илрүүлжээ. Тэрээр яр, шархны эсрэг үйлчилгээтэй бодисын судалгаа хийж байх үедээ аюулгүй ажиллагааны зөвлөмжийг зөрчин хуруугаа санамсаргүй долоосонд чихэрлэг амт амтагдсан байна. Ингээд тус бодисыг мэргэжлийн байгууллагуудад танилцуулж, судалгаа, шинжилгээ хийсний эцэст 1981 онд АНУ-ын Хүнс ба эмийн агентлаг зах зээлд нэвтрүүлэх зөвшөөрөл олгожээ. Аспартамыг зөвхөн хийжүүлсэн ундаа, амттан, төрөл бүрийн чихэрт хэрэглэхийг зөвшөөрдөг байсан ч 1983 онд бүх төрлийн бүтээгдэхүүнд хэрэглэх боломжтой болсон байна.

2. Хорт хавдар судлалын олон улсын байгууллага аспартамыг “Хорт хавдар үүсгэгчийн 2B бүлэг“-т бүртгэсэн. Зарим аминдэм л аспартамын агууламжтай байдаг.

ДЭМБ-ын салбар байгууллага болох Хорт хавдар судлалын олон улсын байгууллага нь судалгаа, шинжилгээний байгууллагуудын хорт хавдрын үүсгүүрийг тогтоон илрүүлэх үйл ажиллагааг чиглүүлэн, дүгнэлт гаргах, хорт хавдрын тоон үзүүлэлтүүдийг гаргаж улс орнуудад зөвлөмж хүргүүлэх чиг үүрэгтэй. Тус байгууллага нь хорт хавдрын үүсгүүрийг 4 бүлэгт ангилж зарладаг.

  • 1 дүгээр бүлэг Хорт хавдар үүсгэгч /127 үүсгүүр/
  • 2А бүлэг Хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй /95 үүсгүүр/
  • 2В бүлэг Хорт хавдар үүсгэх магадлалтай /323 үүсгүүр/
  • 3 дугаар бүлэг Хорт хавдар үүсгэхгүй /500 үүсгүүр/

Тэгвэл энэ оны 07 дугаар сарын 14-нд 2В бүлэгт аспартамыг шинээр бүртгэжээ. Холбогдох мэдэгдэлд:
“Аспартам нь химийн аргаар гаргаж авсан чихэрлэг амт оруулагч юм. Хүн төрөлхтөн 1980 оноос эхлэн тус бодисыг хийжүүлсэн удаа, бохь, желатин, зайрмаг, сүүлэн бүтээгдэхүүн, өглөөний хоол, шүдний оо, хоолойны эм, зажилдаг аминдэм гэх мэт төрөл бүрийн бүтээгдэхүүнд хэрэглэсээр иржээ. Хорт хавдар судлалын олон улсын байгууллага нь олон жилийн судалгаа шинжилгээний эцэст аспартамыг Хорт хавдар үүсгэх магадлалтай гэх дүгнэлтэд хүрлээ. Мөн ДЭМБ болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтарсан Хүнсний нэмэлтийг судлах мэргэжлийн хороо ч тэр ижил дүгнэлт гаргасан болно. Аспартамыг 2В бүлэгт нэмсэн гэдэг нь хорт хавдар шууд үүсгэдэг гэсэн үг биш. Гэсэн хэдий ч ховор төрлийн элэгний хорт хавдар үүсгэх эрсдэлтэйг харуулж буй үндэслэл бүхий баримтууд байгаа тул уг шийдвэрийг гаргасан болно. Бид аливаа бодисыг хүний биед хорт хавдар үүсгэх эрсдэлтэйг эсхүл амьтанд хорт хавдар үүсгэж буйг нотолсон хангалттай туршилт хийгдсэн тохиолдолд 2В бүлэгт нэмдэг. Аспартамын өдрийн зөвшөөрөгдөх хэмжээ нь биеийн жингийн килограмм тутамд 40 миллиграмм. Уг хэмжээнээс хэтэрвэл сөрөг нөлөө үзүүлж болзошгүй.
Нас биед хүрсэн 70 килограмм жинтэй эрэгтэй өдөрт дор хаяж 9-14 лааз аспартамын агууламжтай ундаа ууж байж зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрнэ. Иймд та бүхэн аспартамын агууламжтай бүтээгдэхүүнийг хяналттайгаар хэрэглэж заншаарай” гэсэн байна.

Шалгаж буй мэдээлэлд хавсаргасан зурагт харагдах хүснэгтийг анзаарвал аспартамын агууламж аль ч аминдэмд 0 гэсэн байгаа. Учир нь аминдэм үндсэн найрлагадаа аспартам агуулдаггүй. Харин тухайн аминдэмийг нийтийн хэрэглээнд бүтээгдэхүүн болгож хүргэх явцдаа гашуун, эвгүй амтыг дарах зорилгоор аспартам нэмдэг байна. Энэ нь зах зээлд буй бүх аминдэм аспартамын агууламжтай байдаг гэсэн үг биш. ДЭМБ ч аминдэм аспартамыг агууламжтай гэдгийг тогтоогоогүй. Өмнө дурдсанчлан аспартамыг аминдэм гэлтгүй өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдэд хэрэглэсээр л ирсэн. Харин зажилдаг, хүлхдэг аминдэм болон бусад бүтээгдэхүүнд агуулагдаж буй аспартамын хэмжээ өдрийн зөвшөөрөгдөх тунгаас хэтэрвэл хорт хавдар үүсгэх эрсдэлтэй болохыг анхааруулжээ.

Зажилдаг болон хүлхдэг аминдэм нэг ширхэг шахмалдаа дунджаар 1 миллиграмм аспартам агуулдаг. Гэсэн хэдий ч уг хэмжээнээс их эсхүл бага байх боломжтой тул бүтээгдэхүүний хаяг, шошгыг сайтар судалж байж сонголтоо хийгээрэй. Мөн ямар ч төрлийн аминдэм хүнсний бүтээгдэхүүн биш тул бага насны хүүхдүүдэд дур мэдэн их хэмжээгээр хэрэглүүлэхгүй байх нь зүйтэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document