2023 оны 07 дугаар сарынд 30-нд Испанид хэт халуун болж 60 градусын температуртай болсон тухай мэдээлэл түгэн өндөр хандалт аваад байна (энд, энд). Түгсэн мэдээлэлд товч тайлбарласнаар “Испани шатаж байна”. 60 градус нэмэх хүрчээ…” хэмээн Испани, Португал зэрэг улсууд оршдог Иберийн хойгийн зураг улаан өнгөөр дүүрсэн буюу хэт халуун болж буйг илтгэсэн зургийн хамт нийтлэсэн байна. Зурагт Европын Холбоо болон Европын Холбооны сансрын хөтөлбөр Коперникусын лого зүүн дээд хэсэгт эгнэн байрласан байна.
FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
Бид дээрх зурагны эх сурвалжийг олохоор Коперникусын вэб сайт руу орж үзэхэд 07 дугаар сарын 12-нд нийтлэгдсэн мэдээлэлд Европт үргэлжилж буй хэт халалтаас шалтгаалан Испанид хэт халуун “шатаж” байгаа тухай мэдээлсэн байна. Тус мэдээлэлд тайлбарласнаар 2023 оны 07 дугаар сарын 11-нд Испанийн зарим газарт газрын гадаргын температур (LST-land surface temperature) цельсийн 60 хэмээс хэтэрсэн тухай мэдээлжээ.
Коперникус хөтөлбөрийн Сентинел-3 хиймэл дагуул нь газрын гадаргуу болон далайн температурыг хэмжих чадвартай байдаг ба Европт болж буй хэт халалтын талаар анхааруулсан байна. Гэхдээ дээрх мэдээллийн доод хэсэгт зөвхөн газрын гадаргын температурыг мэдээлсэн ба агаарын температуртай андуурахгүй байхыг сануулсан байна.
Тодруулбал, агаарын температурыг бидний өдөр тутамдаа анхаардаг цаг агаарын мэдээгээр мэдээлдэг бол газрын гадаргын температурыг тариалан, уур амьсгалын шинжлэх ухаан гэх мэтэд ашигладаг байна.
АНУ-ын сансрын хөтөлбөрийн НАСА-гийн мэдээлснээр “Газрын гадаргын температур нь газарт хүрэхэд ямар халуун байгааг хэмждэг. Энэ нь агаарын температураас (цаг агаарын мэдээнд танилцуулдаг температур) ялгаатай, яагаад гэвэл газар нь агаараас түргэн халж, хөрдөг” гэж тайлбарласан байна.
07 дугаар сарын 11-нд Испанийн агаарын температур зарим газар цельсийн 43 хэм хүрч байсныг Испанийн төрийн телевиз RTVE мэдээлж байсан байна.
Харин бидний шалгасан мэдээлэл нийтлэгдсэн өдөр буюу 07 дугаар сарын 30-нд Испани дахь агаарын температур өдрийн 13 цагийн байдлаар дараах байдалтай байгааг Испанийн төрийн Цаг уурын агентлаг танилцуулсан байна.
Зурагт Испанийн өмнөд хэсгээр зарим газар агаарын температур 36 хэм хүртэл халж байгааг харж болохоор байна.