“Чингис хаанаа Украинд алддаг байжээ” гэсэн тайлбартай Чингис хааныг Украин хүн байсан гэж дүгнэсэн түүхчийн тухай мэдээний бичлэг фэйсбүүкт түгэн өндөр хандалт аваад байна (энд, энд бас энд). Бичлэгт АФ гэсэн нэртэй телевизийн сувгаар хөтлөгч эмэгтэй орос хэлээр ярихдаа “Харьковын түүхч Александр Зинухов Чингис хааныг өнөөгийн Украины газар нутагт төрсөн Елена гэх слав эхтэй Украин хүн байсан ба хожим дорныг эзэлсэн” гэж мэтгэсэн тухай бэлтгэсэн мэдээг уншиж танилцуулжээ. Постын тайлбарт “За ингээд их эзэн Чингис хаанаа Украйнд алддаг байжээ хөөрхий. Чингис хаан яг үнэндээ бол Украин хүн байсан. Елина гэх Орос эхтэй.Эцэг нь Исаак нэртэй Еврей. Монголд биш Украйнд, Дон Днепр мөрний хөндийд төрсөн. 13-р зуунд Монголоос ирээгүй, анхнаасаа Украйнд байсныг Украйны эрдэмтэн Александр Зинухов судалж олж тогтоож гэнэ” гэсэн байна.
FACTCHECK:Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
Бид энэ бичлэг, мэдээллийн эх сурвалжийг олохоор судлахад энэ нь 2003 онд анх цацагдаж байсан сонин хачин мэдээг саяхны үйл явдал мэтээр бүрэн тайлбаргүй олон нийтэд түгээжээ. Мөн энэ мэдээлэл нь Оросын Украинд чиглэсэн суртал ухуулгын нэг хэсэг буюу Украины дотоод улс төрийн зөрчилд ашиглагдсан мэдээлэл байхаар байна.
Эх сурвалжийг үнэлэх нь
АФ гэсэн телевиз нь орос хэл дээр “Антифашист информационное агенство” гэсэн нэрийн товчлол бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 7-нд дээр тайлбарласан бичлэгт нэвтрүүлэгчийн уншсан ижил текстийг өөрсдийн вэб сайтдаа нийтэлж байсан байна. Энэ мэдээллийн вэб сайтад голдуу Оросыг дэмжиж, Украины талаар сөрөг мэдээлэл түгээсэн байгааг харж болох ба бидний шалгасан бичлэгтэй ижил хэлбэртэй мэдээллийг тогтмол түгээдэг байна.
Бид АФ вэб сайтын архив руу Wayback Machine ашиглан энэ вэб сайт нь хэзээ, ямар зорилготой байгуулагдсаныг хайхад 2009 оны 09 дүгээр сард Харьков хотод болсон “Антифашист форум” гэх хурлаас үүссэн болохыг тэмдэглэжээ. Энэ байгууллагын зорилго нь “Украинд нацизм дэлгэрүүлэх явдлыг дэмжиж байгаа улстөрчдийг эрх мэдлээс зайлуулах, дэлхийн хоёр дугаар дайны түүхийг дахин бичих, хуйвалдагчид урвагчдыг алдаршуулахын эсрэг үйл ажиллагаа явуулна” гэж тодорхойлсон байна.
Энэ хурлыг тэргүүлэгчдээр Украины парламентын гишүүн Дмитрий Шенцев болон Луганскын орон нутгийн зөвлөлийн тэргүүн Валерий Голенко нар сонгогдож байсныг тус вэб сайтад мэдээлсэн байна.
Дмитрий Шенцев 2022 оны 09 дүгээр сар хүртэл Украины парламент болох Радад төлөөлөгч байсан ба харъяалагдаж байсан сөрөг хүчний намынх нь (Опозиційна платформа – За життя) үйл ажиллагаа хориглогдсоны дараа Радад огцрох өргөдлөө өгсөн байна. Харин Валерий Голенког ОХУ-д улсад амьдарч байгаа тухай 2016 онд Украины Грома́дське ра́діо мэдээлж байжээ. Голенко нь 2014 онд Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа явуулсан хэргээр буюу Луганскыг салан тусгаарлуулах ажиллагаанд оролцсон хэргээр шүүгдэж байгаа аж.
Чингис хаан Украинд төрсөн гэх мэдээллийн тухайд
Антифашист гэх мэдээллийн байгууллага нь Украины талаарх сөрөг мэдээлэл гаргахдаа одоо ажиллагаагүй болсон “Объектив” гэх мэдээллийн вэб сайтад 2003 оны 11 дүгээр сард гарч байсан Чингис хааныг өнөөгийн Украинд төрсөн гэж дүгнэсэн Украины түүхч Александр Зинуховын талаар мэдээлэл бэлтгэснийг ашигласан байна. Тэрээр 2005 онд энэ талаараа дэлгэрүүлэн “Чингис хаан – Киевийн Исаакын хүү” гарчигтай ном хэвлүүлж байсан аж. Түүний энэ анхаарал татсан дүгнэлтийг мөн 2004 онд MediaPort зэрэг Украины бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байжээ.
Чингис хааны тухай номоо хэвлүүлэхээс өмнө 2004 онд бас нэгэн шуугиан дэгдээсэн таамаг дэвшүүлсэн нь А.С.Пушкин тулаанд орж буудуулж үхээгүй мэргэн буучид алуулсан гэж мэтгэж байсныг MediaPort мэдээлж байжээ. Хожим 2006 оны 02 дугаар сарын 13-нд Зинухов нас барсаныг тус мэдээллийн вэб сайт мэдээлэхдээ “судлаач, эрдэмтэн түүхчид Александр Зинуховыг өөрсдийн нэг гэж хүлээн авч байгаагүй ба түүний бүтээлүүд нь шинжлэх ухааны үндэслэлгүй байсан” гэж тэмдэглэжээ.
Чингис хааны төрсөн газрыг Хэнтий аймгийн Дадал сумын нутагт гэдгийг эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг.
Монголын түүхчдийн дунд хүлээн зөвшөөрөгдсөн Чингис хааны төрсөн газар нь өнөөгийн Хэнтий аймгийн нутагт орших Дэлүүн болдог гэх газар юм. Тодруулбал, түүний төрсөн нутаг нь Хэнтий аймгийн Дадал суманд гэж тогтоож буй талаар Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Ц.Цэрэндорж 2023 оны 02 дугаар сарын 08-нд болсон “Тэмүүжин-Чингис хааны түүхт Ононы Дэлүүн Болдог” номын нээлтийн үеэр хэлэхдээ “Чингис хааны төрсөн газар Дэлүүн Болдогийн хувьд хоёр гурван санал байдаг. Манай хүрээлэн, эрдэмтэд, ахмад болон одоогийн түүхчдийн голлох байр суурь бол Дэлүүн Болдог нь Хэнтий аймгийн Дадал суманд оршиж байна гэдэгт санал нэгдсэн. Өөрөөр хэлбэл Чингис хааны төрсөн Дэлүүн Болдогийн тухай сурвалжийн мэдээ болон сүүлийн үеийн түүхэн газар зүйн судалгаатай холбож үзэхэд Чингис хааны мэндэлсэн газар бол Дадал сумын нутагт байна гэдэг нь илүү баттай, нотолгоотой гэдэгт манай хүрээлэнгийн эрдэмтэд санал нэгдэж байна” гэж онцолсныг МОНЦАМЭ агентлаг мэдээлсэн байна.
Бид цааш ШУА-ын Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор профессор А.Очиртой холбогдон Чингис хааны төрсөн газрын талаар өнөөгийн түүхчдийн дунд буй ойлголт, дүгнэлтийн талаар тодруулахад “Дэлүүн болдог нь хааны төрсөн газар гэдгийг олонх эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг” гэж мэдэгдсэн. Тэрээр Дэлүүн болдог нь “Монголын нууц товчоо”, Рашид ад-Дины “Судрын чуулган” зэрэг түүхэн бичвэрт тэмдэглэгдсэн байдгийг мөн онцолсон.
Мөн бид 07 дугаар сарын 28-нд АНУ-ын Пенсилванийн их сургуулийн Монголын түүх судлаач, профессор Кристофер Атвүүдтэй имэйлээр холбогдоход “Чингис хааны Дэлүүн болдогт төрсөн хэмээн Монголын нууц товчоо, Судрын чуулган зэрэг түүхэн бүтээлүүдэд тэмдэглэгдсэн” байдгийг тодотгосон юм.
Чингис хааныг Украинд төрсөн гэх итгэмээргүй таамаглал дэвшүүлсэн түүхч гэх Александр Зинухов агсны талаарх хуучирсан мэдээллийг дахин сэргээн түгээж буй нь хандалт авах, Украины талаар сөрөг сэтгэгдэл үүсгэх зорилготой байж болох ба энэ нь өнөөгийн Украинд болж буй үйл явдал биш юм.