“Байна” гэж бичээд 3 сая төгрөгтэй болмоор байна уу?

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #621

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Яаг одоо эргэн төлөлтгүй өрх бүрт 3 сая аваагүй хүмүүс амжаад аваарай сүүлийн хэдэн хүмүүстээ өгөөд өнөөдөр хаагдлаа. Та #чатаар байна гээд бичээрэй” гэсэн зар оруулсан байна.

Баримт шалгалтын үр дүн

Ямар ч нөхцөлгүй, барьцаа эд хөрөнгө шаардаагүй  зүгээр л чатаар “байна” гэж бичээд 3 сая төгрөгтэй болно гэдэгт итгэж, хандсан хүнийг “зээлийн эрх нь нээгдлээ, эхлээд шимтгэл хураамжаа төл” гэж шаардах, эсвэл дансны нэр, дугаар, нууц үг зэрэг хувийн мэдээллийг нь хуурч аваад, хохирол учруулах зэрэг эрсдэл дагуулж байна.

  • Энэхүү баримт шалгалтын тайлангийн гарчиг нь энгийн тайлангийн гарчгаас илүү олон хүний анхаарал татах эсэхийг судлах судалгаанд та оролцлоо, баярлалаа. Одоо мэдээллээ хүлээн авна уу.

2023 оны 7-р сарын 27-нд “Халамж ба хүүхдийн мөнгө” группт Буяна Буянка гэсэн хаягаас  “Яаг одоо эргэн төлөлтгүй өрх бүрт 3 сая аваагүй хүмүүс амжаад аваарай сүүлийн хэдэн хүмүүстээ өгөөд өнөөдөр хаагдлаа. Та #чатаар байна гээд бичээрэй” гэсэн зар оруулсан бөгөөд 29  лайк авч, 148 сэтгэгдэл бичигдэж, 1 удаа цааш нь хуваалцжээ. 

Хуурамч мэдээлэл эсэхийг шалгах анхан шатны аргыг танилцуулъя.

Хаягийг шалгах 

  • Юуны өмнө итгэмээргүй нөхцөл, үнэгүй бэлэг, мөнгө тараана гэсэн пост оруулсан хаяг дээр дарж ороод үзэж байгаарай. 

Буяна Буянка гэх хэрэглэгч нь нүүр зургаа оруулснаас өөрөөр нээлттэй post хийгээгүй байна.  Хаягийн мэдээлэлд танилцуулгаа бөглөөгүй, хөтөлсөн түүхгүй байна. 

Яг ийм агуулгатай зарыг энэ хаягаас 2023 оны 5-р сарын 19-нд “Халамж ба хүүхдийн мөнгө” группт анх оруулсан байна. Ингэхдээ Хаан банкны дансны гүйлгээг скрийн шот хийсэн хэлбэрээр ашиглажээ. 

Улмаар 5-р сарын 25-наас 07 дугаар сарын 20-ны хугацаанд зөвхөн “Халамж ба хүүхдийн мөнгө” группэд нийт 18 пост оруулсан байна. 

Тухайн хаягийн үндсэн нүүр хуудаст нээлттэй байдлаар нэг ч пост оруулаагүй. Харин шалгаж буй мэдээллийн агуулгын түлхүүр үг болгож “эргэн төлөгдөхгүй” гэх үгээр хаягт хайж үзэхэд 04 дүгээр сарын 18-наас “өрх бүрт 3.000.000 сая аваагүй яаралтай мөнгө хэрэгтэй байгаа эхний хэдэн хүнд өгөөд хаагдлаа. чатаар байна гээд бичээрэй зөвхөн чат бичээрэй. @Жич өрхын гишүүн бүрт өгнө сонгоод хэдхэн хүнд өгнө шүү” гэх зарыг орон нутгийн группүүд болон зарын группүүдэд оруулж байсан байна.

Логик буюу учир шалтгааныг тооцох 

Эргэн төлөлт гэдэг нь авсан зээлийнхээ хүү болон үндсэн төлбөрийг хуваарийн дагуу банк эсвэл банк бус санхүүгийн байгууллагад буцаан төлөх санхүүгийн процесс юм.  

Харин энэ зар дээр өрх бүрт хаанаас ч юм 3 сая төгрөг олгоод түүнийгээ эргүүлж авахгүй гэх ойлголт төрүүлэхийг санаархжээ. Чухам ямар шалтгаанаар 3 сая төгрөгийг олгох болсон тухайгаа албан ёсоор тайлбарлаагүй бөгөөд “сүүлийн хэдхэн хүнд олгоно” гэж яаруулан, бодит байдлыг дүгнэн бодох завдал өгөхгүйгээр чатаар харилцаж, санхүүгийн болон хувь хүний нууцлалаа алдах эрсдэлд хүргэх санаархалтай гэж үзэх үндэслэлтэй.

Ямар ч нөхцөлгүй, барьцаа эд хөрөнгө шаардаагүй  зүгээр л чатаар “байна” гэж бичээд 3 сая төгрөгтэй болно гэдэгт итгэж, хандсан хүнийг “зээлийн эрх нь нээгдлээ, эхлээд шимтгэл хураамжаа төл” гэж шаардах, эсвэл дансны нэр, дугаар, нууц үг зэрэг хувийн мэдээллийг нь хуурч аваад, хохирол учруулах зэрэг эрсдэл дагуулж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document