Жүжигчин Жэки Чан өөрийн тоглосон кинонуудын хэсгээ охинтойгоо хамт үзэн уйлж буй гэх бичлэг тархан өндөр хандалт аваад байна (энд, энд бас энд). Бичлэгт Жэки Чан өөрийн охин гэх эмэгтэйн хамт хуучны кинонуудынхаа хүнд үзүүлбэрийн хэсгүүдийн үзэн уйлж байгаа тухай гардаг. Түүний хажууд зогссон эмэгтэй киноны хэсгүүдийг үзэн хятадаар “өвддөг байсан уу?” гэж асуухад “Би мартчихжээ” гэж хэлэхэд “Ааваа, та гайхалтай юмаа.” гэж хариулдаг байна.
Дээр тайлбарласан бичлэг нь Жэки Чан охинтойгоо байгаа бичлэг биш харин түүний тоглосон киноны хэсэг юм. Ижил агуулга, тайлбартай төөрөгдүүлсэн мэдээллийг AFP Fact Check, Dubawa зэрэг баримт шалгах байгууллага мэдээлсэн бөгөөд AFP-ийн мэдээлснээр энэ бичлэг нь Tiktok, Youtube, Instagram зэрэг сошиал медиа платформуудад олон хэлээр тархан өндөр хандалт аваад байгаа аж.
Бид Youtube-д “jackie chan crying” гэсэн түлхүүр үгээр хайхад дараах “Jackie Chan crying while watching his old stunts with his daughter” бичлэг илэрцийн эхэнд гарч ирсэн. Бичлэгийн тайлбар хэсэгт энэ нь 2023 онд гарч эхэлсэн “Ride On” киноны хэсэг бөгөөд түүний хажууд буй эмэгтэй төрсөн охин нь биш харин хятад жүжигчин Лиү Хаочун гэж бичжээ.
Жэки Чан гол дүрд тоглосон энэ кинонд тэрээр Лао Луо гэх кареераа алдсан орлон тоглогчийн дүрд тоглодог ба салалтаасаа хойш асран хамгаалах эрхгүй болж Бао гэх охинтойгоо таагүй харилцаатай болсон байдаг. Киноны туршид аав охин хоёр харилцаагаа сэргээн, өмнө нь тоглосон кинонуудын хэсгийг хамт үзсэн бичлэг нь олон нийтийн дунд “Жэки Чан охинтойгоо хамт уйлж буй нь” гэх мэдээллийн үндэс болжээ.
“Ride On” кинонд Жэки Чан, Лиү Хаочун, Кэвин Гуо зэрэг жүжигчин тоглон 2023 оны 04 дүгээр сарын 07-нд нээлтээ хийсэн байна. Жүжигчин Лиү Хаочун мөн өөрийн Youtube хуудастаа киноны трейлэрүүдийг нийтэлж байсан байна.
Жэки Чаны жинхэнэ охин нь Этта У Чолин нь Канадад амьдарч буй талаар South China Morning Post 2022 оны 10 дугаар сарын 13-нд мэдээлсэн байна. Этта нь Жэки Чаны гэр бүлээс гадуурх харилцаанд байхад буюу 1999 онд Хонг Конгийн жүжигчин Илэйн Вутай харилцаатай байхад төрсөн хүүхэд юм. Тухайн үедээ Жэки Илэйнийг хүүхэдтэй болсоныг мэдсэн даруйдаа харилцаагаа таслан, тэр үеэс хойш охинтойгоо уулзаагүй, ямар нэг санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй гэж мэдээлж байсныг BuzzFeed News мэдээлсэн байна.
2015 онд Этта Жэки Чаны талаар “Тэр бол миний биологийн эцэг мөн гэхдээ тэр миний амьдралд хэзээ ч байгаагүй. Би түүнийг аавыгаа гэж хэзээ ч үзэхгүй. Ээж минь надтай байхад аав минь надад хэрэггүй” гэж хэлсэн талаар E! News мэдээлжээ.
Доорх зургаас “Ride On” киноны Жаки Чан болон Лиү Хаочуны тоглосон хэсгийг баруун талд буй түүний жинхэнэ охин Эттагийн зурагтай харьцуулсаныг харж болно.