Аспирин, гич хольж хэрэглэх нь үс ургуулахад нөлөөлдөг гэдэг нь батлагдаагүй 

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #610

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Үс ургуулах энгийн арга” гэсэн заавар бүхий видеог оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Аспирин, гич гэх орцуудыг шампуньтай хольж түрхэх нь үсийг ургуулдаг болох нь батлагдаагүй

“Ubm-89.3 радио” фэйсбүүк хуудаст 07 сарын 17-нд “Үс ургуулах энгийн арга” гэсэн заавар бүхий видеог оруулжээ. Уг пост нь 07 сарын 23-ны байдлаар 416 реакц, 21 сэтгэгдэл авч, 1800 гаруй удаа цааш түгээгдсэн байна. 

Тус видеонд “аспирин, горчиц (гич)-ын нунтгийг хүүхдийн шампуньтай хольж үсэндээ 20 минут байлгаад угаагаарай” гэсэн тайлбар гарч байна.

Дараах байдлаар баримт шалгав

Шалгаж буй видеонд дурдсан орцуудыг хольж, үсэндээ түрхсэнээр үс ургадаг нь үнэн эсэхийг олон улсын мэдээллийн эх сурвалжуудаас хайн шалгалаа. 

Аспирин нь стероид бус үрэвслийн эсрэг эм юм. Тодруулбал, энэ нь өвдөлт намдаах, хаван бууруулах, зүрх судасны өвчлөлийн эрсдлийг бууруулах зэрэг олон төрлийн үйлчилгээтэй байдаг байна. Тус эмийн хүний арьс, үсэнд үзүүлэх нөлөөний талаарх мэдээллийг хайж үзвэл, энэ нь илүүдэл тослогийг арилгаж, арьсны гадаргуу дээрх үхэжсэн эсийг гуужуулдаг ажээ. Мөн ацетилсалицилийн хүчил буюу аспирин нь хагны эсрэг үйлчилгээтэй бөгөөд нүүр угаагч, шампунь зэргийн найрлагад орох нь элбэг байдаг байна. “Аспириныг шампуньтай хольж хуйхандаа түрхэх нь хаг үүсгэж буй хуйхны үрэвслийг намдааж, хуйхыг гуужуулахад тусалдаг.” хэмээн АНУ-ын Mount Sinai эмнэлгийн захирал ярьжээ. Түүнчлэн 2-3 ширхэг аспириныг буталж холиод, үсэндээ иллэг хийх байдлаар түрхээд, 3-5 минут болсны дараа угаах нь хуйхны үрэвслийг бууруулдаг гэж эрүүл мэндийн контент бэлтгэдэг, Америкийн Everyday Health Group-ийн цахим сайтад нийтэлжээ

“Аспириныг өдөр бүр бага тунгаар хэрэглэх нь андрогенийн халцрах өвчтэй хүмүүсийн миноксидилийн эмчилгээний үр нөлөөг бууруулдаг” тухай нэгэн судалгааг ResearchGate эрдэмтэн, судлаачдын нийгмийн сүлжээний вебсайтад нийтэлжээ. Миноксидил нь цусны даралт ихсэх, үс унах зэрэгт түгээмэл хэрэглэгддэг эм бөгөөд үс ургалтад нөлөөлдөг аж. Судалгааны үр дүнгээр, бага тунгаар аспирин (амаар уух) хэрэглэх нь хүний ​​үсний уутанцар дахь сульфатын нэгдлийг хурдасгадаг молекулын үйл ажиллагааг дарангуйлдаг болохыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, үс ургуулах миноксидил эмчилгээний үед аспириныг бага тунгаар тогтмол хэрэглэх нь эмчилгээний үр дүнг бууруулж байгаа нь тогтоогдсон байна.

Энэ нь зөвхөн аспириныг амаар ууж хэрэглэхэд гарах нөлөөг харуулсан судалгаа бөгөөд үүнийг аспириныг шампуньтай холих юм уу өөр байдлаар үсэндээ түрхэж, хэрэглэх талаар гаргасан өөр ямар нэг суурь судалгаа одоогоор байхгүй байна.     

Горчиц буюу гич нь үс ургалтад хэрхэн нөлөөлдөг талаарх агуулгыг Америкийн эрүүл мэндийн мэдээлэл түгээдэг Healthline Media болон Английн Woman&Home сэтгүүлийн вебсайтад гарсан мэдээллийн дагуу тус тус шалгалаа. Гич нь хар, бор, цагаан ургамлын төрлүүдтэй байдаг бөгөөд түүний үрээс нь гичний тосыг гарган авдаг байна. Гичний тос нь 40 хүртэлх хувийн эрукийн хүчил агуулсан байдаг тул эрүүл мэндэд эрсдэлтэй гэж үзэн АНУ-д уг тосыг хоол хүнсэнд хэрэглэхийг зөвшөөрдөггүй ба зөвхөн үс, массажны тос хэлбэрээр ашигладаг байна. Гичний тосыг үс, хуйхандаа бүрэн түрхэхийн өмнө эхлээд заавал сорил тавих маягаар бага зэргийг туршиж үзээд, хэрэв улайх, загатнах зэрэг шинж илэрвэл хэрэглэхгүй байхыг зөвлөсөн байна.

Английн үс, толгойн эрүүл мэндийн эмч Ник Фишермэний ярьснаар “гичний тос нь антиоксидант, шим тэжээлийн өндөр агууламжтай, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул үсний эрүүл ургалтыг дэмждэг.” гэжээ. Гэхдээ, энэ нь зөвхөн үрэвслээс үүдэлтэй үс уналтад л тустай болохыг тухайн нийтлэлд анхааруулжээ. Түүнчлэн, энэхүү орцын үсэнд үзүүлэх ашиг тусыг батлахын тулд илүү их шинжлэх ухааны нотолгоо шаардлагатай болохыг дурдсан байна. 

Дээрх мэдээллүүдээс харахад аспирин, гич гэх орцыг шампуньтай хольж үсэндээ түрхсэнээр үсийг ургуулдаг болох нь шинжлэх ухааны туршилт, судалгаагаар бүрэн нотлогдоогүй байна. Иймд шалгаж буй мэдээлэлд дурдсан шиг гэрийн нөхцөлд гарын доорх ямар нэг орц, материалуудыг ашиглан, арьс, үсээ арчлах гэж оролдохын өмнө та заавал тухайн мэдээллийн баталгаатай эсэхийг нь шалгаж байж, өөрийн бие дээр туршиж байгаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document