2021 оны дөрөвдүгээр сарын 10-нд Бумбагар нэртэй @saryalguun хаягтай твиттер хэрэглэгчээс “Синофармын удирдамж гарсан 28 хоног. Хятадын эрүүл мэндийн хороо нэг ч хоног хойшлуулж болохгүй гэж бүр цагаан дээр хараар бичсэн байна. Харин тэр Астра бол хойшлох тусам үр дүн 2-7 хувиар нэмэгдэж байгаа нь үнэн” гэж жиргэжээ. Мөн доор нь “Хятадын синофарм веросэлл вакцины албан ёсны удирдамж дээрх заалт. Би худлаа хэлээгүй удирдамжийг нь үндэслэсэн. Удирдамжийг Хонгконгийн эрүүл мэндийн яам англи дээр буулгасныг хүргэж байна” гээд зургийг нь хавсаргажээ. Уг жиргээ дөрөвдүгээр сарын 15-ны 14:00 цагийн байдлаар 456 ретвийт, 504 лайк авсан байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1. “Синофармын удирдамж гарсан 28 хоног. Хятадын эрүүл мэндийн хороо нэг ч хоног хойшлуулж болохгүй гэж бүр цагаан дээр хараар бичсэн байна” гэх мэдээлэл ХУДАЛ.
БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хорооны албан ёсны вэбсайтдаа гуравдугаар сарын 31-нд шинэчилсэн зөвлөмж гаргасан. Уг зөвлөмжийн долдугаар заалтад “Ковидын эсрэг шинэ вакцинд хэдэн тун хийх болон хоорондын хугацаа хэр удаан байх вэ” гэсэн асуултад дараах хариултыг өгчээ.
“Одоогийн байдлаар ковидын эсрэг вакцинд хоёр тун хийгдэж байгаа; эхний болон хоёр дахь тун хоорондын зай нь 3 долоо хоног болон түүнээс дээш байх ба эхний тунгаас хойш дээд тал нь 8 долоо хоногт багтаж хоёр дахь тунг аль болох яаралтай хийж дуусгах ёстой” гэсэн байна.
2. Шалгаж буй мэдээлэлд эх сурвалжаар дурдсан “Хонгконгийн эрүүл мэндийн яамны вакцины албан ёсны удирдамж” гэх мэдээлэл нь ТӨӨРӨГДҮҮЛСЭН.
Хонконгийн Хүнс Эрүүл мэндийн яамны сайтад “vaccine” гэх түлхүүр үгээр хайлт хийхэд 2021 оны хоёрдугаар сарын 23-нд шинэчилсэн “CoronaVac ковидын эсрэг вакцины (Vero Cell) аюулгүй байдал, үр дүн, чанарын үнэлгээний тайлан” гарч ирсэн. Уг тайлангийн “Вакцин хийх өдөр болон тун” гэх хэсэгт “Эхний дархлаажуулалтад хоёр тун хийх шаардлагатай. Хоёр дахь тунг эхний тунгаас хойш 28 хоногийн дараа тарих нь зохистой” гэсэн байна. Энэ нь БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хорооноос вакцины тун хоорондын зайд өөрчлөлт оруулахаас өмнөх мэдээлэл юм.
3. “Астра бол хойшлох тусам үр дүн 2-7 хувиар нэмэгдэж байгаа нь үнэн” гэх мэдээлэл БАТЛАГДААГҮЙ.
ДЭМБ-ын вэбсайтад хоёрдугаар сарын 11-нд оруулж, гуравдугаар сарын 17-нд шинэчилсэн “Oxford/AstraZeneca вакцины талаар юу мэдэх хэрэгтэй вэ” гэх мэдээлэлд “Зохистой тунгийн хэмжээ ямар байх вэ?” дэд хэсэгт “Гарын булчинд хоёр тунгаар (тус бүр 0.5мл) тарих бөгөөд тун хоорондын зай 8-12 долоо хоног байна” гэжээ. /холбоосыг хавсаргав/
Мөн шинжлэх ухааны Лансет сэтгүүлд гуравдугаар сарын 6-нд АНУ болон Хонконгийн эрдэмтэн Иван Ханг, Грегори Поланд нарын “Оксфорд-AstraZeneca вакцины эхний тунгаас 12 долоо хоногийн дараа нэмэлт вакцин (booster) хийх нь ямар үр дүнтэй вэ” гэх судалгааны бүтээл нийтлэгдсэн. Уг бүтээлд “Энэхүү судалгаагаар Астразенека (Oxford/AstraZeneca) вакцины эхний тунг хийснээс хойш 90 хоногийн хугацаанд өндөр үр дүн үзүүлдэг бөгөөд вакцины үр дүн өндөр болоход үндсэн вакцин болон нэмэлт тун (booster) хоорондын зай урт байх нь нөлөөлж, ковидоос хамгаалдаг болохыг нотолж байгаа юм” гэсэн байна. Гэхдээ үүнийг ДЭМБ хүлээн зөвшөөрч зөвлөмждөө хараахан оруулаагүй байна.