Жолооны эрх сэргээж өгнө гэх хуурамч зараас болгоомжил

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #606

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Жолооны үнэмлэх гаргана, 14 хоногт эрх сэргээнэ” гэх зарыг бүлгэмүүдэд оруулсаар байна.

Баримт шалгалтын үр дүн

Тус хаягаар нээлттэй байдлаар пост оруулаагүй, бусдын постыг шэйрлэн түгээх замаар идэвхтэй харагддаг байна. Харин бүлгэмүүдэд шалгаж буй жолооны эрх сэргээх, ангилал нэмэх зэрэг зарыг оруулсан боловч жолооны сургалтын үйл ажиллагаа явуулдаг талаар ямар нэг мэдээлэл байхгүй байна. Мөн дөрөвдүгээр сар хүртэл зээл олгох тухай зар явуулж байсан зэрэг нь хуурамч байх шинж тэмдэг юм.

2023 оны 06 дугаар сарын 30-наас эхлэн Хаан Хүлэг Авто Курс нэртэй хаягаас “Жолооны үнэмлэх гаргана, 14 хоногт эрх сэргээнэ” гэх зарыг орон нутгийн группүүдэд оруулсаар байна. Уг зарлал нь “7сарийн сүүлийн бүртгэл A B BE C1 C1E C CE D1 D1E D DE M. Жолооны үнэмлэх гаргана 14 хоногт эрх сэргээнэ бүх ангилал дарна ахиулна 10 хоногт зараа сайн уншаад чатаар холбогдоорой. Төлбөр бэлэн яг гаргуулах хүмүүс холбогдоорой” гэсэн байна.

Хаягийг шалгах аргаар хуурамч болохыг мэдэх боломжтой

Хаан Хүлэг Авто Курс гэх нэр дээр дарж ороод харахад танилцуулга хэсэгтээ ямар ч мэдээлэл оруулаагүй байна.

Нүүр зураг нь Khuleg auto service нэртэй засварын газрын пэйжийн зургийг ашигласан байна.

Тус хаягаар нээлттэй байдлаар пост оруулаагүй, бусдын постыг шэйрлэн түгээх замаар идэвхтэй харагддаг байна. Харин бүлгэмүүдэд шалгаж буй жолооны эрх сэргээх, ангилал нэмэх зэрэг зарыг оруулсан боловч жолооны сургалтын үйл ажиллагаа явуулдаг талаар ямар нэг мэдээлэл байхгүй байна. Мөн дөрөвдүгээр сар хүртэл зээл олгох тухай зар явуулж байсан байна.

Түүнчлэн группүүдэд оруулсан зарим зарын сэтгэгдэл хэсэгт хууртаж, мөнгө шилжүүлээд блоклуулсан хэрэглэгчдийн сэрэмжлүүлэг байна.

Эдгээр шинж нь хуурамч мэдээлэл болохыг илтгэж байна.

Жолоодох эрхийг сэргээх

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/142 дугаар тушаалын хавсралтаар “тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам баталсан.

Уг журмын 3-т эрх сэргээх үндэслэлийг дараах байдлаар зааж өгсөн байна.

3.1. Дор дурдсан үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээнэ:

  • 3.1.1.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн зөрчлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан хугацаа дуусгавар болж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, хөдөлгөөний сахилга, соёл, архи, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийг сурталчлах, урьдчилан сэргийлэх 4 цагийн, гэмт хэрэг, архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх 2 цагийн, нийт 6 цагийн сургалтад хамрагдсан; 
  • 3.1.2.Энэ журмын 3.1.1-д зааснаас бусад шалтгаанаар эрхээ хасуулсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан хугацаа дуусгавар болж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сахин биелүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүний хор уршиг, үр дагаврын талаар 4 цагийн сургалтад хамрагдсан; 
  • 3.1.3.Жолоочийн үнэмлэхний хүчинтэй байх хугацаа дууссан хүний жолоочийн үнэмлэхний хугацааг сунгасан;
  • 3.1.4.шүүгч, прокурор, эрх бүхий албан тушаалтны эрхийг сэргээх тухай шийдвэр гарсан;
  • 3.1.5.тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцэхийг эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоосон; гэжээ.

Мөн тээврийн цагдаагийн албаны вэбсайтад энэхүү журмыг хялбаршуулсан байдлаар хүргэжээ.

Эрх сэргээхийн өмнө заавал суух сургалтыг зохион байгуулах эрхтэй ТББ-уудын дунд шалгаж буй Хаан Хүлэг Авто Курс гэх нэр байхгүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document