“Never gone’’ нэртэй фэйсбүүк пэйжид 06 сарын 20-ны өдөр “Нөсөө толбо, сорви зэргийг заавал гоо сайхны салонд очиж арилгуулах шаардлагагүй. Сонгины нухаш байхад арьсны асуудлууд юу ч биш!” гэх тайлбартай мэдээллийг gerbul.life нэртэй сайт руу орж унших холбоосоор хавсарган оруулжээ. Тус мэдээллийн хандалт нь 06 сарын 26-ны байдлаар 132 реакц, 13 сэтгэгдэл авч, 372 удаа цааш түгээсэн байна.
Энэхүү мэдээлэлд “Өнөөдөр та бүхэндээ байгалийн аргаар сорви арилгах нэгэн зөвлөгөөг хуваалцахаар бэлтгэлээ. Энэхүү аргын гол орц нь сонгино юм. Сонгино нь арьсанд хүчтэй нөлөө үзүүлдэг бөгөөд арьсны эсийн нөхөн төлжилтийг сайжруулж, коллагены үйлдвэрлэлийг идэвхжүүлдэг. Энэ нь сорви, үрчлээг багасгахад тусалдаг. Гайхалтай үр дүнг мэдрэхийн тулд өдөр бүр сонгиноор жин тавьж байх хэрэгтэй.” хэмээн бичжээ.
FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгав
Шалгаж буй мэдээлэлд дурдсан агуулгаар буюу сонгино нь сорви арилгах, арьсыг нөхөн төлжүүлэх зэрэг нөлөөтэй болох нь үнэн эсэхийг эрүүл мэндийн мэдээлэл хүргэдэг олон улсын баталгаат эх сурвалжуудын мэдээллээс хайн шалгалаа.
- Сонгино нь үрэвсэл, сорвижилтыг багасгах боломжтойг Америкийн эрүүл мэндийн мэдээлэл түгээгч Healthline Media компанийн вебсайтад мэдээлжээ. Тодруулбал, сонгино нь их хэмжээний антиоксидант агуулдаг бөгөөд тэдгээр нь чөлөөт радикалуудаас хамгаалж, аливаа үрэвсэлтэй тэмцэхэд тусалдаг байна. Чөлөөт радикалууд нь бие махбодид эргэлдэж байдаг нэгдлүүд бөгөөд арьсны эсийг гэмтээж, үрчлээс болон хөгшрөлтийн бусад шинж тэмдгүүдийг үүсгэн бий болгож байдаг. Харин антиоксидантууд нь эдгээр чөлөөт радикалуудыг саармагжуулдаг байна. Сонгинод агуулагддаг хамгийн алдартай антиоксидантуудын нэг бол кверцетин юм. Энэхүү нэгдэл нь үрэвсэлтэй тэмцэн, арьсны эдгэрэлтийг дэмжиж өгдөг байна. Энэ шинж чанараар нь сонгинын хандыг сорви эмчлэх бэлдмэлүүдэд түгээмэл ашигладаг аж.
- 2017 онд хулгана дээр хийсэн нэгэн туршилт судалгаагаар кверцетин антиоксидант нь келоид буюу арьсан дээр гүн тогтсон сорвийг эдгээж, эрүүл арьсыг бий болгоход тустай гэсэн онолыг дэвшүүлжээ. Гэсэн хэдий ч, энэхүү онолыг хүний бие дээр батлахын тулд хүн дээр илүү их судалгаа хийх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна.
- Сонгиныг арьсанд хэрэглэснээр гарсан сөрөг үр дагаврын талаарх мэдээлэл, нотолгоо анагаах ухааны олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дата санд байхгүй байна. Харин байгаль орчны асуудлаар судалгаа хийх, түгээх чиглэлээр мэргэшсэн Америкийн “Байгаль орчны ажлын хэсэг” ТББ буюу Environmental Working Group-ийн мэдээллээр сонгинын хальсыг арьсанд хэрэглэснээс үүдсэн харшил, дархлааны ямар нэг нотолгоо байхгүй гэжээ.
- Гэхдээ сонгиныг шууд шахаж, нүүрэндээ түрхэснээр биш түүний орцуудыг зөвхөн зөв боловсруулж, үйлдвэрлэлийн аргаар гаргаж авсан бүтээгдэхүүнийг хэрэглэх үед л үр дүнтэй гэдгийг анхаарах нь чухал. Илүү үр дүнтэй болгохын тулд тусгайлан боловсруулсан бүтээгдэхүүнийг мэргэжлийн эмч нар зөвлөдөг тул арьсыг гэрийн аргаар эмчлэхээс зайлсхийх хэрэгтэй юм. Түүнчлэн, хүний арьсанд сонгинын хандыг хэрэглэх нь аюулгүй гэдгийг баталгаажуулсан шинжлэх ухааны бодит судалгаа одоогоор байхгүй байна. Сонгино нь өөрөө хүчиллэг чанартай бөгөөд шууд хэрэглэвэл арьсанд гэмтэл учруулж ч болзошгүй талаар Америкийн гоо сайхны мэс засалч, профессор, судлаач Стивен Даяан мэдээлжээ.