“Гэрийн нөхцөлд шүдний цоорлыг зогсоож эмчлэх 5 алхам” гэх мэдээлэл бүрэн бус

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #578

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Гэрийн нөхцөлд шүдний цоорлыг зогсоож эмчлэх 5 алхам” гэх мэдээлэл оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгаж буй мэдээлэлд бичсэн шүдний цоорлоос сэргийлэхийн тулд тодорхой хүнсний хэрэглээг бууруулах, нэмэгдүүлэхтэй холбоотой мэдээллүүд нь үнэн боловч фитиний хүчил шүдний цооролд нөлөөлдөг болон гэрийн нөхцөлд шүдний оо хийх арга нь туршилтаар батлагдаагүй бөгөөд энэ төрлийн зөвлөгөө, мэдээлэлд маш анхааралтай хандах шаардлагатай.

“Урмын үгс” нэртэй фэйсбүүк пэйжэд 05 дугаар сарын 21-ний өдөр “Гэрийн нөхцөлд шүдний цоорлыг зогсоож эмчлэх 5 алхам – Хадгалаад аваарай” гэх тайлбартай постыг galuut.com сайт руу орж унших линкээр хавсарган оруулжээ. Тус мэдээлэл 06 сарын 21-ний байдлаар 47 реакц, 4 сэтгэгдэл авч, 26 удаа цааш түгээгджээ. 

Тухайн мэдээлэлд “Америкийн алдартай эмч Дэвид Вульфын ярьж байгаагаар шүдийг цоорлоос хамгаалахаас гадна эргэн сэргээж болдог гэнэ. Өөрөөр хэлбэл гэмтсэн шүдний эрүүл мэндийг нөхөн сэргээж болно гэсэн үг юм. Энэ үнэхээр үнэн үү үгүй юу гэдгийг мэдэхгүй ч яагаад туршиж үзэж болохгүй гэж? British medical journal-ын нийтэлсэн судалгаанаас эхэлцгээе. Энэ судалгаа нь хоолны дэглэм барьж цоорлоос урьдчилан сэргийлж болдог эсэх тухай юм” гээд уг судалгааны мэдээллийг болон шүд цоорлыг зогсоох, эмчлэхтэй холбоотой 5 өөр мэдээллийг дурдсан байна. 

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийв

  1. Хоолны дэглэм ашиглан шүд цоорлоос сэргийлэх боломжтой эсэх талаарх судалгааны тайлан Британийн анагаах ухааны сэтгүүл / British Medical Journal-д нийтлэгдсэн эсэхийг хайж үзлээ. BMJ нь Британийн анагаах ухааны нийгэмлэгээс эрхлэн гаргадаг 7 хоног тутмын сэтгүүл юм. Шүд цоорлын өвчтэй, 62 хүүхдийг 3 бүлэгт хувааж, тодорхой хоолны дэглэм бичиж өгснөөр шүд цоорлоос урьдчилан сэргийлэх боломжтой эсэхийг судалсан нэгэн судалгаа анх 1932 онд уг сэтгүүлд гарч байсан бөгөөд үүнийг АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн вебсайт цахим хувилбараар нийтэлжээ. Энэхүү судалгаа нь хүүхэд Д аминдэм, кальциар баялаг хүнс хэрэглэх нь шүд цоорох өвчинд нөлөөлдөг эсэхийг судлах зорилгоор хийгдсэн бөгөөд судалгааны дүнгээр амин дэмээр баялаг, шим тэжээлтэй хоол идэх нь хүүхдүүдийн шүд цооролд илүү сайнаар нөлөөлдөг гэсэн дүгнэлт гарч байсан байна. 
  2. Шалгаж буй мэдээлэлд “Доктор Эдвард Мелланби цоорол үүсэх 4 гол шалтгаан байдаг гэжээ” хэмээн бичсэн агуулгыг хайж үзлээ. Доктор Мелланби нь Д аминдэм болон түүний рахит өвчнөөс урьдчилан сэргийлэх үүргийг нээсэн Британийн биохимич, хоол тэжээлийн мэргэжилтэн юм байна.. Шүдний цоорол үүсэх шалтгаануудын тухай түүний судалгаанаас эш татсан мэдээллийг харахад шалгаж буй мэдээллийн агуулгатай таарч байна. 
  3. Шалгаж буй мэдээлэлд “хэрэв таны шүд төгс биш бол бүх зүйлд элсэн чихэр буруутай байж болох юм. Элсэн чихэр амны хөндийг хүчиллэг болгодог. Хүчиллэг орчин нь кальцийг устгаж, шүдний эдийг эрдэсгүйжүүлдэг” гэжээ. Уг агуулгыг ДЭМБ-ын албан ёсны сайт дахь мэдээллээр шалгахад элсэн чихэр нь шүд цоорлыг нэмэгдүүлдэг гол хүчин зүйл бөгөөд амны хөндийн нян элсэн чихрийг хувиргаж, шүдний хатуу эдийг эрдэсгүйжүүлэх хүчлийг бий болгосноор шүд цоорол үүсдэг байна.
  4. Шалгаж буй мэдээлэлд “Шүд цоорлыг дийлэхийн тулд та тослог, эрдсээр баялаг хоол аль болох их идэх хэрэгтэй. Эхлээд ногоон навчит ногоон дээр төвлөрөөрэй. Эрүүл тосоор баялаг кокос, авокадо, самар зэрэг бүтээгдэхүүнийг хэрэглээрэй” гэжээ. Үүнээс авокадог жишээ болгон авч, баталгаат эх сурвалжуудаас нягтлахад авокадод агуулагдах кали нь шүд цоорох өвчинтэй тэмцэхэд тусалдаг болох нь үнэн байна. Тодруулбал, кали нь яс, шүдийг хүчтэй байлгахад тусалдаг бөгөөд энэ нь шүд цоорох эрсдэлийг бууруулдаг байна.
  5. Шалгаж буй мэдээлэлд “Кокосын тосоор амаа зайлах нь шүд цоорлоос сэргийлж, биеийг нийтэд нь хоргүйжүүлэхэд тусалдаг гэж үздэг аж” гэжээ. Уг агуулгыг баталгаат эх сурвалжуудаас нягтлан хайж үзэхэд кокосын тос нь амны эвгүй үнэр, шүд цоорох өвчин үүсгэдэг тэдгээр амны хөндийн бактерийг устгахад үр дүнтэй байдаг байна.
  6. Шалгаж буй мэдээлэлд “Фитиний хүчлээс татгалз. Фитиний хүчил нь органик нэгдлүүдийг хориглож дарангуйлдаг ба ясны сийрэгжилт үүсгэн шүдийг гэмтээдэг” гэх агуулгыг бичжээ. Тус агуулгыг мөн баталгаат эх сурвалжуудын мэдээллээс шалгаж үзэхэд, фитиний хүчил нь ихэвчлэн үр тариа, буурцагт ургамалд агуулагддаг бөгөөд одоогоор уг хүчлийн шүдний паалан дахь эрдэс бодисуудад үзүүлэх нөлөөг нарийвчлан судалсан судалгаа байхгүй байгаа юм. 

Шалгаж буй мэдээлэлд “Та өөрийн гараар шүдний оо хийх боломжтой. Дэлгүүрт зардаг ооноос юугаараа давуу талтай вэ гэвэл энэ оо нь амны хөндийн эрдсийн тэнцвэрийг сэргээхэд тусалдаг” гэжээ. Гэрийн нөхцөлд зарим орц, найрлагыг ашиглан шүдний оо хийх нь туршилтаар батлагдсан эсэх агуулгыг хайж үзэхэд British Dental Journal-д үүнтэй холбогдолтой нэгэн судалгааны тайланг нийтэлжээ. Тодруулбал, гэрийн нөхцөлд гарын доорх орц, найрлагыг ашиглан шүдний оо хийх боломжтой гэгдсэн 84 жорыг интернэтээс цуглуулж, тэдгээрийн найрлагад дүн шинжилгээ хийсэн байна. Шинжилгээний дүнгээр тэдгээр 84 жорын аль нь ч амны хөндийн эрүүл мэндэд тустай фтор агуулаагүй байсан бол 80 хувь нь хөөс үүсгэгч бодис агуулаагүй байжээ. Түүнчлэн, энэ төрлийн жорууд дээр хэрэглэх орцын хэмжээг ихэвчлэн амны юм уу цайны халбагаар илэрхийлдэг нь кальцийн карбонат зэрэг өнгөлөх бодисыг их хэмжээгээр хэрэглэхэд хүргэх эрсдэлтэй байна. Иймд, энэ төрлийн мэдээлэлд анхааралтай хандах шаардлагатай гэдгийг онцолжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document