МУГЖ Г. Ариунбаатар 2017 онд “BBC Кардифф” дэлхийн дуулаачдын наадамд оролцсон

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #574

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

МУГЖ Г.Ариунбаатарыг “BBC Кардифф” дэлхийн дуулаачдын наадмын шилдэг 5-д шалгарсан гэж нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Тус наадмын финалын шилдэг 5 оролцогчын нэгээр тодорч, “Шилдэг дуу” шагналыг хүртсэн үйл явдал нь 2017 онд болсон байна.

2023 оны 06 дугаар сарын 20-нд Тасархай бүгдийг тас.мн-ээс нэртэй пэйжид “Г.Ариунбаатар дэлхийн шилдэг таван дуусны нэг боллоо гэх тайлбартай, tac.mn домайнд байршуулсан мэдээллийг хуваалцсан нь нийт 6.8 мянган реакц, 182 сэтгэгдэл, 87 шэйр цуглуулжээ.

Тус домайн дээр байршуусан мэдээлэл нь:
“BBC агентлагаас уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн дуучин” тэмцээнд гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, ДБЭТ-ын дуучин Б.Батжаргал нар амжилттай оролцлоо. Дэлхийд чансаа өндөртэй уг тэмцээний сүүлийн шатны шалгаруулалтын хариу гарчээ. Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар дэлхийн таван шилдэг дуучны нэг болсон” гэсэн байна.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

2023 онд “BBC Кардифф” дэлхийн дуулаачдын наадамд Монгол улс оролцоогүй

Уэльсийн нийслэл Кардифф хотын Гэгээн Давидын театр 1983 онд үйл ажиллагаагаа эхлүүлснийг цохон тэмдэглэн BBC агентлагаас 2 жил тутамд “BBC Кардифф” Дэлхийн дуулаачдын наадмыг зохион байгуулдаг билээ.

Энэ жилийн наадмын дүн гарсныг BBC агентлагийн вэбсайтад 2023 оны 06 дугаар сарын 18-нд байршуулжээ. Мэдээнд дурдсанаар “Дэлхийн дуулаачдын наадмын шилдэг байранд Итали, Шотланд, Өмнөд Африк, Уэльс гэсэн 4 улсын 5 дуучин шалгарснаас Италийн дуучин Адольфо Коррадо тэргүүн байрыг эзэллээ” гэсэн байна.

Энэ жил нийт 16 оролцогч өрсөлдсөн ба оролцогчдын жагсаалтад Монгол улсын дуучин байхгүй байна.

Тус наадмын оролцогчдын архиваас хайж үзэхэд Г.Ариунбаатар болон Б.Батжаргал нар нь 2017 онд оролцсон гэх ба дуучин Г.Ариунбаатар тухайн жилд финалын шилдэг 5-д шалгарч байжээ. Мөн Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Монголын тал нутаг” дууг дуулж “Шилдэг Дуу” шагналыг хүртсэн байна.

Шалгаж буй мэдээлэлд ашигласан зургийг Google Reverse image search хийж хайхад Чайковскийн нэрэмжит Олон улсын дуулаачдын уралдааны вэбсайтаас илэрц олдлоо. Уг зураг нь тус уралдааны 16 дахь удаагийн буюу 2019 оны тэмцээний үеийн зураг байна. Тодруулбал, уралдаан 4 жил тутамд зохион байгуулагддаг ба 15 дахь удаагийн уралдааны буюу 2015 оны ялагч Г.Ариунбаатар дараагийн уралдаан дээр хүндэтгэлийн дуу өргөн барьсан үеийн зураг ажээ.

Дээрх баримт шалгалтаас харахад тус мэдээлэл нь 6 жилийн өмнө болсон үйл явдлынх байх ба цахим хэрэглэгчдийг энэ жил тус тэмцээн болсон мэтээр төөрөгдүүлэхүйц байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document