Зарим антибиотик булчин шөрмөс тасалж, мэдрэл гэмтээх гаж нөлөөтэй байдаг

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #572

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Эми Мозер гэх эмэгтэйн түүхийг дурдаж, фторхинолоны төрлийн антибиотикуудыг маш аюултай гэсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Фторхинолоны төрлийн антибиотикууд гаж нөлөө үзүүлэх нь ховор ч, маш хүнд байдлаар илэрдэг ба буруу хэрэглэвэл өндөр эрсдэлтэй.

2023 оны 06 дугаар сарын 11-нд Never Gone нэртэй пэйжид “Хамгийн аюултай антибиотикуудыг нэрлэжээ” гэх гарчигтай, gerbul.life нэртэй домайн дээр байршуулсан мэдээллийг хуваалцсан нь 06 дугаар сарын 19-ны байдлаар 167 реакц, 7 сэтгэгдэл авч, 350 удаа цааш хуваалцсан байна. Тухайн домайн дээр байршуулсан мэдээллийн тархацыг crowdtangle хэрэглүүрээр шалгахад нийт 553 реакц, 18 сэтгэгдэл, 873 шэйр цуглуулжээ.

gerbul.life домайн дээрх мэдээлэлд Эми Мозер гэх эмэгтэйн талаар бичиж “Антибиотикын эмчилгээ хийлгэснээр биеийн байдал дордсон” , “Түүний ууж байсан ципрофлоксацин антибиотикын харъяалагддаг фторхинолоны төрлийн антибиотикууд нь эсийн митохондрын ДНХ-г устгаж, хүний биед маш хүчтэй гаж нөлөө үзүүлдэг” зэрэг агуулгыг дурдсан байна.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Фторхинолоны төрлийн антибиотикуудыг буруу тунгаар хэрэглэх нь хүчтэй эрсдэл дагуулдаг

Шалгаж буй мэдээлэлд дурдсан Эми Мозер гэх нэрээр хайлт хийж үзэхэд Mountains and Mustard Seeds нэртэй цахим блогт 2017 оны 03 дугаар сарын 18-нд байршуулсан нийтлэлийн илэрц гарч ирлээ. Блогийг Эми Мозер өөрөө ажиллуулдаг аж. Мөн түүний тухай, антибиотикийн гаж нөлөөнөөс болж хэрхэн зовж шаналсан тухай бусад нэр хүнд бүхий эх сурвалжууд дээр ч мэдээ гарч байжээ. Жишээ нь л гэхэд WebMD эрүүл мэндийн платформд Эми Мозерт тохиолдсон үйл явдлын талаар мэдээлж, олон нийтийг антибиотикийн хэрэглээндээ хянамгай байхыг уриалсан байна.

АНУ-ын Эрүүл мэндийн судалгааны үндэсний хүрээлэнгийн вэбсайтад шалгаж буй мэдээлэлд дурдаад буй фторхинолоны төрлийн антибиотикуудын болзошгүй гаж нөлөөг тайлбарласан нь:
“Өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтын төвийн тооцооллоор АНУ-д жил бүр эмч нар нийт 100 сая гаруй жорын бичигт антибиотик уухыг тусгасан байдгийн тал нь ямар нэг шаардлагагүй байдаг байна. Ямар ч эм эрсдэл дагуулдаг. Антибиотик нь зөвхөн өвчин үүсгэгчээс гадна хүний биед байх ашигтай бактериудыг ч устгана. Байнга антибиотик уугаад байвал антибиотикт тэсвэртэй болох ч аюул бий.

Хэдийгээр фторхинолоны төрлийн антибиотикууд нь үйлчлэлийн өргөн хүрээтэй буюу олон төрлийн нянгийн эсрэг үйлчлэлтэй хэдий ч өвчтөнд яг тохирсон антибиотикийг нь уулгахгүй бол хүндрэл улам нэмэгддэг. Мөн уг төрлийн антибиотикийн онцлог нь амаар ууж хэрэглэх, тарилгаар хийлгүүлэх хоёр нь ижил үйлчилгээтэй тул өвчтөн заавал хэвтэн эмчлүүлж эмчийн хяналтад байлгүйгээр, эмчилгээгээ гэрээсээ үргэлжлүүлж шахмал хэлбэрээр нь уух боломжтой гэдгээрээ давуу талтай. Харамсалтай нь жил бүр 20,000 гаруй өвчтөн фторхинолоны төрлийн антибиотикийн гаж нөлөөнд автаж, эмчид ханддаг байна.

Фторхинолоны төрлийн Ципрофлоксацин, Ломэфлоксацин, Офлоксацин, Моксифлоксацин, Левофлоксацин зэрэг антибиотикууд багтах ба зүрхний хэмнэл алдагдах, булчин шөрмөс урагдах, цусан дахь сахрын хэмжээ савлах, мэдрэлийн үйл ажиллагааг тасалдуулах, нойргүйдэл, сэтгэл түгшил, хий юм харах, ядрах зэрэг төв мэдрэлийн тогтолцооны асуудал үүсгэх эрсдэлтэй. Яг тохирсон эмийг нь тогтсон хугацаанд зөв уух нь маш чухал. Үгүй бол 3 өвчтөн тутмын 1 нь шаардлагагүй үед фторхинолоны төрлийн антибиотик уудаг гэсэн ч тооцоолол бий” гэсэн байна.

2. Олон улсын баримт шалгагчид дараах байдлаар шалгажээ

IFCN буюу Олон улсын баримт шалгагчдын сүлжээний гишүүн Snopes баримт шалгах төв 2017 оны 03 дугаар сарын 22-нд Эми Мозерийн мэдээлэлд дурдсан гаж нөлөөг байх боломжтой, үнэн гэж үнэлсэн байна. Тухайлбал:
“Хүнс ба эмийн агентлагийн гаж нөлөөг мэдээлэх системд фторхинолоны төрлийн антибиотикууд булчин, шөрмөсийн гэмтэл үүсгэдэг хэдий ч ямар зарчмаар ажиллаж ийм гаж нөлөө үзүүлдэг болохыг хараахан тодорхойлоогүй байна. Зарим тохиолдолд эсийн амин чухал бүрэлдэхүүн болох митохондрыг устгадаг нь тогтоогджээ.

Фторхинолины төрлийн антибиотикийн гаж нөлөөний 0.14 – 0.4 хувийг булчин, шөрмөс тасарсан тохиол эзэлдэг. Мөн Италийн эрдэмтдийн тогтоосноор 1.8 хувьд нь сэтгэц мэдрэлийн түр хугацааны асуудал үүсэх эрсдэлтэй байсан байна.

Эм болгон гаж нөлөө үзүүлж болзошгүй учир ууснаар үүсэж болох хүндрэл болон авах ач тусыг харьцуулах нь маш чухал. Фторхинолоны төрлийн антибиотикийн хувьд гаж нөлөө нь маш хүнд илэрдэг тул эмч бичиж өгсөн тохиолдолд өөр антибиотикоор орлуулах боломжтой эсэхийг сайтар лавлаж, зайлшгүй тохиолдолд эмчийн бичиж өгсөн тун, хуваарийн дагуу зөв уугаарай” гэсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document