Фторыг зохих хэмжээнд хэрэглэх нь эрүүл мэндэд аюулгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #543

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Фтортой оо бүү хэрэглэ, фтор нь бусад хүнд металл хар тугалга мөнгөн ус зэргээс дутахааргүй хорт бодис юм гэсэн мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Фторын ундны усан дахь зөвшөөрөгдсөн хэмжээ нь эрүүл мэндийн сөрөг нөлөө үзүүлэхгүй ба фтортой усны хэрэглээг эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагууд хүлээн зөвшөөрч, дэмждэг байна.

2023 оны 05 дугаар сарын 27-нд Rocky S Mgl гэх хаягтай фэйсбүүк хэрэглэгч фторын эрүүл мэндийн нөлөөний талаарх батлагдаагүй мэдээллийг түгээсэн байна. Энэ мэдээлэлд тайлбарласнаар “фтор нь бусад хүнд металл хар тугалга мөнгөн ус зэргээс дутахааргүй хорт бодис юм. Маш өчүүхэн тунгаар хэрэглэхэд шүдний гадна бүрхүүлийг бэхжүүлдэг нь үнэн боловч ихэдвэл шүдийг дотроос хэврэгшүүлдэг.” гэсэн байна. Мөн тус бодис нь сэтгэцэд хүчтэй нөлөөлдөг ба “өндөр тунгаар хүнд өгөхөд сэтгэцийн гүн идэвхгүй байдалд ордог гэнэ. Өөрөөр хэлбэл хүний байгалиас заяасан амиа аврах, аюулаас зугтах инстинктийг дарангуйлдаг” гэжээ. Цаашлаад энэ үйлчилгээг нь дэлхийн хоёрдугаар дайны үед нацистууд хорих лагерын хоригдлуудын эсэргүүцэх чадварыг бууруулах зорилгоор ундны усанд нь өндөр тунгаар хийдэг байсан гэж тус хэрэглэгч постдоо мэдээлсэн байна.

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ. 

Фторын (fluoride) эрүүл мэндийн нөлөө болон нацистууд тус бодисыг ашиглаж байсан гэдэг нь батлагдаагүй мэдээлэл юм. Түүнчлэн, ижил агуулгатай худал мэдээллийг PolitiFact, Full Fact зэрэг Олон улсын баримт шалгах сүлжээний баталгаажуулалттай баримт шалгах байгууллагууд шалган мэдээлж байсан юм.

2011 онд PolitiFact-ийн тайланд дэлхийн хоёрдугаар дайны үед нацистууд хоригдлуудад фторжуулсан ус өгч, эсэргүүцэх чадварыг нь бууруулдаг байсныг нотлох ямар нэг баримт байхгүй байгааг дурджээ.

Боргоцой булчирхайн үйл ажиллагаанд фтор нөлөөлдөг гэх судалгаа хүн дээр туршигдаагүй

Фторын хэрэглээ буюу шүдний ооны хэрэглээнээс үүдсэн кальцийн өндөр хэмжээ нь боргоцой булчирхайг (pineal gland) хатууруулж, идэвхгүй болгодог нь батлагдаагүй. Хэдийгээр амьтанд хийсэн туршилтад фторын хэрэглээ өндөр байх нь боргоцой булчирхайны үйл ажиллагаанд цаашлаад чулуужихад нөлөөлж болох судалгаа байгаа ч одоогийн байдлаар хүн дээр хийгдсэн судалгаа байхгүй байгааг шинжлэх ухааны чиглэлээр баримт шалгадаг Health Feedback байгууллага мэдээлсэн байна. 

Тархинд байрлалтай боргоцой булчирхай нь мелатонин дааврыг ялгаруулахад гол үүрэгтэй оролцдог ба энэ даавар хүний хоногийн хэмнэлийг буюу унтах, сэрэх, хоол боловсруулах, биеийн хэмийг зохицуулахад чухал нөлөөлдөг байна. Хүн нас ахих тусам боргоцой булчирхай чулуужих хандлагатай байдаг ба энэ шинж тэмдэг өндөр настай хүмүүст гол төлөв илэрдэг болохыг АНУ-ын Кливландын клиник мэдээлсэн байна. 

Шүдний оонд агуулагддаг фтор нь боргоцой булчирхайны чулуужилтад шууд нөлөөлдөгийг одоогийн байдлаар тогтоогоогүй бөгөөд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвлөмжийн дагуу өдөрт хоёр удаа фтор агуулсан (1000-1500 ppm) шүдний оогоор шүдээ угаах нь шүд цоорох, хорхойтохоос сэргийлэхэд туслахыг мэдэгдсэн байна.

Фторын ундны усан дахь зөвшөөрөгдсөн хэмжээ нь эрүүл мэндийн сөрөг нөлөө үзүүлэхгүй ба фтортой усны хэрэглээг эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагууд хүлээн зөвшөөрч, дэмждэг байна. 

Фтор нь ус, шүдний оо, эм, хүнс, шороо зэрэг хүний өдөр тутамдаа хэрэглэдэг, хүрэлцдэг нийтлэг зүйлд агуулагддаг ба өнөөгийн байдлаар дэлхийн 25 улс ундны усандаа нэмдэг байна. Эдинбургийн их сургуулийн судлаач Колвин Жонесын (Colwyn Jones) мэдэгдсэнээр АНУ-д 200 сая орчим хүн, дэлхийн бусад 185 сая орчим хүн тохиромжтой түвшинд фторжуулсан усыг хэрэглэдэг байна. 

2004 онд фтортой ус хэрэглэх нь ялангуяа бага насны хүүхдийн шүд хорхойтохоос сэргийлэх ач холбогдолтой байдаг тул ус болон шүдний ооны найрлагад нэмдэг талаар ДЭМБ-ын Ундны усны чанарын талаарх удирдамж баримт бичигт мэдээлж байсан байна. 

Тус байгууллагын зөвлөмжийн дагуу ундны усанд агуулагдах фторын хэмжээ 1.5 мг/л-ээс ихгүй байхыг зөвлөдөг байна. Харин АНУ-ын Хүрээлэн Орчныг Хамгаалах Агентлагийн ундны усан дахь фторын тохиромжтой хэмжээ 0.7 мг/л байхаар заасан байдаг байна. 

Фторын хэмжээг хэтрүүлбэл эрүүл мэндийн эрсдэлтэй ба Монгол Улсад зөвшөөрөгдсөн хэмжээнд байна.

ДЭМБ-ын мэдээлснээр удаан хугацааны турш өдөрт 6 миллиграммаас дээш фтор биедээ шингээх нь яс, хөл ба гарын үе өвдөх, цаашлаад яс сийрэгжих, хатуурах эрсдэлийг нэмэгдүүлэх боломжтой байна.

Монгол Улсад мөрдөгдөж буй ундны усны чанар, аюулгүй байдлын талаарх стандартад зааснаар ундны усанд зөвшөөрөгдөх фторын хэмжээ 0.7-1.5 мг/л байхаар заасан байдаг ба Улаанбаатар хотын ундны усан дахь фторын агууламж дээрх зөвшөөрөгдсөн хэмжээнээс бага буюу аюулгүй түвшинд байдаг байна. Тодруулбал, усны чанар, стандартыг шалгадаг Ус сувгийн удирдах газрын 2021 онд Улаанбаатар хотын дүүргүүдийн усны хангамжид хийсэн шинжилгээгээс үзэхэд крантны усан дахь фторын агууламж 0.14-1.00 мг/л хооронд байсан байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл

Эх сурвалжууд

PolitiFact Фторын талаарх худал мэдээллийн баримт шалгалт

Full Fact Фторын талаарх худал мэдээллийн баримт шалгалт

You and Your Hormones Боргоцой булчирхайн талаарх мэдээлэл

Health Feedback Шүдний оонд агуулагддаг фтор нь боргоцой булчирхайг чулуужихад нөлөөлдөг эсэх талаар баримт шалгалт

АНУ-ын Кливландын эмнэлгийн вэб сайт дахь боргоцой булчирхайн талаарх мэдээлэл

Health Desk Шүдний оонд агуулагддаг фтор нь боргоцой булчирхайг чулуужихад нөлөөлдөг эсэх талаар баримт шалгалт

ДЭМБ Амны хөндийн эрүүл мэндийн талаарх мэдээлэл

Colwyn Jones ‘Water fluoridation in Scotland?’

ДЭМБ Ундны усан дахь фторын хэмжээ судалгааны баримт бичиг

ДЭМБ Ундны усан дахь фторын хэмжээний талаарх зөвлөмж

АНУ-ын Хүрээлэн Орчныг Хамгаалах Агентлагын ундны усан дахь фторын тохиромжтой хэмжээний талаарх зөвлөмж

Монгол улсын стандарт MNS 0900:2018 “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ”

Ус сувгийн удирдах газрын усны чанарын шинжилгээний мэдээлэл

Архивлагдсан хувилбар

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document