2023 оны 02 дугаар сараас эхлэн Мягмарцэрэн Маягмар нэртэй хэрэглэгчийн хаягаас “Хурдан шуурхай зээл олгоно, өгнө” нэртэй группэд “Хөдөө орон нутгийн хүмүүст онлайнаар барьцаагүй зээл олгоно”, “Халамж, хүүхдийн мөнгө авдаг л бол зээл аваарай” гэх мэт зарыг орон нутгийн нээлттэй группүүдэд нийт 48 удаа түгээж, чатаар харилцах нөхцөл тавьсан пост оруулсаар байна.
Банк, банк бус байгууллага зэрэг зээл олгох эрх бүхий байгууллагуудын тавьдаг нөхцлийг хангаж чадахааргүй иргэдэд чиглэсэн орлого нотлохгүй, барьцаагүй, хүүгүй, онлайнаар хялбархан зээл олгоно гэх мэтээр анхаарал татаж, “зөвхөн чатаар” харилцах нөхцөл тавих нь хуурамч мэдээллийн гол шинжүүдийн нэг тул энэ төрлийн мэдээллийг хэрхэн нягталж болохыг мэдэж аваарай.
FACTCHECK: Дараах байдлаар нягтлаарай.
Хаягийг нягтлах
Мягмарцэрэн Маягмар гэсэн хаяг дээр дарж ороход нүүр зургаа сольсон, Ховдоос ирсэн, Дундговьд байсан, МУИС-д сурсан, гэрлэсэн гэх мэт мэдээллүүдээ шинэчилсэн нь нээлттэй байна. Харин холбоо барих дугаар, хаяг байршил, албан ёсны сайт, имэйл зэргээ бөглөөгүй ба зээл олгох тухай ямар ч мэдээлэл нээлттэй байршуулаагүй байна.
Зээл олгох бизнес бол тодорхой хугацаанд оноосон хүүгийн орлогоос ашига олох замаар үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл хүүгүй зээл олгоно гэж л байвал хуурамч мэдээлэл гэж ойлгох нь зүйтэй. Мөн зээлээ илүү олон хүнд мэдээлж, үйлчлүүлэгчээ татахын тулд бизнесийнхээ тухай нээлттэй зар сурталчилгаа оруулж, аль болох олон хүнд хүргэхийг зорих учиртай. Тэгэхээр нээлттэй буюу public тохиргоотой пост оруулаагүй хэрнээ группүүдэд олон давтамжтай пост оруулж байгаа бол мөн хуурамч мэдээлэл гэж хардах нэг үндэслэл юм.
Тэгвэл ямар хаягаар түгээж байгаа зээл олгох тухай мэдээлэлд итгэж болох вэ?
Холбоо барих дугаар, хаяг байршил, албан ёсны сайт, бусад мэдээллээ нээлттэй оруулсан, хаягаа хөтөлсөн түүх дунд нь зээл тусламжийн талаарх мэдээ байнга оруулсан банк, банк бус байгууллагуудын хаягуудад зээлийн талаарх мэдээлэл байвал утасны дугаараар нь холбогдоод асууж, лавлаж байгаарай.
Харин хэн нэгний хаягаар “хүүгүй зээл авахын тулд чат бич, эсвэл бүртгүүл” гэсэн байвал хуурамч мэдээллээр хохироох эрсдэл байна гэж ойлгоорой.
Хэрэв сонирхоод чат бичиж үзмээр байгаа бол хувийн мэдээллээ өгөхгүй, эхэлж мөнгө шилжүүлэхгүй, ямар нэг холбоос дээр дарж орохгүйгээр өөрийгөө эрсдлээс хамгаалдаг байгаарай.