“Таван толгой” ХК ногдол ашиг тараах шийдвэр гаргалаа гэх хуучирсан мэдээллийг дахин түгээж, хандалт авч байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #551

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“ШУУРХАЙ: “Таван толгой” ХК-ийн ТУЗ хуралдаж хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргажээ” гэсэн мэдээлэл гаргажээ.

Баримт шалгалтын үр дүн

“Таван толгой” ХК-ийн ногдол ашиг хуваарилахтай холбоотой шийдвэр нь 2023 оны 02 дугаар сарын 25-нд гарсан бөгөөд одоогоор ногдол ашиг тараагдаж эхлээгүй, шат дарааллын дагуу бэлтгэл ажлууд явагдаж байна.

2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Monnews нэртэй пэйжид “ШУУРХАЙ: “Таван толгой” ХК-ийн ТУЗ хуралдаж хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргажээ” гэсэн тайлбартай, monnews.life домэйн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсан байна. Тухайн постын хандалтын хувьд, 05 дугаар сарын 30-ны байдлаар нийт 745 реакц, 157 сэтгэгдэл авч, 87 удаа цааш түгээгдсэн байна. Мөн сайт дахь мэдээллийн тархалтыг CrowdTangle хэрэглүүрээр нягтлахад нийт 11 удаа дахин түгээж, 2048 хариу үйлдэл авсан байна.

Мэдээлэлд “Орон нутгийн жижиг Таван толгой ХК-ийн ТУЗ хуралдаж ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргалаа. 2022 оны бизнес төлөвлөгөөнд тусгаснаар 61 орчим тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон тараана гэж төлөвлөж байсан бол урьдчилсан байдлаар компанийн татварын дараах ашигт байдлыг харгалзан нэгж хувьцаанд 2743.8 төгрөгөөр тооцон нийт 144 тэрбум төгрөг ногдол ашиг болгон хуваарилахаар болж байна!” гэжээ.

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийв

Тухайн мэдээлэлд дурдсан агуулгыг албаны эх сурвалжаас тодруулж, мөн холбогдох байгууллагуудын албан ёсны мэдээллийн хүрээнд нягтлан шалгалаа. 

  • Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар компанийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах шийдвэр гарсан талаар тус компанийн бүрэн эрхт төлөөлөгч олон нийтэд мэдээлсэн. Түүнчлэн, дээрх шийдвэрийн дагуу ногдол ашгийн нэгж хувьцааг 2743.8 төгрөгөөр тооцож, нийт 144,502,775,760 төгрөгийн ногдол ашгийг 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тараах тухай мэдээлэл Монголын Хөрөнгийн биржийн албан ёсны сайтад байршсан байна. 
  • Хамгийн сүүлд 04 дүгээр сарын 21-нд “Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болсон байна. Тус хуралдаанаар компанийн 2022 оны үйл ажиллагааны тайланг “хангалттай” хэмээн дүгнэж, жилийн эцсийн санхүүгийн тайланд тусгагдсан цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тухай гарсан 02 сарын 25-ны өдрийн 34 дүгээр тогтоолтой танилцсан байна. Ийнхүү хамгийн сүүлийн энэхүү ээлжит хурлаар хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох ажлыг зохион байгуулах шийдвэр гарчээ. 
  • Өнөөдрийн байдлаар ногдол ашиг тараах ажил ямар явцтай байгаа тухай Тавантолгой ХК-ийн Захиргаа удирдлагын газрын захиралтай холбогдон тодруулахад “04 сарын 21-нд болсон хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар 2022 оны санхүүгийн тайланг хөндлөнгийн аудитаар баталгаажуулсны дараа ногдол ашиг хуваарилахаар болсон. Үүний дагуу хөндлөнгийн аудит хийх байгууллагыг сонгон шалгаруулах ажил явагдаж байна. Сонгон шалгаруулалт энэ сарын 31-нд дуусаж, шалгарсан аудитын байгууллага санхүүгийн тайланг дүгнэн баталгаажуулсны дараа ногдол ашгийг тарааж эхэлнэ. Хугацааны хувьд 06 дугаар сарын дунд гэхэд тараагдаж эхлэх төлөвтэй байна” гэсэн юм. 
  • 2023 оны 02 дугаар сарын 25-нд болсон энэхүү үйл явдлын мэдээллийг тухайн пэйж гурван сарын дараа буюу 05 сарын 25-нд дахин болж буй мэтээр сэргээн оруулахдаа “Шуурхай…” хэмээн онцлон бичиж, олны нийтийн анхаарлыг татахуйц байдлаар түгээж байгаа нь пэйжийнхээ хандалтыг өсгөхийн тулд хийж буй үйлдэл гэж харж болохоор байна.

Энэ мэтчилэн халамж, тэтгэвэр нэмэгдэх, ногдол ашиг тараах, бензиний үнэ нэмэгдэх зэрэгтэй холбоотой нийгэм, цаг үеийн сэдвээр гарсан, олон нийтэд хамааралтай болж өнгөрсөн мэдээллийг дахин давтан сэргээж, мэдээлэх тохиолдол их байдаг тул шууд итгэж, цааш түгээхгүй байхыг сануулж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document