2023 оны 05 дугаар сарын 14-нд “ҮНЭН ҮГС АДМИН” нэртэй пэйж budun.life домайн дээр байршуулсан “Хонин зээргэний ачаар бөөрний өвчнийг мартсан түүх” гэх гарчигтай мэдээллийг постолсон нь 174 реакц, 5 сэтгэгдэл авч, 484 удаа цааш хуваалцжээ.
budun.life домайн дээр байршуулсан мэдээлэлд “Хонин зээргэнэ ашиглаж бөөрний дутагдалд орсон эдгэрэшгүй өвчтөнийг эдгээсэн”, “Байгалийн ургамал учраас хоргүй” зэрэг агуулгуудыг дурдаад хонин зээргэнийг хандалж уухыг зөвлөсөн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Хонин зээргэнэ буюу Пржевальскийн зээргэнэ ургамлын тухай
АНУ-ын Ургамал судлалын сэтгүүлийн 2001 оны хэвлэлд “Зээргэнэтэн овгийн Пржевальскийн зээргэнэ зүйлийн ургамал нь төв Азид Монголоос Пакистан хүртэл тархан ургадаг. Энгийн тархацтай. Зээргэнийн бусад зүйлийн нэгэн адил эфэдрин гэх фармакологийн өвөрмөц хүчтэй үйлдэл бүхий нийлмэл органик нэгдэл агуулдаг. Эмийн зориулалттай” гэсэн байна. Мөн хонин зээргэнэ нь Монгол улсын ховор ургамлын жагсаалтад багтдаггүй, хэрэглээг нь хориглоогүй ургамал байна.
Бөөрний дутагдлын тухайд
Шалгаж буй мэдээлэлд эмнэлгийн байгууллагууд эмчлэх аргагүй гэж дүгнэсэн өвчтөнийг эмчилсэн гэж буй нь нотлох боломжгүй байна. Учир нь, нэгдүгээрт, тус болсон үйл явдлын талаар ямар нэг баримт хавсаргаагүй. Хоёрдугаарт, архагшсан хэлбэрийн бөөрний дутагдлын үед эмчлэх боломж хомс буюу өвчтөний амьдралыг уртасгах эмчилгээ л хийдэг байна. Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албаны тайлбарт дурдсанаар “Архаг бөөрний дутагдлыг эмчлэх арга одоогоор байхгүй байна. Өвчтөн гол нь амьдралын зөв хэв маягийг хэвшүүлж, цусны даралт болон холестерин зохицуулах эм хэрэглэх, диализ тавиулах, бөөр шилжүүлэн суулгах зэрэг эмчилгээг хийлгэх нь зүйтэй” гэсэн байна.
1. Зэрлэг ургамал хүнд хоргүй гэж үзэх нь өрөөсгөл
Цахим орчинд түгж буй байгалийн эмчилгээний аргыг зөвлөсөн мэдээллүүд “Байгалийн ургамал учраас хүний биед хор хөнөөлгүй” гэх өрөөсгөл ойлголтыг агуулсан байх нь олон. Энэ тухай судлаач, мэргэжилтнүүдийн байр суурийг ч бид өмнөх баримт шалгалтууддаа тусгаж байсан. 2022 оны 11 дүгээр сарын 14-нд Шинжлэх ухааны академийн Ургамлын биотехнологийн лабораторийн эрхлэгч, доктор, дэд профессор Ю. Оюунбилэгтэй утсаар холбогдож, эмийн ургамлын талаар тодруулга авахад тэрээр “Анагаах чадалтай эмийн ургамалд хоруу чанар заавал байдаг тул нэг өвчинд эерэг нөлөөлсөн ч буруу хэрэглэвэл бусад эрхтэнд сөрөг нөлөөтэй. Эхэн үедээ уугаад хор хохирол нь мэдэгдэхгүй ч хожмоо илрэх боломжтой. Зарим эмийн ургамал хоорондоо хоршихгүй, харшилдаг учраас уламжлалт анагаах ухаанаар мэргэшсэн эмчид хандах нь зүйтэй. Гэтэл дутуу мэдээллээс болж эрүүл мэндээрээ хохирч байна” гэж анхааруулж байв.
Мөн бид 2023 оны 05 дугаар сарын 26-нд Манба Дацан нэгдсэн эмнэлгийн дэргэдэх Оточ Манрамба их сургуулийн лавлах утсаар тодруулахад “Зөвхөн зээргэнэ гэлтгүй ямар ч төрлийн эмийн ургамлыг дур мэдэн хэрэглэж болохгүй. Зээргэнэ л ганцхан бөөрөнд сайн юм биш, өөр ч ургамлууд байдаг. Эмч өвчтөний биеийн байдал, нас, хүйс, онцлог зэрэгт тааруулан ямар ургамал хөллөн эм, тан өгөх вэ гэдгээ шийддэг. Нэг ургамлыг уусан хоёр хүнд өөр, өөрөөр үйлчлэх нь бий” гэж хариуллаа.
АНУ-ын Харвард Анагаах ухааны сургуулийн вэбсайтад байршуулсан 2017 оны мэдээлэлд:
“Зээргэнэтэнийн төрлийн ургамлууд эфэдрин гэх төв мэдрэлийн системийг өдөөгч бодис агуулдаг. Зээргэнийг зөв хэрэглэсэн тохиолдолд эерэг нөлөө бий. Гэвч хүмүүс дур мэдэн, хэмжээгүй хэрэглэдэг нь асуудал үүсгэдэг. АНУ-ын бейсболын тамирчин Стив Бэхлэр зээргэнийн ханд хэтрүүлэн хэрэглэсний улмаас халууны харвалт өгч амь насаа алдсан. АНУ-ын засгийн газар 2004 онд зээргэнийн хэрэглээг хориглохоос өмнө тус ургамлыг агуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ зах зээл дээрх ургамлын гаралтай бүтээгдэхүүний 1 хувийг эзэлж байсан ч, ургамлаас үүдэлтэй хордлогын 62 хувийг бүрдүүлдэг байжээ. Мөн Олон улсын олимпын хороо, Үндэсний хөл бөмбөгийн лиг, Үндэсний оюутны хөл бөмбөгийн лиг зэрэг байгууллагууд тус ургамлыг хэрэглэхийг хориглосон байдаг. Нэгэн төрлийн сэргээшийн үйлчилгээ үзүүлдгээс нь болж хэрэглээг нь хэтрүүлж нийт 30 гаруй тамирчин нас барсан байна” гэж дурджээ.
2. Зээргэнийг ямар үед хэрэглэж болохгүй вэ?
АНУ-ын Mount Sinai эмнэлгийн вэбсайтад зээргэнийг хэрэглэх тохиолдолд анхаарах ёстой заалтуудыг дурджээ. Тэдгээрт:
“Хэдийгээр АНУ-д зээргэнээр эмийн бэлдмэл хийхийг хориглосон ч байгаль дээр түгээмэл ургадаг тул одоог хүртэл хүмүүс зэрлэг ургамал чигээр нь хандлан хэрэглэсээр байна. Зээргэнэд агуулагддаг эфэдрин нь кафейн агуулсан бүтээгдэхүүнтэй хавсран хэрэглэсэн тохиолдолд зүрхний хэмнэл алдагдах, цус харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Сэтгэл түгших эмгэг, сэтгэл гутрал, өндөр даралт, нүдний даралт, зүрхний эмгэг, түрүү булчирхайн томролт, унаж татах эмгэг, тархины цусан хангамжийн саатал, сэтгэц мэдрэлийн өвчин, бамбай булчирхайн эмгэг, чихрийн шижин зэргийн үед хэрэглэхгүй. Жирэмсэн болон насанд хүрээгүй хүүхэд хэрэглэж болохгүй” гэсэн байна.