Оюунаа гэдэг монгол ээжийгээ хайж байгаа солонгосын эрлийз охины захиа гэх мэдээлэл худал 

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #548

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Оюунаа гэдэг монгол ээжийгээ хайж байгаа солонгос аавтай охины захиа гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

АНУ-ын Лос-Анжелес хотод амьдарч байсан солонгос гэр бүлийн зураг ашиглан хуурамч түүх зохиож, хандалт авч байна.

2023 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр zuvlumj.com нэртэй пэйжид “Ээж минь та өөрийгөө таньж байвал охинтойгоо холбогдоорой” гэсэн гарчигтай, гэр бүлийн зураг хавсаргасан пост оруулсан нь тавдугаар сарын 18 хүртэл идэвхтэй түгээгдсээр 1843 реакц, 246 сэтгэгдэл авч, 1209 удаа цааш түгээсэн байна.

Уг мэдээлэлд “Сайн байцгаана уу? Монголчуудаа. Миний Монгол нэрийг Хулан гэдэг, дүүг минь Тулгаа гэдэг. Би 1992 онд БНСУ-д төрсөн. Миний ээжийг аавын хэлснээр Оюунаа гэдэг, монгол хүн. Аав минь Солонгос хүн. Манайх Пусан хотод амьдардаг. 1990 онд ээж минь Солонгос улсад ирж манай аавын ажилладаг комьпютерийн эд ангийн үйлдвэрт ажилласан юм. Аав ээж 2 танилцаад удалгүй би, дараа нь миний дүү гарсан. Ээж минь энэ улсад ирээд 7 жил болоод хамт байх боломжгүй болоод 1997 онд Монгол улс руу буцсан. Буцахдаа эргэж ирнэ гээд явсан гэсэн. Би сайн санадаггүй юм. Тэр цагаас хойш ээжийгээ хараагүй 20 гаруй жил болжээ. Ээж минь монгол улсад амьдарч байхдаа Улаанбаатар хотод хүнсний дэлгүүрийн худалдагч хийж байсан гэсэн. Та бүхэн ээжийг минь олж өгч туслаач. Аав бид 3 сайхан амьдарч байгаа. Гэхдээ ээжтэйгээ л уулзахыг маш их хүсч байна. Ээж минь та өөрийгөө хараад таньж байвал www.pusanweb.com хуудсанд захидал бичиж, охинтойгоо заавал холбогдоорой” гэсэн байна. 

FACTCHECK: Дараах байдлаар анхан шатны баримт шалгалтаар бодит байдлыг мэдэж аваарай.

Зургаар хайх 

Тус зургийн эх сурвалжийг google image lens-ээр хайж үзэхэд 1990-ээд онд АНУ-ын Лос-Анжелес хотод амьдарч байсан солонгос гэр бүлийн зураг байсан бөгөөд энэ талаарх ээжийнхээ яриаг Kat Koh гэх эмэгтэй substack буюу чөлөөт нийтлэл бичих, блог хөтлөх боломжтой вэбсайтад 2020 оны зургадугаар сарын 23-ны өдөр нийтэлсэн байна. Тэрбээр үеэлийнхээ хамт тус вэбсайтад “Gochujang” нэртэй хуудас хөтөлдөг. 

Зургийн тайлбар нь “Манай гэр бүл, 1992 онд ЛА-д үймээн гарахын өмнөхөн” гэх агуулгатай байв. Блог бичсэн эмэгтэйн гэр бүл АНУ-д цагаачилсан солонгос гэр бүл байсан бөгөөд 1992 онд Лос Анжелес хотод болсон өнгөт арьстнуудын бослогоос үүдэн өөр хот руу нүүсэн байна. Тус үймээн самуунд 50 гаруй хүн амиа алдаж, 2300 гаруй хүн шархдаж, олон мянган хүн баривчлагджээ. Мөн 1100 орчим барилга эвдэрч, нийт эд хөрөнгийн хохирол нэг тэрбум орчим ам.доллар болсон нь АНУ-ын түүхэн дэх хамгийн их хохирол учруулсан иргэний үймээн самууны нэг болсон нь олон тооны эх сурвалжууд болон Британикка нэвтэрхий тольд бичигдэн үлдсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document