Мэдээллийн экосистемд нөлөөлж буй хуурамч мэдээллийг таньж сурцгаая

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #547

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Цалин тэтгэврийг нэмэхийг дэмжиж байвал шэйр хий гэх мэдээлэл оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Ингэж цалингаа нэмүүлэхийг хүсэж шэйрлэсэн, идэвхжүүлсэн хэрэглэгч бүрт алгоритмын тусламжтайгаар тухайн пэйжийн мэдээлэл харагдах боломжтой болсон үед оруулж буй зөвхөн улс төрийн сэдэвтэй мэдээллүүдийг нь шүүж нягтлаад үзээрэй.

2023 оны 05 дугаар сарын 23-нд Monnews нэртэй пэйжид “Цалин, тэтгэвэрээ нэмэхийг дэмжиж байвал SHARE хийж +1 гэж бичээрэй!!!” гэсэн тайлбартай, monnews.life домэйн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсан нь 756 реакц, 709 сэтгэгдэл авч, 1,114 удаа цааш түгээсэн байна. Уг сайтын холбоосоор орж мэдээллийн тархалтыг CrowdTangle хэрэглүүрээр нягтлахад Facebook платформд нийт 239 удаа дахин оруулж, 82,820 хариу үйлдэл аваад байна. Үүнээс 43,495 реакц дарж, 31,567 сэтгэгдэл үлдээсэн ба 7,758 удаа шэйр хийсэн байна.

Уг мэдээлэлд “Бензины үнэ 2 удаа нэмэгдэж, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ дагаад өсөж, олон татварууд нэмэгдэж, иргэдийн гар дээрээ авч буй цалин нь хаанаа ч хүрэхгүй, ажил хийгээд хийгээд хоосон хонох дээрээ тулжээ. Инфляц 11 хувь хүртлээ өслөө. Ийм үед иргэдийн татварыг хөнгөлөх, эсвэл бэлэн мөнгө тараах, мөн цалинг нэмэх гэсэн сонголт байгаа билээ. Төрийн алба болоод хувийн хэвшил ялгаагүй бүх татвар төлөгч иргэдийн цалинг нэмэхийг шаардаж байна. Цалин нь хаанаа ч хүрдэггүй болохоор залуус Солонгос руу ажил хийхийн хүслэн болдог. Ард түмэн бид ийм нийгмийг хүсэхгүй байна. Одоо нэмэх цаг нь болсон. Одоо иргэдэд бэлэн мөнгө тараах биш цалингийн доод хэмжээг 600,000-д хүргэх шаардлагатай байна. Уншигч та бүхэн санал нэг байвал тийм гэж бичээд яг одоо шэйр хийж түгээгээрэй” гэсэн бичвэрийг 3 удаа давтан оруулсан байна.

FACTCHECK: Дараах байдлаар мэдээллийг нягтлаарай.

Мэдээлэлд дурдсан инфляцийн түвшин 11 хувьд хүрсэн нь үнэн. 2023 оны 04 дүгээр сарын 30-ны байдлаар инфляц 11.3 хувьтай байгааг Үндэсний Статистикийн Хорооны вэбсайтаас харж болно.

Уг мэдээллийг анх оруулсан буюу 2021 оны мөн үеийг жил жилд нь харьцуулан өөрчлөлтийг харууллаа.

  • Шалгаж буй мэдээлэлд “цалингийн доод хэмжээг 600,000 хүргэх шаардлагатай байна” гэжээ. 2023 оны 01 дүгээр сарын 1-нээс цалингийн доод хэмжээ буюу Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550,000 төгрөг болгосон. Үүн дээр 50 мянган төгрөг нэмүүлэхийн төлөө санал хурааж байгаа эсэхийг нь нягтлаагүй, зөвхөн гарчиг хараад идэвхжүүлсэн байх магадлалтай байна.
  • Мөн постод хавсаргасан сайт руу ороход элдэв хямдрал, боломжтой санал, азтан болсон гэх мэт агуулгатай, дарж ороод бүртгүүлэхийг уриалсан баннерууд гарч ирэх бөгөөд түүнийг идэвхжүүлэх нь хувийн мэдээллээ алдах эрсдэлтэйг анхаараарай.

Мэдээллийг оруулсан цаг хугацаа, тухайн үед идэвхтэй байсан сэдвүүдийг харьцуулах нь

Мэдээллийг анх 2021 оны 08 дугаар сарын 5-нд Monnews нэртэй пэйжид оруулж байсан. Тухайн үед Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсон байсан ч найман сарын өмнө Ерөнхий сайдаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийн Засгийн газрын хуралдааны танхимд алх барин суугаа зургийг мэдээлэлдээ ашигласан.

Уг мэдээлэл төдийлөн хандалт аваагүй буюу 29 реакц, 21 сэтгэгдэл авч, 46 удаа цааш түгээгдэж байжээ.

Харин хамгийн өндөр хандалт авч байсан үеийг нягталбал:

2022 оны 12 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сард дээрх хаягаар 12 удаа оруулахдаа нийт 39,369 хариу үйлдэл авсан байна.

Энэ үед хандалт ихтэй байсан сэдвүүд нь:

  • “Ардчилсан намын даргын сунгаа”,
  • “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль”,
  • “Нүүрсний хулгай”,
  • “Хөгжлийн банк” зэрэг байв.

Дээрх жишээнээс олон нийтийг бухимдал ихтэй үед “цалин тэтгэвэр нэмэхийг дэмжиж байвал шэйр хий” гэх мэтээр ямар нэг үйлдэл хийлгэх замаар хандалтаа өсгөдөг арга барил харагдаж байна.

Ингэж цалингаа нэмүүлэхийг хүсэж шэйрлэсэн, идэвхжүүлсэн хэрэглэгч бүрт алгоритмын тусламжтайгаар тухайн пэйжийн мэдээлэл харагдах боломжтой болсон үедээ нэг өдөрт /2023.05.26-нд/ оруулж буй зөвхөн улс төрийн сэдэвтэй мэдээллүүдийг нь шүүж дараах зурагт харууллаа.

Ийнхүү олон нийтийн дэмжлэг авч, олноороо хариу үйлдэл үзүүлэн хандалтаа өсгөдөг цалин, тэтгэвэр, халамж зэрэг сэдвийг хөндсөн мэдээллийг сонгон авч, хандалтаа өсгөсний дараа түгээдэг мэдээллүүдэд хэсрүү хандаж сураарай. Олон нийтийн бухимдал, нийгмийн сэтгэл зүйг удирдах гэсэн санаархал энэ мэт мэдээллээр эхэлж анхаарлыг татан оролцуулж, цааш үргэлжилдэг үзэгдэл гарсаар байна.

Дээрх мэдээлэл нь нэг талаас цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхийг хүсдэг хүний тоо их байгааг харж болох боловч нөгөө талаас хувийн мэдээллийг хулгайлах, цахим платформын алгоритм ашиглан органик хандалт дээр хүргэх гэсэн мэдээллээ түлхэх үзэгдэл байгааг харуулж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document