Биеэс гадуур тэмбүү өвчний бактери оршиж чадахгүй, агаарт хэдхэн хормын дотор үхдэг

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #541

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн ор хөнжил, гудаснаас тэмбүү  илэрсэн гэсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Тэмбүү өвчний бактери хүний биеэс гадна амьдрах чадваргүй тул ор хөнжил, гудаснаас илрэхгүй, халдварлахгүй.

2023 оны 05 дугаар сарын 16-нд Paparazzi.mn нэртэй пэйжид “Аймшигтай: Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвийн эмнэлгийн ор хөнжил гудаснаас тэмбүү өвчин илэрчээ” гэх тайлбартай, paparazzi.mn домайн дээр байршуулсан мэдээллийг хуваалцсан нь 2023 оны 05 дугаар сарын 22-ны байдлаар 2.8 мянган реакц, 664 сэтгэгдэл авч, 653 удаа цааш түгээжээ.

Домайн дээр байршуулсан мэдээлэл нь:
“Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг , Эрүүл мэндийн төвөөс саяхан бактер вирусны ариун цэврийн шалгалт шинжилгээ хийхэд хамгийн хангалтгүй гарсан байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар эмнэлэгийн ор хөнжил гудаснаас хүнд хамгийн хүндээр халдварладаг тэмбүү өвчин илэрчээ. Мөн зарим цусны өвчний вирус илэрсэн гэж мэдээлэл өгчээ” гэсэн байна.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Нэр дурдсан байгууллага тус мэдээллийг үгүйсгэсэн байна

Шалгаж буй мэдээллийг анх түгээсэн өдөр буюу 05 дугаар сарын 16-нд Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэг өөрийн Facebook сувгаараа мэдэгдэл гаргажээ.

Мөн бид 2023 оны 05 дугаар сарын 22-нд Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн лавлах утсаар холбогдон тодруулахад:
“Тус сайтад гаргасан мэдээлэлд дурдсан шиг үйл явдал, шинжилгээний үр дүн гараагүй. Тэмбүү өвчин нь ор хөнжлөөс илрэхгүй, түүгээр дамжин халдварлахгүй. Хөнжил, гудас зэрэг зөөлөн эдлэлийг зориулалтын аппаратаар ариутгадаг” гэх хариултыг өгсөн юм.

2. Тэмбүү өвчин, түүний халдварын зам, илрүүлэх шинжилгээний тухай

Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албаны тайлбарт:
“Тэмбүү өвчин нь бүрэн эмчлээгүй тохиолдолд хурц хүндэрдэг, амь насанд аюултай, бэлгийн замын халдварт өвчин юм.

  • Халдвар авсан хүнтэй хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орох, тэдний бэлэг эрхтэн, бэлгийн уруул, анус эсвэл аман дотор гарсан тэмбүүний үлдтэй хүрэлцэх
  • Халдвартай жирэмсэн эхээс урагт
  • Цус сэлбэх, эрхтэн шилжүүлэн суулгах зэргээр халдварлах боломжтой.

Тэмбүү өвчний шинж тэмдэг нь голцуу хөнгөн, бараг мэдэгдэхгүй илэрнэ. Олон төрлийн шинж тэмдгийг ээлж дараалан үзүүлдэг. Жишээлбэл:

  • Бэлэг эрхтэн, бэлгийн уруул, анус, амны ойролцоо хайрст үлд үүсэх
  • Ам, уруул, гар зэргээр өвчин оргих
  • Гарын алга, хөлийн ул, зарим тохиолдолд бүх биеэр загатнадаггүй тууралт гарах
  • Аман дотор цайралт үүсэх
  • Халуурах, толгой өвдөх, амархан ядардаг болох
  • Хүзүүний булчирхай хавдах
  • Толгой, сахал, хөмсөгний үс унах зэргээр илэрч болно” гэсэн байна.

Америкийн эмнэл зүйн хими судлалын академийн тайлбарт “Тэмбүү өвчнийг эхэн үед нь гэрэл тавих, микроскопоор шинжлэх, полимеразын гинжин урвал ашиглах зэргээр илрүүлж болно. Эдгээр аргыг одоо үед бараг л ашигладаггүй. Учир нь тэмбүү өвчний бие дээр шууд үзүүлэх шинж тэмдгийг гаднаас нь шинжлэхэд төвөгтэй учир цус, ийлдсээс дээж авч шинжилнэ. Биеэс гадуур тэмбүү өвчний бактери оршиж чадахгүй. Агаарт ил болбол хэдхэн хормын дотор үхдэг” гэж дурджээ. Иймд шалгаж буй мэдээлэлд дурдсан шиг ор хөнжил, гудаснаас илрэх боломжгүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document