Ахуйн нөхцөлд дур мэдэн тос, түрхлэг ашигласнаар судасны бүдүүрэл эдгэхгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #540

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Ахуйн хүнсний бүтээгдэхүүн ашиглан судасны бүдүүрлийг эмчлэх боломжтой гэсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Судасны бүдүүрлийг гаднаас нь ямар нэг тос, түрхлэг ашиглаад бүрэн эдгээх боломжгүй. Анхаарал татам хачирхалтай аргууд нь хэрэглэгчийн цагийг л үрдэг.

2023 оны 05 дугаар сарын 16-нд Нархан – Гэрэлт ирээдүйг хамтдаа нэртэй пэйжид narhan.me домайн дээр байршуулсан мэдээллийг “Найз маань олон жил судас бүдүүрэх өвчнөөс болж зовж шаналсан юм. Харин тэр нэг л өдөр над руу залгаад өвчнөө яаж бүрэн эдгээж чадсан талаараа хэлсэн юм” гэх тайлбартайгаар пост болгон оруулсан нь 05 дугаар сарын 22-ны байдлаар 83 реакц, 4 сэтгэгдэл авч, 214 удаа цааш түгээсэн байна. Домайнд байршуулсан мэдээллийн тархалтыг crowdtangle хэрэглүүр ашиглан шалгахад нийт 29 удаа постолж 1,616 реакц, 132 сэтгэгдэл, 5,637 шэйр цуглуулжээ.

Мэдээлэл нь:
“Өчигдөр Минск хотод амьдардаг найз маань над руу залгаж, ид шидийн үйлчилгээтэй тосон эмийн ачаар судас бүдүүрэх өвчнөөсөө бүрмөсөн ангижирсан талаар хэлсэн юм. Тэр судас бүдүүрэх өвчинтэй байсан бөгөөд хөл нь маш их зовиурлаж, зарим үед бүр хар толбонууд үүссэн байдаг байв. Мэс заслын эмч нар мэс ажилбар хийлгүүлэхийг санал болгосон ч, тэр татгалзсан. Тосон эмийг бэлтгэхийн тулд өөх тос ихтэй гахайн мах, зуун наст ургамлын шүүс, зөгийн бал, гаврын болон загасны тос, шингэн саван, сармисны шүүс хэрэг болно. Эдгээр орцыг жижиг тогоонд хийж, сайтар хутгаж хольсныхоо дараа буцалгана. Тэгээд хөргөөд хөлийнхөө бүдүүрсэн судсан дээр түрхэж, цэвэр даавуун алчуураар чанга бооно. Бүтэн өдөр шөнө болсны дараагаар боолтыг авна. Энэ мэтчилэн бүдүүрсэн судас арилж, хэвийн болтол нь дээрх аргыг ашиглана” гэсэн байна.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Олон улсын баримт шалгагчид болон салбарын мэргэжилтнүүд дараах байдлаар няцаажээ

Судасны бүдүүрлийг хачирхалтай аргаар эмчлэхийг уриалсан өөр нэг мэдээлэлд Австралийн Нэгдсэн хэвлэл агентлаг баримт шалгалт хийж, 2021 оны 01 дугаар сарын 21-нд вэбсайтдаа байршуулсан байна. Баримт шалгалтад:
“Шүдний оо, сонгино, зөгийн бал, синнамон зэргээр судасны бүдүүрлийг эмчилнэ гэх мэдээлэл тархсан байна. Хөл, тавхайн судаснууд зүрх рүү цус дамжуулахад саад учирсан тохиолдолд нүдэнд ил харахуйц, гүн ягаан эсвэл ногоон товгор үүссэнийг судасны бүдүүрэл гэнэ.

Ихэнх тохиолдолд аюулгүй бөгөөд гоо сайханд л сөргөөр нөлөөлдөг. Гэвч зарим ховор тохиолдолд хүндрэл үүсдэг. Бид Отагогийн их сургуулийн багш Андре Вин Раж болон судасны бүдүүрлийн эмчилгээгээр мэргэшсэн эмч Гири Махадеван нартай холбогдоход,

  • Андре Вин Раж: “Зориулалтын бус ахуйн бүтээгдэхүүн дур мэдэж хэрэглэлээ гээд судасны бүдүүрэл эмчлэгдэхгүй” гэсэн бол,
  • Гири Махадеван: “Судасны бүдүүрлийг мэс ажилбар, лазер эмчилгээ, зориулалтын эм, тариа зэргээр эмчлэх боломжтой. Шинж тэмдгийг багасгана л гэхээс биш гаднаас түрхээд эдгээх ямар нэг тос, түрхлэг одоогоор байхгүй. Мөн ховор тохиолдолд судас бүдүүрсэн хэсэгт яр, шарх үүсдэг. Гэтэл элдэв бүтээгдэхүүн шууд түрхэх нь харшил үүсгэх, шархыг хүндрүүлэх аюултай” гэх хариултуудыг өглөө” гэсэн байна.

АНУ-ын Аляска мужийн Судасны төвийн 2020 оны 01 дүгээр сарын 20-нд гаргасан мэдээлэлд:
“Судас бүдүүрэх үед эфирийн тос ашиглаж болох уу гэж үйлчлүүлэгчид их асуух боллоо. Шулуухан хариулахад “Үгүй”. Зарим тос түр хугацаанд л шинж тэмдгийг арилгаж, тухгүй мэдрэмжийг намдаадаг. Судасны бүдүүрлийг эмчилнэ гэвэл зориулалтын эмчилгээ зайлшгүй шаардлагатай.

Тайвшруулах үйлчилгээтэй лаванда цэцэг, агар мод, үнэрт давирхай, шимтэглээ цэцэг болон Аляска хүн орхоодойн эфирийн тос зэрэг нь цусны эргэлтийг сайжруулах хэдий ч судасны асуудлыг шийдэхгүй. Бүдүүрсэн судас нь ихэвчлэн гэмтэл авсан байдаг учраас зохих эмчилгээг мэргэжлийн эмчээр хийлгэх нь зүйтэй.

Элдэв тос ашиглан эмчлэх оролдлого хийх нь хэдийгээр хор хөнөөлгүй мэт байвч өвчтөний цагийг үрж, зөв эмчилгээг хойшлуулж байдаг. Мөн бүдүүрсэн судсыг хучсан арьс нимгэрч эмзэг болсон байдаг тул хурц бүтээгдэхүүнээс амархан харшилдаг.

Судасны бүдүүрэлтэй бол тогтмол хөдөлж, амарч байх үедээ хөлөө өргө, дасгал хөдөлгөөн сайн хий, хэт бариу хувцас бүү өмс” гэсэн байна.

Хэрэглэгчдэд хангалттай мэдээлэл байхгүйгээс үүдэн тэднээс ашиг хонжоо хайж, судасны бүдүүрлийг эмчилнэ гэх нэрийдлээр үр нөлөөгүй, хэрэгцээгүй тос, тосон бүтээгдэхүүнийг сурталчлах явдал ч гардаг байна. 2022 оны 12 дугаар сарын 16-нд IFCN буюу Олон улсын баримт шалгагчдын сүлжээний гишүүн Factly төв баримт шалгалтаараа “Судасны бүдүүрлийг бүрэн эмчилнэ” гэж мэргэжлийн байгууллагаас хэрэглэхийг зөвшөөрөөгүй тос худал сурталчилж байсныг илрүүлсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document