2023 оны 05 дугаар сарын 14-нд Цэрэг армийн мэдээ, мэдээлэл нэртэй бүлгэмд Пүрэвдорж Б.М нэртэй хэрэглэгчийн байршуулсан, “Өнгөрсөн шөнө Харьков, Одесс гэх мэт хэд, хэдэн газруудад хүрзнүүд морилж иржээ” гэх тайлбартай бичлэг 05 дугаар сарын 20-ны байдлаар 137 реакц, 29 сэтгэгдэл авч, 11 удаа цааш түгээсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1. Бичлэгийн үйл явдал Орос-Украины дайнтай хамааралгүй
Бичлэгийн тайлбарт “Хүрзнүүд морилж иржээ” гэсэн нь 2020 оны 03 дугаар сард Их Британийн Батлан хамгаалах яамнаас “Оросын цэргүүд зэвсгийн хомсдолд орж, зарим нь хүрз барин тулалдаж байна” гэж мэдээллэснээс үүдэн гарсан ёжлол юм.
Оросын пуужин 05 дугаар сарын 13-нд Украины Тернопил хотод байршилтай хүмүүнлэгийн тусламжийн агуулахыг дэлбэлсэн тухай олон улсад мэдээлсэн. Тус халдлагаар дайны хохирогчдод эд, материал тараадаг тусламжийн агуулах дэлбэрсэн ч ямар нэг үхэл, эндэгдэл тохиогоогүй байна.
Харин тус халдлагын талаарх мэдээ цацагдсаны дараа бидний шалгаж буй бичлэг цахим орчинд түгэж эхэлжээ. Гэвч тус бичлэгийн дүрсийг Google Reverse image search хэрэглүүр ашиглан хайхад бичлэгийг 05 дугаар сард биш 2023 оны 01 дүгээр сард цахим сүлжээнд анх оруулсныг харж болно. Тухайлбал Иранийн Tabnak агентлагийн вэбсайтад 01 дүгээр сарын 29-нд байршуулсан мэдээнд бичлэгийг ашиглажээ. Мэдээнд “Иран улсад байрлалтай газрын тосны үйлдвэр шатсан” гэсэн байна. Мөн France-24 агентлаг ч үйлдвэрт гарсан түймрийн талаар ижил мэдээлсэн байна.
Бичлэгийн бүрэн хувилбарыг @clashreport нэртэй Twitter хаягт 01 дүгээр сарын 29-нд байршуулсныг ч үзэх боломжтой. Тайлбар хэсэгт “Ираны Зүүн Азербайжан мужийн Tabriz хотын Шахид Салими аж үйлдвэрийн цогцолборт түймэр гарчээ” гэсэн байна.