2023 оны 05 дугаар сарын 20-нд Munkhbayasgalan Bayasgalan нэртэй хэрэглэгч “Хүндэт харуул зогсоож хуримаа хийгээд хэн гээчийн хүүхэд вэ? Арай даварчихсан уу?” гэх бичвэртэй, Чингис Хаан музейн урд жагссан хүндэт харуулууд болон хуримын хувцастай иргэдийн зургийг оруулсан нь 05 дугаар сарын 20-ны байдлаар 993 реакц, 265 сэтгэгдэл авч, 225 удаа цааш түгээсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1. Маргааш тохиох Францын ерөнхийлөгчийн айлчлалын бэлтгэл, сургуулилтын үеэр нэгэн хос зургаа авхуулсан байна
Бид хүндэт харуулын 032-р ангийн дарга Б.Болдбаатартай холбогдож тодруулахад:
“Маргааш болох Францын ерөнхийлөгчийн айлчлалд бэлдэн сургуулилт хийлээ. Энд зөвхөн хүндэт харуулууд гэлтгүй хүндэт харуулын дарга, төрийн ёслол хариуцсан мэргэжилтнүүд байж таарсан. Энэ үеэр хуримаа хийж буй хосууд зураг авхуулж өнгөрсөн үйл явдал дуранд өртжээ. Ер нь хүндэт харуулын бэлтгэл сургуулилтын үеэр иргэд зураг авах, бичлэг хийх гэж их оролддог. Гэтэл уг зургийг буруу тайлбартайгаар түгээж буйд харамсаж байна. Бид төрийн болон цэргийн ёслолын арга хэмжээнүүдэд л оролцдог. Хэн нэгний хувийн найр наадам, арга хэмжээнд очиж үйлчлэхгүй” гэх хариултыг өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 07 дугаар сарын 08-нд баталсан Төрийн ёслолын журамд ямар үйл ажиллагаануудад хүндэт харуул жагсахыг зааж өгсөн байна.