Хүн хөлдөө наалт нааснаар бус, элэг, бөөр, булчирхай зэргээрээ хороо гадагшлуулдаг

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #526

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хөлдөө наалт нааснаар бүх төрлийн хорт бодисыг гадагшлуулж, биеийг эрүүлжүүлнэ гэсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Хөлийн наалтад байх бодисууд нь чийглэг орчинд өнгөө хувиргадаг бөгөөд ямар нэг хор гадагшлуулдаггүй байна.

2023 оны 04 дүгээр сарын 11-нд Happy Shop нэртэй пэйжид “Бүтэн биеийн хор гадагшлуулагч наалт” гэх бүтээгдэхүүнийг “Таныг унтаж байх хооронд биеэс тань хүнд металууд, химийн бодис, өөх тос, бүх илүүдэл хортой зүйлсийг цэвэрлэж гадагшлуулна. Цусны эргэлтээр хорт бодисууд хөлийн улны тухайлсан цэгүүдэд зөөгдөж ирдэг. Тэнд дотор эрхтэнүүдийн илүүдэл хорт үлдэгдэлүүд хуримтлагддаг. Энэ үед хөлийн наалт хорт бодисуудыг өөртөө шингээж авдаг” агуулга бүхий тайлбартайгаар сурталчилсан нь 05 дугаар сарын 04-ны байдлаар 3.2 мянган реакц, 2.6 мянган сэтгэгдэл авч, 2.6 мянган удаа цааш хуваалцжээ.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Хоргүйжүүлэх гэх наалтыг яагаад хөлд наахыг сурталчилдаг вэ?

АНУ-ын USA Today агентлагийн 2022 оны 06 дугаар сарын 14-ны баримт шалгалтад:
“Жоржтауны их сургуулийн багш, анагаах ухааны доктор Адрианн Фю-Бэрманы тайлбарласнаар хүний бие ямар нэг гаднын бүтээгдэхүүний тусламжгүйгээр хэрэггүй бодисыг шүүж, гадагшлуулах чадвартай. Онцолбол элэг, дотор эрхтнүүд, бөөр болон арьсны хөлсний булчирхайнууд хорыг гадагшлуулдаг. Гэхдээ хүний арьс зарим хаягдал бодисыг л гадагшлуулах болохоос хүнд металл, элдэв бодисыг гадагшлуулах чадвар сул байдаг” гэсэн байна.

Дэлхийн тэргүүлэх судалгаа, шинжилгээний байгууллагуудын нэг болох Израйлын Визманы шинжлэх ухааны хүрээлэнгийн судлаачид яагаад хоргүйжүүлэх наалтыг заавал хөлдөө наа гэж сурталчилдгийг тайлбарлажээ. Тэдний тайлбарласнаар “Хоргүйжүүлэх гэх наалтад байх бодисуудын ихэнх нь чийглэг орчинд өнгө хувиргах чадвартай. Тийм учраас хөлд наах нь хамгийн тохиромжтой. Учир нь хүний хөлийн тавхайд 125,000 орчим хөлсний сүв байдаг бөгөөд 1 сантиметр шоо талбайд хамгийн их хөлсний сүв байдаг хэсэг. Өдөрт л дор хаяж 285 миллилитр хөлс ялгаруулдаг тул өнгө нь хар болж хувирах нь ойлгомжтой. Биедээ наалгүйгээр зүгээр л усны уурын дээр барихад л өнгө нь хувирна.
Хөлийн наалтын дотор байх гол бодис нь модны цуу. Модыг цельсийн 400 градусаас дээш хэмд, хүчилтөрөгч бага орчинд халаахад хий болон шингэн ялгардаг ба шингэнийг нь модны цуу гэнэ. Модны цууг хатаахад нунтаг цагаан болдог бол чийглэг орчинд буцаад хар болж хувирна. Мөн хөлийн наалтад цардуулыг задлахад ялгардаг, чийглэг орчинд зунгааралддаг дэкстрин гэх бодис агуулдаг. Иймд хөлийн наалтын өнгө хувирсан нь хорт бодис гадагшилсан биш таны хөл хөлс ялгаруулсныг л харуулж байгаа юм” гэсэн байна.

2. Олон улсын мэргэжилтнүүд хөлийн наалт нь хүний биеэс хор гадагшлуулахгүй болохыг анхааруулжээ

AAP /Австралийн холбооны төв хэвлэл/ 2021 оны 10 дугаар сарын 01-нд хийсэн баримт шалгалтдаа:
“Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Эмийн бүтээгдэхүүний сурталчилгааны ёс зүйн шалгуурыг боловсруулахад гар бие оролцсон Бондын их сургуулийн багш Кэн Харви хор гадагшлуулагч хөлийн наалтыг “Хамгийн түгээмэл бөгөөд их ашиг олдог луйвар” гэж хэлсэн байдаг. Түүнээс учрыг тодруулахад бидэнд Йелийн их сургуулийн клиникийн мэдрэл судлаач Стивэн Новэллагийн нийтлэлийг уншихыг зөвлөсөн юм. Нийтлэлд “Элэг болон бөөр нь хүний биеэс хорт бодис гадагшлуулах үүрэгтэй. Хөлийн наалтын өнгө хувирсан байдаг нь дотор нь байгаа бодисууд исэлдсэнээс л өнгө нь хувирч буй хэрэг. Арьсаар дамжуулан хорт бодис их хэмжээгээр гадагшлах бараг боломжгүй, мөн хүний биед байх хорт бодисууд хөлийн наалт дээр үүсдэг шиг тийм бараан биш, өнгөгүй байдаг” гэсэн байна.

2018 онд профессор Кэн Харви Австралийн засал эмчилгээний бүтээгдэхүүний хяналтын газарт гомдол гаргажээ. “Хөлийн наалт гэх бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг мэхэлж байна” гэх түүний гомдлыг хүлээн авч хэрэглэгчдийг мэхэлсэн сурталчилгаа явуулж байсан компанид хариуцлага тооцсон байна. АНУ-д ч дээрхтэй төстэй тохиолдол гарч байжээ. 2010 онд Холбооны худалдааны комиссоос “Хөлийн наалтаар төрөл бүрийн өвчнийг анагаана” гэх сурталчилгаа явуулж байсан байгууллагуудад нийт 14.5 сая долларын торгууль ногдуулсан” гэсэн байна.

3. Хөлийн наалт хорт бодис гадагшлуулах чадваргүйг нотолсон судалгааны тайлангууд байна

2018 онд Хүнд металлаас үүдэлтэй хордлого болон эмгэг судлалын сэтгүүлд байршуулсан судалгааны тайланд:
“18-аас 64 насны 53 хүнд хийсэн туршилтаар хөлийн наалт нааж хонуулахад биед байх хүнд металлын агууламжид өөрчлөлтөд ороогүй. Судалгаанд оролцсон хүмүүсийн биед байх хар тугалга, кадмий, мөнгөн ус, астат, селен, мөнгө зэрэг бодисын хэмжээг хэмжин, хөлийн наалттай хонуулж өглөө нь дахин шинжилгээ авахад түвшин яг ижил байв. Харин зөвхөн нэг тохиолдолд хөлийн наалт наасны дараа биед байх сурьмагийн агууламж нэмэгдсэн тохиолдол байсан” гэсэн байна.

Мөн АНУ-ын Үндэсний олон нийтийн радиогоос Берклигийн их сургуультай хамтран туршилт хийж хэрэглэсэн хөлийн наалт дахь бодисын агууламжийг тогтоожээ. Туршилтаар өнгө нь харлаж, чийг даасан хэрэглэсэн хөлийн наалтаас ямар ч хүнд металл, онцгой бодис илрээгүй байна.

4. Биеийн хорт бодис гадагшлуулах явцыг хэрхэн дэмжих вэ?

2021 оны 04 дүгээр сарын 16-нд АНУ-ын Insider сэтгүүлд байршуулсан мэдээллээр хүний биеийн хор гадагшлуулах үйл явцыг дэмжихэд:

  • Ус сайн уух: Хангалттай хэмжээний ус уух нь бөөрний үйл ажиллагааг дэмжиж, хаягдал бодисуудыг шээсээр дамжуулан гаргахад нь дэмжлэг болдог.
  • Сайн унтах: Орой бүр хангалттай хэмжээнд, сайн нойр авах нь тархины үйл ажиллагааг тэтгэж, өдрийн турш хуримтлагдсан хорт бодис гадагшлахад тусалдаг.
  • Зөв хооллох: Бүхэл үр, уураг, жимс, ногоог түлхүү хэрэглэж тэнцвэртэй хооллох нь зөвхөн хоргүйжүүлэх гэлтгүй бүх төрлийн суурь өвчний үед хүний биед хэрэгтэй” гэсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document