Хоолыг зөв хадгалж хонуулахгүй бол хүний биед аюултай

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #525

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хоносон хоол нь ялзрах процесс явагдсан байдаг тул биед сайн шингэдэг гэж нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Ялзрал явагдаж байна гэдэг нь хоолыг буруу хадгалснаас үүдэн хоол муудаж буй хэлбэр тул идэж болохгүй, хоолны хордлого үүсгэх эрсдэлтэй.

2023 оны 04 дүгээр сарын 27-нд Tserenkhuu Ishtseden нэртэй хэрэглэгч “Хоносон монгол хоол идээд хордлоо юу? Хортой гэдэг нь элийрэл, харин ч амттай тул шингэц сайтай, ходоодонд орж ялзрах процессын тал нь хийгдчихсэн гэсэн үг. Харин ч сайн Монголчууд энийг мэдэрсээр ирсийн” гэж постолсон нь 05 сарын 02-ны байдлаар 2.5 мянган реакц, 489 сэтгэгдэл цуглуулж, постыг нийт 384 удаа цааш түгээжээ.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Ходоодонд ялзрах биш задрах процесс явагддаг

АНУ-ын Чихрийн шижин, хоол боловсруулах замын болон бөөрний эмгэг судлалын үндэсний хүрээлэнгийн тайлбарт дурдсанаар:
“Хоол боловсруулах зам нь хоол хүнсийг:
-зажлах, шахах, холих зэрэг хөдөлгөөн
-ходоодны хүчил, цөсний шингэн, энзимүүд зэрэг хоол боловсруулах шүүсний нөлөөгөөр задална. Хоол биед шингэж, биеэс ялгарах хүртэл олон эрхтний оролцоо бий. Ходоодны хана дагуу байрлалтай булчирхайнууд нь хүчил болон энзимүүдийг ялгаруулах бол ходоодны булчин нь орж ирсэн хүнс ба шингэнийг тэдгээр хоол боловсруулах шүүстэй холино. Уг процесс нь хоолыг задалдаг” гэсэн байна.

АНУ-ын Аризона мужийн их сургуулийн тайлбарт ялзрал гэдгийг:
“Нян, мөөгөнцөр, ялаа, шавж зэрэг ялзруулагчдын нөлөөгөөр органик бодис жижиг молекул болж задрах үзэгдлийг ялзрал гэнэ. Ялзарсан органик материал нь ургамал, хөрсөнд тэжээл болон шингэдэг” гэж тайлбарлажээ.

Дээр дурдсанчлан хүнс ходоодны дотоод орчинд хүчил, энзимийн нөлөөгөөр шим тэжээл болж задарч байгаа бол гадаад орчинд нян, мөөгөнцрийн нөлөөгөөр ялзарч байна. Уг хоёр үйл явц нь хоорондоо ялгаатай байх тул ялзралд орсон хүнс хүний биед илүү сайн шингэнэ гэж хэлэх боломжгүй юм.

2. Хүнсийг хонуулахдаа тохирох хэмд хадгалах ёстой

АНУ-ын Хүнсний аюулгүй байдал, хяналтын албаны зөвлөмжид Илүү гарсан хоолыг хэрхэн зөв хадгалах тухай тусгажээ. Уг зөвлөмжид:
“Цельсийн 05-с 60 градусын хооронд хүнсэнд нян хурдацтай үрждэг. Халуун хоолыг болгосон даруйдаа 60-аас дээш хэмд байлгахад нян үржихгүй. Хэрвээ халуун хэвээр нь зуухан дээр удаан байлгах боломжгүй бол 2 цагийн дотор хөргөгчид хийх ёстой. Хоолыг 3-4 хоног хөргөгчид хадгалж болох ба түүнээс илүү удвал мөн л нян хурдацтай үржиж эхэлнэ. Хэрвээ үнэхээр хаяхгүй гэж байгаа бол болсон хоолыг 2 цагийн хугацаанд хөргөөд шууд хөлдөөгчид хийж болно. Энэ тохиолдолд 3 сар хүртэл хадгалах боломжтой. Мөн илүү гарсан хоолыг агаар оруулахгүй битүү саванд хийж хадгалах тусам сайн. Үгүй бол хөргөгчид байгаа бусад бүтээгдэхүүний үнэр хоолонд шингэх, нян солилцох эрсдэлтэй.

Харин өрөөний температурт 2 цагаас дээш хугацаанд ил байсан хоолыг хэрэглэхгүй байх, хэт халуун нөхцөлд 1 цаг хүртэл хугацаанд таглаагүй задгай байсан хүнсийг хэрэглэхээс татгалзсанаар хоолны хордлогоос сэргийлж чадна” гэсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document