Эрүүл мэндийн бараа, төхөөрөмжийн хэрэглэх зааврыг сайтар уншаарай

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #513

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Үе үрэвсэж өвдсөн үед тос түрхээд хэт улаан туяагаар ээгээрэй гэсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Хэдийгээр мэдээлэлд дурдсан бүтээгдэхүүн, тос хоёр хоёул ахуйн нөхцөлд хэрэглэх боломжтой бүтээгдэхүүнүүд байх хэдий ч хослуулан хэрэглэвэл арьс түлэгдэх магадлалтай.

2023 оны 04 дүгээр сарын 28-нд Tserenkhuu Ishtseden нэртэй хэрэглэгч beurer брэндийн хэт улаан туяаны чийдэнгийн зургийг “Айл бүр гэртээ шарлаганы улаан лампатай бол оо. Үесийн өрөвсөл болгон өвдөлт шдээ. Өвдөлт намдаах эм найдваргүй болчлоо. Мупсин тос аптек болгонд байгаа тэрийг нимгэн түрхээд 2-минутын шарлага хийчиж бай” гэх тайлбартай оруулсан нь өнөөдрийн байдлаар 1.2 мянган реакц, 183 сэтгэгдэл авч, 236 удаа цааш түгээжээ.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Тос түрхсэн хэсэгт хэт улаан туяаны чийдэн тусгах бол болгоомжтой байх хэрэгтэй

Бүтээгдэхүүний хайрцаг дээр харагдах Beurer брэндийн вэбсайт руу орж бүтээгдэхүүнүүдээс хайлт хийхэд шалгаж буй мэдээлэлд дурдсан бүтээгдэхүүнийг “IL-21” гэсэн байна. Мөн хэрэглэгчдэд зориулсан гарын авлагыг байршуулжээ. Үүнд:

  • Нярай болон бага насны хүүхэд дээр хэрэглэхийг хориглоно
  • Арьснаас 60-80 сантиметр зайтай тусгах зэрэг заалтуудыг онцолсон байна.

Шинэ Зеланд улсад үйл ажиллагаа явуулдаг, эмчилгээний тоног төхөөрөмж худалдааны TCM Supplies платформын вэбсайтад 2019 оны 08 дугаар сарын 20-нд хэт улаан туяаны бүх төрлийн төхөөрөмжид хамаарах дараах зөвлөмжийг байршуулжээ.
“Хэт улаан туяаны эмчилгээ нь биед хоргүй, гаж нөлөө бага хэдий ч аюулгүй байдлыг хангах үүднээс дараах анхааруулгыг уншина уу.

  • Арьсныхаа тусгах хэсэгт тос, гель, крем түрхэж болохгүй, хэт улаан туяаны нөлөөгөөр тос халж түлэгдэл үүсгэж болзошгүй
  • Нүүр, нүд орчимдоо тусгах бол хамгаалалтын шил зүүх ёстой, 10 минутаас илүү хэтрүүлж болохгүй
  • Бэртсэн газрыг ээх тохиолдолд эхний 24 цаг өнгөрснөөс хойш хэрэглэх, /бэртлийн улмаас үүссэн үрэвслийг нэмэгдүүлэх магадлалтай/
  • Зарим тохиолдолд арьсны хорт хавдартай өвчтөнд тохирдоггүй тул эмчтэй зөвлөх” гэсэн байна.

Харин шалгаж буй мэдээлэлд дурдсан Мупсин тосны талаар Emonos платформд байршуулсан мэдээлэлд “Үрэвслийн эсрэг, бактерийн эслэг, өвдөлт намдаах эд эсийн нөхөн төлжилтийг тэтгэх бэлдмэл. Идэвхтэй хэлбэрийн сүрьеэтэй үед хэрэглэхгүй” гэж тусгажээ.

Шалгаж буй мэдээлэлд “үе үрэвссэн тохиолдолд арьсаа тослоод хэт улаан туяагаар ээгээрэй” гэсэн нь агуулгын хувьд бүрэн бус байна. Хэдийгээр мэдээлэлд дурдсан бүтээгдэхүүн, тос хоёр хоёул ахуйн нөхцөлд хэрэглэх боломжтой бүтээгдэхүүн байх хэдий ч хослуулан хэрэглэвэл арьс түлэгдэх магадлалтай. Мөн бүтээгдэхүүн тус бүр зарим хүмүүст эсрэг заалттайг бүрэн дурдаж өгөөгүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document