Сүү цагаан идээн дээр ургадаг мөөгөнцөр нь их хэмжээгээр идвэл хавдар үүсгэх эрсдэлтэй гэдэг нь үнэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #512

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Сүү цагаан идээн дээр ургадаг мөөгөнцөр ихэнх нь карциноген буюу хавдар үүсгэгч мутаген мөөгөнцөр байдаг гэжээ.

Баримт шалгалтын үр дүн

Микотоксин гэдэг нь дулаан, чийгтэй орчинд хатаасан жимс, самар, үр тариа, кофены үр гэх мэт хүнсний бүтээгдэхүүнд үржих боломжтой мөөгөнцөрөөс үүсдэг бодисын төрөл юм. Энэ мөөгөнцөрийн бодист афлатоксин, патулин, охратоксин, фумонизин, дезоксиниваленол гэх мэт 400 орчим бодис хамаардаг бөгөөд эдгээр нь хортой нөлөө үзүүлж болохыг АНУ-ын Хүнс, эмийн агентлаг микотоксины талаарх мэдээлэлд дурдсан байна.

2023 оны 02 дугаар сарын 07-нд Арслан.мн нэртэй пэйжид “Сүү цагаан идээн дээр ургадаг мөөгөнцөр ихэнх нь карциноген буюу хавдар үүсгэгч мутаген мөөгөнцөр байдаг шүү. Зөөлөн хальстай жимс болон талхан дээр ургаж буй мөөгөнцөр хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд хор хөнөөл учруулагч энтеротоксин болон микотоксин агуулдаг. Алийг нь ч идээд хэрэггүй” гэсэн тайлбартай хөгцөрсөн ааруул, талхны зурагтай пост оруулсан нь 04 дүгээр сарын 26-нийг хүртэл түгээгдсээр нийт 1028 шэйр аваад байна.

Хэдийгээр постод ашигласан зураг нь чухам ямар мөөгөнцөрөөр халдварлан, бохирдсон болохыг тогтоох боломжгүй ч тус мэдээлэлд тайлбарласан мөөгөнцөрийн тухай мэдээлэл нь анхаарахуйц эрүүл мэндийн сэрэмжлүүлэг юм. 

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Тодорхой мөөгөнцөрийн төрлүүд нь зарим хүнсний бүтээгдэхүүнүүдэд, үүнд хөгцтэй баяслаг зэргийг хийхэд ашиглагддаг ба “Пеницилл рокфоровый” (Penicíllium roquefórti) гэх мөөгөнцөр нь энэ төрлийн баяслагны орц болдог байна. Энэ мөөгөнцөр нь хүн идэхэд аюулгүй болохыг АНУ-ын Хүнс, эмийн агентлаг мэдээлсэн байна.

Гэхдээ пенициллийн төрлийн бусад мөөгөнцөрүүд нь хоруу чанартай байх боломжтой ба микотоксин зэрэг эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бодисыг үүсгэдэг байна.

Микотоксин гэдэг нь дулаан, чийгтэй орчинд хатаасан жимс, самар, үр тариа, кофены үр гэх мэт хүнсний бүтээгдэхүүнд үржих боломжтой мөөгөнцөрөөс үүсдэг бодисын төрөл юм. Энэ мөөгөнцөрийн бодист афлатоксин, патулин, охратоксин, фумонизин, дезоксиниваленол гэх мэт 400 орчим бодис хамаардаг бөгөөд эдгээр нь хортой нөлөө үзүүлж болохыг АНУ-ын Хүнс, эмийн агентлаг микотоксины талаарх мэдээлэлд дурдсан байна.

Афлатоксин зэрэг микотоксины төрлийн бодисууд нь элэгний хавдар, бөөр болон дархлалын системийг гэмтээх, төрөлхийн гажиг үүсгэх боломжтой гэж АНУ-ын Хүнс, эмийн агентлаг мэдэгдсэн байна. Энэ төрлийн бодисыг микотоксиноор хордсон хүнс, тэжээл идсэн амьтны гаралтай бүтээгдэхүүн буюу мах, сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэсний улмаас хордох боломжтой болохыг Америкийн Үндэсний Хавдрын институт мэдээлсэн байна.

Өөрөөр хэлбэл энэ төрлийн бодисоор халдварласан бүтээгдэхүүнийг их хэмжээгээр эсвэл удаан хугацааны турш идэх нь хавдрын эрсдэлийг нэмэгдүүлэх боломжтой байна. Камел А. Абд-Элсалам (Kamel A. Abd-Elsalam) болон Махендра Рай (Mahendra Rai) нарын микотоксины талаарх 2020 оны судалгааны өгүүлэлд тайлбарласнаархурц хордлого нь түргэн, илэрхий хариу үйлдэлтэй байдагтай зэрэгцээд урт хугацааны туршид үргэлжилсэн бага хэмжээний хордолт нь хавдар болон бусад төрлийн нөлөөг үзүүлэх онцлогтой юм. Микотоксинуудын хүний эсвэл амьтны эрүүл мэндэд хөнөөлтэй үр дүн учруулж болох хэр хэмжээ нь: 

  • хордолтын хэмжээ болон хугацаа, 
  • микотоксины төрөл, 
  • физиологийн болон хүнс, тэжээлийн статус, 
  • хүмүүсийн биедээ шингээдэг бусад төрлийн химийн бодисуудын боломжит харилцан нөлөөнөөс шалтгаална” гэжээ.

Олон улс орон хүнсний бүтээгдэхүүн дэх микотоксины зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоосон байдаг. Тухайлбал Европын Холбоо 0.05 мгр/кг-аар тогтоосон байна. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага микотоксины хордлогоос сэрэмжлэхийг анхааруулдаг бөгөөд тус байгууллагын зөвлөмжид хүнсийг зохистой орчинд хадгалах, мөөгөнцөртсөн, муудсан хүнсийг хэрэглэхгүй байхыг зөвлөдөг байна.

ДЭМБ-ын микотоксины хордлогоос сэргийлэх талаарх зөвлөмж

  • Бүхэл үрийн бүтээгдэхүүн (ялангуяа эрдэнэшиш, сорго, буудай, будаа), хатаасан инжир, газрын самар, ангаахай самар, бүйлс, хушга, кокос, бразил самар, ойн самар зэрэг нь мөөгөнцөрөөс шалтгаалан тогтмол афлатоксиноор халдварласан байх боломжтой ба мөөгөнцөртсөн, өнгөө алдсан, хатаж хувхайрсан байвал хаях;
  • Үр тариаг хадгалалтын үед түүнчлэн хатаах үед болон өмнө нь гэмтэхээс сэргийлэх хэрэгтэй ба гэмтсэн үр тариа нь мөөгөнцөрт баригдах нь амархан ба цаашлаад афлатоксиноор халдварлах боломжтой;
  • Үр тариа ба самрыг аль болох шинээр нь авах;
  • Хүнсийг зохистой орчинд хадгалах буюу шавжгүй, хуурай болон хэт дулаан биш орчинд хадгалах;
  • Хүнсийг хэрэглэхээс өмнө хэт удаан хадгалахгүй байх;
  • Олон төрлийн хүнс хэрэглэх – энэ нь микотоксинуудаар хордохоос сэргийлэх туслахаас гадна тэжээлийг нэмэгдүүлнэ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document