2023 оны 04 дүгээр сарын 28-нд “Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн 1072 Хувьцаа мэдээллийн төв” нэртэй пэйжид Буяна Буянка нэортэй хэрэглэгчийн хаягаас “за тусламжын мөнгө авсан хүмүүсдээ баяр хүргие. өрх бүрт 3.000.000 сая аваагүй яаралтай мөнгө хэрэгтэй байгаа одоо 5 хүнд өгөөд хаагдлаа. чатаар байна гээд бичээрэй зөвхөн чат бичээрэй. @Жич өрхын гишүүн бүрт өгнө сонгоод хэдхэн хүнд өгнө шүү” гэсэн тайлбартай, Хаан банкны хэрэглэгчийн дансны хуулгын зурагтай пост оруулсан байна.
Зөвхөн чатаар харилцах нөхцөл тулгах нь тухайн мэдээлэл хуурамч байж болзошгүй гэж хардах анхны эргэлзээ төрүүлэх шалтгаан юм.
FACTCHECK: Дараах байдлаар хаяг болон агуулгаар нь нягталж байгаарай.
Хаягийг нягтлах
Буяна Буяка гэх хаяг дээр дарж үзэхэд танилцуулга хэсэгт ямар ч мэдээлэл оруулаагүй байна. Мөн паблик тохиргоотой буюу олон нийтэд нэг ч пост хийгээгүй, харин тухайн хаягаас “зээл” гэсэн түлхүүр үгээр хайхад орон нутгийн болон зарын 41 группэд дээрх агуулгаар зээл олгоно гэсэн пост оруулж, сэтгэгдэл хэсэгт бичсэн хүмүүсийг чатаар харилцах санал тавьжээ.
Аливаа нэг зээл олгодог байгууллагууд хаяг байршил, холбоо барих дугаар, албан ёсны сайт зэргээ танилцуулга хэсэгтээ оруулж, зээлийн бүтээгдэхүүнүүдийнхээ сурталчилгаа, тайлбарыг мэдээлсэн постуудыг нээлттэй байршуулсан байдаг.
Харин энэ хаягийг нягталж үзэхэд зээл олгодог гэх ямар нэг баталгаат мэдээлэл байсангүй. Хуурамч хаягаар хялбар аргаар мөнгөтэй болох тухай мэдээлэл оруулж, иргэдийг залилан, эдийн засгийн хувьд хохирол амсах нөхцөлд хүргэдэг тул энэ мэт зарыг идэвхжүүлэхгүй, репорт хийж заншаарай.
Агуулгыг нягтлах
“Өрх бүрд 3 сая төгрөг” гэх үгээр хайж үзэхэд банк, санхүүгийн байгууллага, Засгийн газраас ийм хөтөлбөр огт хэрэгжүүлээгүй. Харин 2021 оны 12 дугаар сарын 31-нд Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Өрх бүрд нэг сая төгрөг өгөх” санаачилгыг дахин дэвшүүлж байгаа тухай мэдээлэл гарч ирж байна. Энэ санаачилгыг эрх баригчид дэмжээгүй, хэрэгжээгүй юм.
Яаруулах:
“Өнөөдөр 5 хүнд өгөөд л хаагдлаа” гэсэн нь тухайн мэдээллийн үнэн бодит байдлыг нягтлах завдал өгөлгүй, эхний тавд багтахаар яаран ямар нэг үйлдэл хийхэд хүргэх зорилготой. Оруулсан пост бүрд нь 5-250 сэтгэгдэл бичиж, нийтдээ мянга гаруй хүн хандсан байна. Тэдгээрээс чатаар холбогдож, хуурамч зээлийн мэдээлэлд хууртан, дансны нууцлал, хувийн мэдээллээ алдах эрсдэлд орсон байна.
Итгэмээргүй нөхцөл, амар хялбар аргаар мөнгөтэй болох боломж амласан мэдээлэлд яаруулсан, зөвхөн чатаар харилцах нөхцөл тулгасан зэрэг шинж чанартай байвал хуурамч мэдээлэл гэдгийг ойлгож, бусдадаа мөн дамжуулаарай.