Цагаан сараар гадуур гарвал 500 мянган төгрөгөөр торгоно #ҮНЭН

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #51

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Цагаан сараар золголт хийсэн иргэнийг 500мянган төгрөгөөр торгоно гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм зөрчсөн иргэнийг 500,000, аж ахуйн нэгжийг 5 сая төгрөгөөр торгоно гэсэн хуулийн заалтын бий бөгөөд цагаан сараар айлд очиж золголт хийсэн тохиолдолд зөрчлийн хэрэг үүсгэж торгууль ноогдуулна.

2021 оны хоёрдугаар сарын 8-ний өдөр 15:04 цагт tovch.mn сайтад “Сар шинийн өдрүүдэд золголт хийсэн иргэнийг 500,000 мянган төгрөгөөр торгоно” гэсэн гарчигтай мэдээ нийтлэгджээ.

Тархсан байдал:

📌2021 оны хоёрдугаар сарын 9-ны 16:40 цагийн байдлаар тус мэдээг Facebook-т 423 удаа хуваалцаж, 637 сэтгэгдэл үлдээн, нийт 1,078 реакц даржээ. Дээрх мэдээтэй адил агуулга бүхий мэдээнүүд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хурдацтай тархсан байна.

1. Хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм зөрчсөн иргэнийг 500,000, аж ахуйн нэгжийг 5 сая төгрөгөөр торгоно гэсэн хуулийн заалт бий.

📌Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл буюу Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих хэсгийн 2-т “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

📌Зөрчлийн хуулийн дагуу иргэдийг торгохдоо зөрчлийн хэрэг нээж, холбогдох ажиллагааг явуулсны дараа шүүхээр шийдвэрлэх заалттай. Хэв журам сахиулах үйл ажиллагааад оролцож байгаа бусад хүмүүс, тодруулбал сонсогч, бусад албан хаагч нар холбогдох байгууллагад мэдээллээ хүргүүлж, Зөрчлийн хуульд заасан эрх бүхий албан тушаалтнууд хэрэг нээх эрхтэй байдаг.

📌Тиймээс гэрийн чинь гадна эргүүлд гарч байгаа алба хаагчийн өгсөн мэдээллээр танд зөрчлийн хэрэг үүсгэж, торгууль оногдуулах боломжтой гэсэн үг.

2. Онцгой комиссын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатарын “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагыг ОБЕГ-ын албан ёсны вэбсайтад байршуулсан байна. Уг ярилцлагад:

📌“Бүх нийтийн бэлэн байдлын үед иргэдийн хөдөлгөөнийг хорино гэдгийг дахин хэлье. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цаг үеийн мэдээллийг шуурхай өгнө. Иргэд гэрээсээ огт гарахгүй. Нийслэлийг тэр чигт нь цагдаагийн байгууллага хяналтдаа авч, хязгаарлалт тогтооно. Хэрэв иргэд аав, ээж, ах, дүү, хамаатан садныдаа очиж золговол Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авна. Өөрөөр хэлбэл, иргэнийг 500 000, аж ахуйн нэгж, байгууллагыг таван сая хүртэлх төгрөгөөр торгоно гэсэн үг. Хөл хорио тогтоосон үед иргэд аливаад ухамсартай хандах хэрэгтэй. Нийт хүн амын хэмжээнд шинжилгээ авах гэж байна, айл хэсэж, золгоно гэсэн асуудал байхгүй. Үүнийг таслан зогсооно” гэжээ.

📌Зөрчлийн хуулийн заалт болон эрх бүхий албан тушаалтны байр сууриас харахад хөдөлгөөн хязгаарлаж, хорио тогтоосон өдрүүдэд иргэдийг гэрээс гарахыг хориглож, зөрчсөн тохиолдолд торгуулийн арга хэмжээ авна гэдэг нь үнэн гэж үзэх үндэслэлтэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document