Түймэрт өртсөн өрхийн нэрээр цуглуулж байгаа хандивын тухай мэдээлэл үнэн байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #494

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хамаг малаа амьжиргааны эх үүсвэрээ алдсан энэ залуу гэр бүлд туслая гэсэн мэдээлэл гаргажээ.

Баримт шалгалтын үр дүн

Халх гол сумын Засаг дарга болон ИТХ-ын дарга нараас тодруулахад хандивын ажил өрнөж байгаа тухай бидэнд мэдэгдсэн юм.

2023 оны 04 дүгээр сарын 17-нд Сошиал мэдээ нэртэй пэйжид малчин Батынх хамаг малаа алдсан тул хандив цуглуулж байгаа тухай мэдээллийг эзэмшигчийн нэргүй дансны дугаарын хамт оруулсан мэдээллийг манай төвд шалгуулахаар илгээсэн юм.

Уг мэдээлэлд “Б.Батынх. Бор зүрхээрээ амьдарлаа авч явж малаа сайхан өсгөж амьдрал нь тогтож явсан сайхан хөдөлмөрч залуус энэхүү гамшигийн улмаас хамгийн их мал нь шатсан хохирсон өрх. Хэдийгээр гэрээ авч үлдсэн ч 200 гаруй үхэр, төчнөөн тооны хонь ямаа, нэг азарга адуу, төл мал гээд бүгд шатсан. эднийх ганц ч мал үлдээгүй. Гурван настай хүүгийнхээ үсийг хуйхлан байж галаас амьд гарсан байх юм. олон жилийн хөдөлмөр нэгхэн цагийн дотор үгүй боллоо. цаашид яаж амьдрах вэ. Хандивын гараа сунгана уу сайхан сэтгэлт түмэн минь. Хамаг малаа амьжиргааны эх үүсвэрээ алдсан энэ залуу гэр бүлд ямар хүнд байгаа нь ойлгомжтой. Нутгийн сэтгэлийн хандив цуглуулж байгаа юм байна үүнд хэдүүлээ далайд дусал нэмэр нэгдэцгээе. БУСДАД ХИЙСЭН БУЯН ТАНЬ БУМ ТҮМЭЭРЭЭ ҮРЖИН БУДАА ТАРИА МЭТ АРВИЖДАГ ЮМ Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Данс нь: 5414042571” гэсэн байна.

Уг пост 04 дүгээр сарын 18-ны байдлаар 1.4 мянга гаруй реакц, 129 сэтгэгдэл авч, 171 удаа цааш түгээгдсэн байна.

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Мэдээлэлд шинжилгээ хийх

Шалгаж буй мэдээлэлд малчин Б.Бат гэж хүний тухай өгүүлсэн атлаа данс эзэмшигчийн нэр нь Б.Нямбаяр гэж байсан нь хардах шалтгаан болжээ. Мэдээллийн бодит байдлыг хэрхэн тодруулсныг хүргэе.

2023 оны 04 дүгээр сарын 18-нд ОБЕГ-ын хэвлэлийн албанаас “200 гаруй үхэр, мөн тооны хонь, ямаа, азарга адуу зэрэг малаас ганц ч мал үлдээгүй” гэх мэдээллийг тодруулахаар холбогдоход Дорнод аймгийн Онцгой байдлын газарт ийм мэдээлэл байгаа тул тийшээ холбогдохыг зөвлөсөн.

Улмаар Зүүн бүсийн төв- Дорнод аймгийн Онцгой байдлын газартай холбогдож, Халх гол сумаас бусад газарт их хэмжээний хохирол амсаагүй талаар мэдээлэл авсан.

Ингээд Халх гол сумын ЗДТГ-ын дарга Г.Ариунсувд болон ИТХ-ын дарга Э.Бямбажаргал нартай холбогдож, Б.Бат гэх малчин өрх дээрх хэмжээний хохирол амссан эсэх, мөн хандив цуглуулж байгаа дансны эзэн Б.Нямбаяр энэ үйл явдалтай холбоотой эсэхийг тодрууллаа. Хувь хүн, албан байгууллагууд түймэрт өртсөн өрхүүдэд хандив, тусламж үзүүлсээр байгаа бөгөөд Б.Нямбаяр мөн хандив цуглуулж, мал худалдан авч өгсөн талаар бидэнд мэдэгдсэн юм. Мөн зураг дээрх хүн малчин Бат мөн болохыг баталсан.

Б.Нямбаяртай холбогдож дараах тодруулгыг авлаа.

“Анх түймэр унтраахаар ажиллаж байгаа хүмүүст хоол ундаар туслах зорилгоор хандив цуглуулж эхэлсэн. Ингээд 600 орчим мянган төгрөг цугласнаас түймрийн голомтод ажиллаж байгаа хүмүүст хоол, ус, хэрэгтэй зүйлсийг аваачиж өгсөн. Түймэр унтарсан хойно 196 мянган төгрөг үлдсэн байсан. Үүн дээрээ малгүй болж хохирсон өрхөд туслахаар дахин хандив цуглуулсан. Ингээд малчин Мөнх-Эрдэнэ болон Бат нарынд хургатай хонь тус бүр 10-ыг авч өгсөн. Энэ хандивын ажлыг би өөрийн facebook хаягаараа түгээж, зохион байгуулсан” гэлээ.

Хургатай хонь өгсөн талаарх малчин н.Батын эхнэр болон н.Мөнх-Эрдэнийн сэтгэгдлийг тэрээр бичлэг хийж, байршуулжээ. Мөн хандив өгсөн хүмүүсийн нэр, мөнгөний хэмжээг нээлттэй мэдээлсэн байна.

Мэдээлэлд сонор сэрэмжтэй байж, эргэлзэж буй мэдээллээ бидэнд илгээсэн хэрсүү хэрэглэгчдээ баярлалаа. Энэхүү нөхцөл байдлыг тодруулж, хандивын дансны эзэн уг үйл явдалтай холбоотой бөгөөд хандиваар цугласан мөнгөөр мал авч өгсөн зэрэг нь 04 дүгээр сарын 18-ны байдлаарх мэдээлэл юм.

Өрнөж буй үйл явцыг баримтаар шалгах боломжгүй гэж үздэг ч олон хүнийг хуурч, хохироож болзошгүй эрсдэл агуулагдаж байх магадлалтай гэх хардлагын дагуу энэхүү мэдээллийг судалж, данс болон хандив зохих хүмүүстээ хүрсэн талаарх баримтыг хүргэлээ.

Та бүхэн олон нийтийн анхаарлын төвд орсон байгалийн гамшиг, осол зэргээс үүдэлтэй хохирогчдод хандив цуглуулж байгаа гэх мэдээлэлд хянамгай хандаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document