2023 оны 03 дугаар сарын 29-нд Bat-Ochir Ganbold гэсэн хаягтай фэйсбүүк хэрэглэгч “Алсад суугаа ээж П.Лхагвасүрэнгийн үг, А.Төгсжаргалын хөгжим” гэсэн тайлбартай, “Алсад суугаа ээж” дууг гадаадын симфони найрал хөгжмийн концертод тоглож буй мэтээр эвлүүлсэн бичлэгийн хамт постолсон байна.
Бид бичлэгийн эх сурвалжийг хайж үзэхэд фэйсбүүкт дээр дурдсан хаягаар 03 дугаар сарын 29-ний 23:17 цагминут орчимд постолж өндөр хандалт авсан бол твиттерт мөн өдрийн 13:05 цаг орчимд ижил жиргээг постолсон нь хамгийн анхны эх сурвалж байх магадлалтай байна. Твиттерт анх оруулсан хаяг нь Өвөр Монголд байрлалтай Танансувд (@Dimple_na_) гэсэн хаяг байсан ба хандалт авах зорилгоор эвлүүлсэн бичлэгийг түгээсэн байхаар байна.
“Алсад суугаа ээж” дууг тоглосон гэх концертын бичлэг нь эвлүүлсэн бичлэг бөгөөд гадны буюу бичлэгт ашигласан концертуудад энэ дууг тоглоогүй байна. Тодруулбал бичлэгт ашигласан хэсгүүд нь Германы WDR (Westdeutscher Rundfunk Köln) радио, телевизийн сувгуудаар цацагддаг хөгжмийн тоглолтийн хэсгүүд болохыг бид бичлэгийн хэсгүүдийг зургаар хайх аргаар олж тогтоосон. Жишээ нь, бидний шалгасан бичлэгийн 0:12 дахь секундэд гарч буй удирдаачийн хэсэг нь 2022 оны 01 дүгээр сарын 27-нд Мексик удирдаач Алондра де ла Паррагийн (Alondra de la Parra) удирдсан Сергей Прокофьевын Симфони №1 хөгжмийг тоглосон концертын хэсэг болохыг энд даран харж болно. Мөн эвлүүлсэн бичлэгийн 0:29 секундэд гарч буй нүдний шилтэй бишгүүрчин болон түүний дараа 0:32 секундэд гарч буй лимбэчин нь өөр тоглолт буюу Альберто Хинастерагийн хөгжмийг тоглож буйг энд бас энд дарж үзнэ үү.
Мөн бид бичлэгт гарсан Алондра де ла Парра концерт болсон ‘Kölner’ филармонид Монголын ямар нэг дууг тоглосон талаар ‘WDR’-ийн вэб сайтаас хайж үзэхэд илэрц гарч ирээгүй.