Гар аргаар угсарсан электрон тамхи дэлбэрсэн байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #470

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Америкт нэгэн эрийн электрон тамхи дэлбэрчээ гэж нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хэдийгээр электрон тамхи дэлбэрсэн нь үнэн ч хохирогч өөрөө угсарсан төхөөрөмж байсныг мэдэгдсэн байна.

2023 оны 03 дугаар сарын 15-нд Сэлэмээ Хүрэлсүх нэртэй хэрэглэгчийн оруулсан “Электрон тамхи аманд нь дэлбэрчээ” гэх гарчигтай, нүүр, хүзүүний гэмтэл авсан эрийн зургийг хавсаргасан пост нь 2023 оны 03 дугаар сарын 24-ны байдлаар 47 реакц, 9 сэтгэгдэл авч, 494 удаа цааш хуваалцсан байна.

Постод:
“Электрон тамхи аманд нь дэлбэрчээ.
Америкын Эндрю Холл гэгч залуугийн аманд нь электрон тамхи дэлбэрснээ өөрийн сошиал хуудаст зургуудаа оруулж бусдадаа сэрэмжлүүлэг болсон байна. Энэхүү үйл явдал нь түүнийг ажилдаа явж байхад болсон бөгөөд электрон тамхи дэлбэрснээс болж нүүр, хүзүү нь түлэгджээ” гэсэн байна.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

Эх сурвалжаас мэдээг дамжуулахдаа зарим агуулгыг орхигдуулжээ

Шалгаж буй мэдээлэлд дурдсан хүний нэрээр хайж, ашигласан зургийг Google Reverse image search хэрэглүүрээр хайж тулгахад мэдээний агуулга таарч байна. Уг мэдээг Их Британийн The Register технологийн салбарын мэдээний вэбсайтад 2017 оны 01 дүгээр сарын 18-нд мэдээлэхдээ:
“АНУ Айдахо мужийн Покателло хотод Toya Брэндийн машин борлуулдаг Эндрю Холл гэх эр ажилдаа явахаар зэхэж байх үедээ татаж байсан электрон тамхи нь дэлбэрсэн гэж мэдэгдлээ. Дуураймал янжуурынх нь дэлбэрэлт маш хүчтэй байсан бөгөөд үсэрсэн хэсгүүд угаалтуурыг хагалж, хана нь хөөтсөн аж. Тэрээр өөрийн Facebook хуудастаа “Би электрон тамхи хэрэглэдэг, мэдээж үүнийг хортой бас тааламжгүй гэдгийг нь мэднэ. Гэхдээ үүнээс хойш дахиж хэрэглэхгүй, тамхинаас гарах гэж электрон тамхи хэрэглэж буй бусад хүмүүс ч гэсэн анхаарна биз” гэсэн байна.

“Электрон тамхи хэрэглээд нэг жил болж байгаа бөгөөд электрон тамхиндаа ямар ч гаж зүйл хийгээгүй. Уг нь зай хураагуурыг зөв угсарсан байсан бөгөөд хэрэглэх үедээ ч гэсэн дэлгүүрээс өгсөн зөвлөмжийн дагуу л арчилдаг байсан. Гэхдээ л энэ миний нүүрэн дээр дэлбэрчихлээ. Би долоон шүдээ алдаж, нүүр болон хүзүүндээ хоёр дугаар зэргийн түлэгдэл авсан. Ам, уруул, хоолойноосоо хуванцрын бутархай, шүдний хэлтэрхий, гаднын биет сугалж гаргах тухгүй байлаа” гэж нийтэлжээ.

Устгасан постыг нь сэргээн үзэхэд, тэрээр электрон тамхиа өөрөө угсарсан тухай бичсэн байжээ

Бидний олж мэдсэнээр Холл дэлгүүрт хаа саагүй худалдаалдаг төхөөрөмж биш өөртөө зориулж гар аргаар угсарсан электрон тамхи ашигладаг байж. Өндөр хүчин чадалтай утасны зай хураагуураас арай бага буюу LG HG2 маркийн 3000 mA /миллампер/ цагийн гүйдэлтэй зай хураагуурыг ашигласан байна. Тэр төхөөрөмжийн зайг цэнэглэгчээс нь салгаад, тамхиа асааж амандаа зуусан ба энэ үед төхөөрөмж дэлбэрч эмнэлэгт хүргэгдэхээс аргагүй гэмтэл учруулжээ” гэсэн байна.

Үүнээс хойш Эндрю Холлтой холбоотой мэдээлэл цахим орчинд байхгүй байсан бөгөөд түүний зураг болон нэрээр Facebook платформд хайхад илэрц байсангүй. Гэсэн ч түүний ослын талаарх мэдээнүүдэд Facebook хаягийнх нь холбоосыг хавсаргасан байв. Ажиллагаагүй болсон вэб холбоосыг вэб хуудас архивлах хэрэглүүр ашиглан сэргээсэн ба түүний 2017 оны 01 дүгээр сарын 15-ны постыг сэргээсэн юм.

Тэрээр анхны постдоо засвар хийсэн ба үүнд “Электрон тамхины худалдааг илүү чангатгахаас өмнө дэлгүүрийн ажилтнуудаар электрон тамхиа угсруулж авдаг байсан. Харин электрон тамхи худалдаалах хуульд өөрчлөлт орсны дараагаар электрон тамхиа өөрөө угсарсан юм. Осол гарах хүртэл өөрийн угсарсан төхөөрөмжид минь хэт халах гэх мэтийн асуудал тулгардаггүй байсан ч энэ золгүй явдал тохиочихлоо. Электрон тамхи зарим хүмүүсийг янжуураас гарахад тусалдаг ач холбогдолтойг мэдэх хэдий ч гэнэт дэлбэрэх аюул бий шүү гэдгийг л анхааруулах гэсэн юм” гэж нэмсэн байна.

Электрон тамхины зай хураагуурыг аюулгүй байлгах зөвлөмжүүд

Их Британийн электрон тамхины талаар мэдээлэл нийтэлдэг Ecigarettedirect.co.uk вэбсайтад электрон тамхины зай хураагуурын тухай, мөн түүнийг хэрхэн аюулгүй ашиглах талаар зөвлөсөн байна. Мэдээлэлд дурдсанаар “Зай хураагуурын багтаамжийг миллампер цаг (mA/h) гэх нэгжээр тодорхойлох ба тус нэгжийн хэмжээ их байх тусам ашиглалтаас хамааран илүү удаан ажиллах боломжтой. Электрон тамхинууд хүчин чадлаасаа хамаараад 800 миллампер цаг, 2600 миллампер цаг, 3000 миллампер цаг зэрэг янз бүрийн зай хураагууртай байдаг. Ямар ч багтаамжтай байсан аюулгүй ажиллагааны дүрмийг сайн баримталбал аюулыг бууруулна” гээд дараах зөвлөмжүүдийг тусгажээ.
“1. Зөвхөн өөрийнх нь анх дагалдан ирсэн цэнэглэгчийг хэрэглэх ёстой. Хэдийгээр утасны цэнэглэгч эсвэл өөр ямар нэгэн цэнэглэгч ашиглахад болох юм шиг хэдий ч үнэндээ бүгд өөр хүчдэлтэй тул тохирох цэнэглэгчийг ашиглах ёстой.
2. Зай хураагуур дэлбэрэх тохиолдол нь электрон тамхи эсвэл зай хураагуурын аль нэгийг чанаргүй, баталгаагүй борлуулагчаас авснаас үүддэг тул зориулалтын дэлгүүрээс худалдан аваарай.
3. Бүхэл шөнөжин эсвэл өөрөө гэртээ байхгүй үедээ цэнэглэж үлдээж болохгүй.
4. Салдаг зай хураагууртай электрон төхөөрөмжүүдэд хэт цэнэглэхээс хамгаалах лац хийж болдог тул борлуулагчаасаа сайтар лавлаарай
5. Салдаг зай хураагуураа авч явахдаа хуванцар, металл зэрэг материалуудтай шүргэлцэхээс болгоомжлох ёстой. Халаасандаа хийх бол ямар нэг түлхүүр, зоосон мөнгө зэрэгтэй цуг байлгаж болохгүй.
6. Зай хураагуур чинь доголдсон бол түүнийг даруй хаяж, шинэ зай хураагуур худалдаж аваарай” гэсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

4 Responses

  1. You’re so awesome! I don’t believe I have read a single thing like that before. So great to find someone with some original thoughts on this topic. Really.. thank you for starting this up. This website is something that is needed on the internet, someone with a little originality!

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document