“Хүүхдэдээ байраа өгөөд ордероос нэрээ хасуулахад 2%-ийн татвар төлдөг болсон байна” гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #467

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Нэг хүүхдэдээ байраа өгөх болоод ордер дээрээс нэрээ хасуулахад бас 2% татвар төлдөг болсон юм гэнээ гэх мэдээлэл түгээсэн.

Баримт шалгалтын үр дүн

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ бусдад шилжүүлэхдээ татварын албанд заавал мэдэгдэх юм байна. Харин хүүхдэдээ байраа шилжүүлж, бэлэглэлийн гэрээ хийсэн бол татвар төлөхгүй байх зохицуулалт мөрдөгдөж байгааг Татварын ерөнхий газрын өгсөн мэдээлэлд дурджээ.

2023 оны 02 дугаар сарын 6-нд НОЦТОЙ ШУУРХАЙ МЭДЭЭ🇲🇳 нэртэй 296.8 мянган дагагчтай нээлттэй группэд Anujin Galbadrah нэртэй хэрэглэгчийн хаягаас “Байрны ордер дээр хүүхдүүдийн нэрээ оруулдаг даа. Тэгээд нэг хүүхдэдээ байраа өгөх болоод ордер дээрээс нэрээ хасуулахад бас 2% татвар төлдөг болсон юм гэнээ. Өөрийн хөрөнгөө ч гэр дотроо зохицуулж болохоо байж…” гэсэн тайлбартай, 2014 онд олгосон Алтай хотхон дахь 61.2 мКв талбай бүхий орон сууц эзэмшигчийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний зурагтай пост оруулсан нь 02 дугаар сарын 9-ний байдлаар 950 реакц, 413 сэтгэгдэл авч, 324 удаа цааш түгээсэн байна. 

FACTCHECK: Бид өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН-тэй хамтран дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Баримт шалгалтын тайлангийн товчхон: 

  • Өв залгамжлал, бэлэглэлийн албан татвар гэж Татварын ерөнхий хуульд зааснаар албан татвар ногдуулах татварын нэг төрөл. Гэхдээ ямар тохиолдолд хэдэн хувиар ногдуулахыг нарийвчлан заагаагүй байна. 
  • Бэлэглэлийн гэрээгээр буюу хариу төлбөргүй шилжүүлж байгаа тохиолдолд татвар төлөхгүй.
  • Харин хувь хүн албан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор өөр хэлцлийг халхавчлан бэлэглэлийн гэрээ хийсэн тохиолдолд хуулийн хариуцлага тооцно.
  • Үл хөдлөх хөрөнгө худалдах, бэлэглэх зэргээр өмчлөх эрхээ бусдад шилжүүлэхдээ татварын албанд мэдэгдэнэ.

Шалгаж буй мэдээлэлд ямар төрлийн гэрээ хэлцэл хийсэн талаар тодорхой дурдаагүй тул үл хөдлөх хөрөнгө борлуулах, шилжүүлэхтэй холбоотой бүхий л зохицуулалтыг орууллаа. 

Татварын төрөлд өв залгамжлал, бэлэглэлийн албан татвар багтдаг

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого”-д /10.1.1/ үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого хамаарахаар заасан. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх заалтад тус тус зааснаар үл хөдлөх эд хөрөнгө борлуулж олсон орлогын дүнд 2 хувиар албан татвар ногдуулахаар заасан. 

Дээрхээс үзвэл үл хөдлөх хөрөнгө шилжүүлж буй этгээд орлого олсон бол тус орлогын дүнгээс татвар ногдуулахаар хуульчилжээ. 

Харин Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Монгол Улсын татвар нь доор дурдсан төрөлтэй байна” гээд 7.2.22-т “өв залгамжлал, бэлэглэлийн албан татвар” гэж заасан. 

  • Гэхдээ Татварын ерөнхий хууль болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд бэлэглэлийн татварын хувь хэмжээ, албан татвар ногдуулах талаар тухайлсан зохицуулалт байхгүй байна. 

Ямар тохиолдолд үл хөдлөх хөрөнгөө шилжүүлэхэд татвар төлөх вэ?

Татварын ерөнхий хуулийн зохицуулалтын практик нөхцөл байдлыг тодруулахад үнэ төлбөргүй  буюу бэлэглэлийн гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж байгаа тохиолдолд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 10.1.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогыг тооцон төлүүлж буй тохиолдол ялгаатай байна. 

  • Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн мэдээлэл лавлагааны утас 70131288 дугаараас тодруулахад “Бэлэглэлийн гэрээний үндсэн үл хөдлөх хөрөнгө шилжүүлж буй тохиолдолд энэ нь “борлуулсан” явдал биш боловч “шилжүүлсэн” гэх утгаараа  2 хувийн албан татвар төлнө. Худалдан борлуулж орлого олоогүй ч үл хөдлөх хөрөнгийн эзэмшилд өөрчлөлт оруулсан л бол тухайн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ үнэлсэн үнэлгээний 2 хувиар тооцож энэхүү татварыг төлөх үүрэгтэй” гэх мэдээлэл өгсөн. 
  • Харин Багахангай дүүргийн татварын байцаагч “Бэлэглэлийн гэрээ”-ний үндсэн дээр үл хөдлөх хөрөнгөө бусдад шилжүүлсэн тохиолдолд албан татвар төлөхгүй, харин “Худалдах худалдан авах гэрээ”-ний үндсэн дээр шилжүүлсэн тохиолдолд үнийн дүнгийн 2 хувиар татвар төлнө” гэх мэдээлэл өгсөн. 
  • Налайх дүүргийн татварын хэлтсийн 7023 2383 дугаарын утсаар тодруулахад “бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлбэл, татвар төлөхгүй, худалдах тохиолдолд гэрээнд тусгасан үнийн дүнгийн 2 хувиар хувь хүний орлогын албан татвар төлнө” гэх хариуг өгсөн юм.

Иймд 03 дугаар сарын 1-нд Татварын ерөнхий газраас нэгдсэн ойлголт өгөх мэдээлэл хүсэхэд 03 дугаар сарын 20-нд тус газрын Татвар төлөгчдөд үйлчлэх газраас имэйлээр дараах хариуг бидэнд өглөө. 

Хувь хүн албан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор өөр хэлцлийг халхавчлан хэлцэл хийсэн тохиолдолд хариуцлага тооцно

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д  Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна, 

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна, 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д хөрөнгө борлуулсны орлогод хамаарч албан татвар ногдох бөгөөд мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1.-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө борлуулж олсон орлогын нийт дүнгээр татвар ногдуулах орлогыг тодорхойлж, 25.1.3-д зааснаар суутган төлөгч нь 2 хувиар албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлнэ.  

  • Үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, борлуулахад гэрээнд бичигдсэн үнийн дүнгээс нь тооцох бөгөөд гэрээнд үнийн дүн бичигдээгүй бол төлөх албан татварын дүн тооцоологдохгүй
  • Харин хувь хүн албан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор өөр хэлцлийг халхавчлан хэлцэл хийсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу үүргийн биелэлтийг тодорхойлно” гэсэн байна. 

Энэхүү хариултын дагуу Фиделитас партнерс ХХН-ээс нэмэлт тодруулга авсныг дараах байдлаар тоймлов.

1. Суутган төлөгч гэж хэн бэ? 

Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.19, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт тус тус зааснаар Татвар ногдох орлого олсон этгээд буюу худалдагч тал 2 хувийн албан татвараа суутган төлнө. 

2. “Гэрээнд үнийн дүн бичигдээгүй бол төлөх албан татварын дүн тооцоологдохгүй” гэдгийг юу гэж ойлгох вэ? 

Үл хөдлөх хөрөнгөө бусдад хариу төлбөртэй шилжүүлсэн тохиолдолд энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан “Худалдах-худалдан авах гэрээ” болох ба гэрээнд заавал үнийн дүн бичигдсэн байна. Өөрөөр хэлбэл, Худалдах, худалдан авах гэрээнд худалдах үнийн дүнг заавал бичсэн байх шаардлагатай. 

Харин үнийн дүнг бичээгүй тохиолдолд бусдад хариу төлбөргүй шилжүүлж байгаа буюу Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт Бэлэглэлийн гэрээний агуулгад хамаарна. 

  • Иймд хэрэв Бэлэглэлийн гэрээ байгуулсан бөгөөд үнийн дүн бичигдээгүй бол татвар тооцоологдохгүй буюу худалан борлуулсны 2% татвар байхгүй байх нөхцөл болно гэж үзэхээр байна. 

3. “Хувь хүн албан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор өөр хэлцлийг халхавчлан хэлцэл хийсэн тохиолдолд” гэдгийг хэн тогтоох вэ? 

Их хэмжээний татвар ногдох Үл хөдлөх хөрөнгөө бусдад худалдахдаа татвараас зайлсхийх зорилгоор Бэлэглэлийн гэрээ байгуулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэгт хамаарна. Тухайн тохиолдолд гэмт хэрэг мөн эсэхийг Эрүүгийн хэргийн шүүх тогтооно. 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.12 дахь хэсэгт заасны дагуу Татварын улсын байцаагч тэдгээр зөрчлийг тодорхойлж, хариуцлага оногдуулна. 

4. “Холбогдох хууль тогтоомжийн дагуу үүргийн биелэлтийг тодорхойлно” гэдэг нь юу гэсэн үг вэ? Үүргийн биелэлтийг тодорхойлоод л өнгөрдөг үү? 

Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар татвараа хуульд заасан хугацаанд төлөөгүй бол хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийн хариуцлага хүлээнэ. 

Мөн зүйлийн 3.1, 3.3-д тус тус зааснаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, бэлэглэх зэргээр өмчлөх эрхээ бусдад шилжүүлэхдээ татварын албанд мэдэгдэнэ. Энэ үүргээ эс биелүүлбэл, иргэн 100,000 төгрөг, хуулийн этгээд 1,000,000 төгрөгийн хариуцлага хүлээнэ. 

  • Эцэст нь, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ бусдад шилжүүлэхдээ татварын албанд заавал мэдэгдэх юм байна. Мэдэгдээгүй тохиолдолд Зөрчлийн хуулийн дагуу иргэн 100,000 төгрөг, хуулийн этгээд 1,000,000 төгрөгөөр торгуулж, хэрэв худалдан борлуулсан орлогоо нуух зорилгоор бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн бол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ.

Харин “хүүхдэдээ байраа шилжүүлж”, бэлэглэлийн гэрээ хийсэн бол татвар төлөхгүй байх зохицуулалт мөрдөгдөж байгааг Татварын ерөнхий газрын өгсөн мэдээлэлд дурджээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document