“Амьдралын гурвалжин” хэмээх батлагдаагүй онолыг олон улсын мэргэжлийн байгууллагууд санал болгодоггүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #463

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Амьдралын гурвалжин” хэмээх онолын дагуу “даацтай том тавилга, эд хогшлын хажууд гурвалжин үүсгэн эвхэрч суух нь амьд үлдэх магадлалыг нэмэгдүүлдэг” гэсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Энэ зөвлөмж нь батлагдаж, хүлээн зөвшөөрөгдөөгүй бөгөөд Америкийн Улаан Загалмайн нийгэмлэг, Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэг зэрэг олон улсын авран хамгаалах байгууллагууд дээрх зөвлөмжийг санал болгодоггүй байна. Учир нь улс бүрийн газар нутгийн нөхцөл байдлаас хамаарч, барилгын норм, стандарт өөр өөр бөгөөд барилга гурвалжин хэлбэр гаргаж нурах нь тохиолдлын зүйл гэжээ.

2023 оны 02 дугаар сарын 10-нд Ховд.мн гэсэн хаягтай фэйсбүүк хуудас газар хөдлөлтийн үед амьд үлдэх магадлал нэмэгдүүлэх зөвлөмжийг санал болгосон мэдээлэл постолсон. Уг постод харуулсанаар “Амьдралын гурвалжин” хэмээх онолын дагуу “даацтай том тавилга, эд хогшлын хажууд гурвалжин үүсгэн эвхэрч суух нь амьд үлдэх магадлалыг нэмэгдүүлдэг” хэмээн тус зөвлөмжийн дагуу ямар байрлалд өөрийгөө хамгаалж болохыг харуулсан зургуудыг түгээсэн байна. Уг мэдээлэл Facebook пэйж, хаягуудаар хандалт өндөр түгэж, батлагдаагүй ойлголтыг “амьд үлдэх онол” мэтээр хүлээн авсан нь олонх байх магадлалтай гэж үзээд, хэдийгээр өнгөрсөн ч гэсэн баримт шалгалт хийх нь зүйтэй гэж үзлээ. 

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ. 

Олон улсын авран хамгаалах байгууллагууд энэ аргыг зөвлөдөггүй

“Амьдралын гурвалжин” хэмээх зөвлөмжийг аврах ажиллагааны эксперт гэх Доуг Копп анх санаачилсан ба түүний онолын дагуу хүнд тавилгын дэргэд байрлах нь хана, тааз нуран тавилганд тулан амьд үлдэх орон зайг үүсгэдэг гэж мэтгэдэг байна. Хэдийгээр тус онол нь итгэл төрүүлэхүйц мэт санагдаж болохуйц ч энэ зөвлөмж нь батлагдаж, хүлээн зөвшөөрөгдөөгүй бөгөөд Америкийн Улаан Загалмайн нийгэмлэг, Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэг зэрэг олон улсын авран хамгаалах байгууллагууд дээрх зөвлөмжийг санал болгодоггүй байна. 

Хуурамч мэдээллийн нэг хэлбэр болох олон нийтэд ил биш буюу имэйлээр анх түгсэн ба баримт шалгах төвүүд нягтлаад, няцааж байжээ

Дээрх онол нь Доуг Коппын “амьдралын гурвалжин” гэх нэрээр 2004 онд имэйлээр анх тархаж байсан ба ижил агуулгатай мэдээллийг Snopes, Rappler, Teyit зэрэг баримт шалгах байгууллагууд няцаан батлагдаагүй болохыг нь онцолсон. 

Rappler-ийн мэдээлснээр улс орнуудын барилгын норм ба дүрэм өөр байдаг учир “амьдралын гурвалжин” нь улс орнуудад нэгэн жигд хамаарахгүй ба Доуг Копп газар хөдлөлтийн дараах гамшгийн үеэрх бодит туршлагагүй болохыг сануулсан байна.

Түүнчлэн, Туркийн баримт шалгах байгууллага Teyit газар хөдлөлтийн үед байшингийн нуранги гурвалжин хэлбэр үүсгэж нурах нь тохиолдлын шинжтэй байж болохыг мэдэгдсэн байна.

Монгол Улсад Коппын аргыг зөвлөмж болгодоггүй

Мөн Монгол Улсад газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах ажлыг хариуцдаг Онцгой Байдлын Ерөнхий Газар Коппын аргыг зөвлөмж болгодоггүй ба газар хөдлөлтийн үед дотор цонхноос хол зайтай даацын хана, баганын дэргэд суух, хүнд ширээний доор орох зэрэг зөвлөмжийг санал болгодог байна. 

Бид 03 дугаар сарын 16-ны өдөр ОБЕГ-тай  утсаар холбогдсон бөгөөд албан ёсны вэб сайт (nema.gov.mn) дээрх зөвлөмжийг газар хөдлөлтийн үед дагахыг санал болгодог гэлээ. ОБЕГ-ын 2020 онд гаргасан мэдээллийн дагуу байшин дотор байгаа үед дараах байдлаар аюулгүй байдлаа хангахын зөвлөдөг байна.

  • Тайван бай, үймж сандрах хэрэггүй
  • Аюулгүй газар хорогдох /нуугдах/ дотор хана, булан, даацын багана гэх мэт.
  • Газар хөдлөлт эхлэх үед Та хаана байна, тэндээ л газар сууж, өөрийгөө халхлах, хүлээх
  • Бат бөх ширээн доогуур орох
  • Цонхноос хол байх
  • Цаг, таазны гэрэл зэрэг дээрээс унах зүйлсийн доор зогсохгүй байх
  • Хаалга онгойлгоод доор нь зогсвол дээрээс унасан зүйл цохих аюул харьцангуй бага

Мөн газар хөдлөлтийн үед гудамжинд, үйлчилгээний газарт, машинтай явж байх үед яах хэрэгтэй талаар мэдээллийг ОБЕГ тодорхой зааварчилсан байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document