Coca Cola сугалаа явуулж машин бэлэглэнэ гэх хуурамч мэдээллээс болгоомжилно уу

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #462

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Кока Кола брэнд нэг азтан тодруулж, автомашин бэлэглэнэ гэж нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Мэдээллийг түгээсэн эх сурвалж хуурамч бөгөөд Кока Кола брэндийн албан ёсны сувгуудаар ямар нэг урамшуулал зарлаагүй байна.

2023 оны 03 дугаар сарын 14-нд Coca Cola Fan’s’ нэртэй пэйжид “Сайн байна уу @COCA COLA дараагийн 24 цагийн дотор 10 шагналыг бэлэглэж байна! Энэ нийтлэлд “48”-аас өөр тоог таахад л хангалттай. Ялагчийг санамсаргүй байдлаар тодруулах болно. Амжилт хүсье! Миний албан ёсны сайт дээр дарна уу” гээд bit.ly гэсэн домайн холбоосыг дурджээ. 2023 оны 03 дугаар сарын 16-ны байдлаар уг пост 86 реакц, 224 сэтгэгдэл авч, 271 удаа цааш түгээсэн байна.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Хаяг, агуулгыг нягтлах

Аливаа мэдээллийг нягтлахдаа эх сурвалжаас эхлэх нь зүйтэй. Уг мэдээллийг нийтэлсэн эх сурвалж нь Coca Cola Fan’s’ гэсэн байна. Мөн пэйжийн танилцуулга хэсэгт ангиллыг “Fan page” буюу дэмжигчдийн хуудас гэж үүсгэжээ. Харин пэйжийн нээлттэй мэдээлэл хэсэгт 03 дугаар сарын 14 нээсэн гэсэн байна.

Олон улсад үйл ажиллагаа явуулдаг үндэстэн дамнасан корпорац хэрэглэгчдэд зориулсан урамшууллаа дөнгөж шинээр үүсгэсэн, 130 дагагчтай дэмжигчдийн сувгаар түгээхгүй нь ойлгомжтой. Нийт 291 мянган дагагчтай Coca Cola Mongolia пэйжид урамшуулал, бэлэгтэй холбоотой ямар нэг мэдээлэл байхгүй байна.

Постод дурдсан холбоос нь брэндийн нэрийг агуулаагүй буюу албан ёсны бус домайн байна. Ороод үзэхэд blogspot.com буюу дурын хэн нэгэн үүсгэх боломжтой блог серверийг ашиглажээ. Сайтыг шинжилбэл:
-Хийц, харагдах байдлын хувьд болхи
-Үг үсэг, найруулгын алдаатай
-Тухайн домайнд сугалаанд оролцох хүмүүсийг дараарай гэсэн товч байх ч тухайн товч нь “Регистрация” буюу орос хэлээр “Бүртгүүлэх” гэдэг үгийг бичжээ. Эдгээр шинжүүд нь тус сайтад итгэж болохгүйг илтгэж байна.

Постод ашигласан зургийг Google Reverse image search хэрэглүүрээр хайвал өөр хэл дээр, ижил гарчигтайгаар гадаадын Facebook бүлгэмүүдэд түгээсэн илэрц гарч ирлээ.

Энэ нь улс орон, байршил зэргийг үл хамааран хэт давтан түгээдэг автоматжуулсан хуурамч мэдээллийн шинж тэмдэг юм. Иймд та бүртгүүлэх цонхон дээр дарж болохгүй бөгөөд хэрэв та аль хэдийнээ дарчихсан бол ямар нэг асуултад хариулж, хувийн мэдээллээ бөглөж болохгүйг анхаарна уу.

Эцэст нь, хэрэглэгч та ижил төрлийн хонжвор, сугалаа зэргийг зарласан мэдээлэлтэй таарвал манай баримт шалгалттай ижил байдлаар анхан шатны баримт шалгалт хийх боломжтой. Хэрэв сэжигтэй тохиолдолд манай цахим сувгуудаар тухайн хуурамч мэдээллийг илгээгээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document